Pages

Tuesday, February 28, 2012

"Интоор цэцэглэх үеэрх" "Яруу найраг"





Жич: надад гэнэт нэгэн мэргэн санаа төрлөө, санаа гэхээсээ илүүтэй сониуч төсөөлөл буусан гэх үү дээ. Хэн нэг нь миний блогийн энэ бичлэгийг уншаад доорх хоёр киног нэг өдөр дараалуулаад үзвэл яах бол гэж төсөөлсөн хэрэг л дээ. Магад тэр хүн ийм хоёр "..." киног нэг өдөрт олж үзсэн хамгийн азтай хүн эсвэл өдөржин сэтгэл нь үймэрч, өвдсөн азгүй нэгэн болно байх. Тэгээд хэрэв би ингэж үзсэн бол яах байсан бол гэж бодлоо, хэлж мэдэхгүй нь ээ. 
"Яруу найраг" хэмээх киног би хэдэн сарын өмнө үзсэн, тэгээд фб-дээ ийнхүү бичсэнээ блогтоо хуулаад тавьсан хэрэг. Одоо бол миний "амины" кинонуудын нэг. Нэр нь хүртэл надад онцгой дотно санагддаг. 
"Интоор цэцэглэх үеэр" хэмээх энэ киног харин би хэдхэн хоногийн өмнө үзсэн. Японы соёл, уламжлалд бишрэнгүй ханддаг хүний хувьд надад бүр ч их таалагдсан нь, сэтгэлд ойр байсан нь ойлгомжтой. Мөн Butoh хэмээх япон бүжиг маш их сонирхол татсан, япон орондоо бүр л дуртай болсон. 

Энэ хоёр кинонд нэг адил төстэй тал бий. "Яруу найраг" киноны гол дүр нь ахимаг насны эмэгтэй, алцхаймер өвчний эхний шатанд байгаагаа мэддэг, "Интоор цэцэглэх үеэр" киноны гол дүр нь ахимаг насны эрэгтэй, хорд хавдартай болдог боловч тэрийгээ мэддэггүй. Насны эрхээр хөгширч, хүнд өвчин тусч, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг түүнтэй нь зэрэгцээд амьдралд нь эргэлт гархуйц хүнд зовлон, хагацал тохиолдож буй хөгшчүүл, түүндээ хариу үйлдэл үзүүлж, даван гарах гэсэн оролдлогууд. Түүнээс биш хоорондоо төсгүй, хоёр өөр соёл, ондоо дүр зураг, нэг нь Солонгос, нөгөө нь Герман кино.

Би боддог юм, цагаа тулахаар хүн бүр л "өрөвдөлтэй" байдаг гэж. Гэвч надад хөгшчүүл яагаад ч юм цаана л нэг өрөвдөлтэй санагдаад байдаг юм. Тэгээд энэ "эмээ", "өвөө" хоёрын дэлгэцэнд хүүрнэсэн сэтгэл өвдмөөр, гэвч сэтгэл өвдөхийн хэрээр амьдралыг хайрлах, хүнийг ойлгох мэдрэмж дотор төрүүлэх ийм нэгэн түүхүүд.

Интоор цэцэглэх үеэр (Cherry Blossoms) 2008



Хүүхдүүд нь том болоод тусдаа гараад явчихсан учраас эхнэртэйгээ хоёулханаа Германы нэгэн жижиг хотод амьдрах хижээл насны эр. Нэгэн хэвийн, хэвшмэл амьдралтай, өдөрт заавал нэг алим идэж байх нь эрүүл мэндэд дустай гэж үздэг нэгэн.  Тэгтэл хорт хавдартай болсон нь илэрхий болно, гэвч түүнийг нь ганц эхнэр нь олж мэдээд түүнээс нууж хүүхдүүдээ утсаар боловч хэлэх гэсэн ч чадалгүй дотроо л шаналж, үлдсэн цагт нь нөхөртэйгээ хамт аль болох жаргалтай, сайхан байхыг хичээнэ. Тэгээд нөхрөө шалсаар байгаад хүүхдүүдийнхээ байгаа хотруу явж, тэдэнтэйгээ уулзахын зэрэгцээ далайн эрэг дээрх амралтанд амрана. Өөрийгөө удахгүй болсныг гадарлаа ч үгүй хижээл эр үүнд нь бараг төвөгшөөсөн янзтай хандаж, хурдхан гэрлүүгээ буцья гэж эхнэрээ шавдуулаад л. Тэгээд амралтнаас явах тийшээ хандаж байсан нэгэн өглөө сэртэл цоо эрүүл байсан эхнэр нь өөд болчихсон байх нь тэр. 

Тэр хоёр хөгшний нэг хүү нь Японд амьдардаг юм л даа. Эхнэр нь амьд ахуйдаа байнга л япон руу хүү дээрээ очьё гэж нөхрөө шалдаг, мөн японы Butoh хэмээх бүжигт дуртай, тийм бүжигчин болж японд амьдрахыг, фүжи уулыг дэргэдээс нь харах мөрөөдөлтэй байсан юм. 

Эхнэрээ алдсандаа шаналж харууссан, эхнэрээ амьд байхад нь тэр гуйлтыг нь зөвшөөрөөгүйдээ харамссан нөхөр Японд хүү дээрээ очно. Тэгээд л гадуур хувцасныхаа дотоор эхнэрийнхээ хувцсыг өмсчихөөд л токиогийн гудамжаар хэснэ, эхнэртээ л японыг үзүүлж байгаа нь тэр. :(

Тэгж яваад японы алдартай цэцэрлэгт хүрээлэнд интоорын модны дор Butoh бүжиг хийж байгаа өсвөр насны охинтой таардаг юм. Эрс тэс хоёр өөр соёлоос ирсэн, англи хэл хальт хулт гадарлах, хөгшин, залуу хоёр. Яагаад ч ойлголцохгүй дээ гэж бодмоор хоёр хүн тэгтэл ямар гайхалтай ойлголцож, дотносоно гээч. Хижээл насны эр, өсвөр насны охин хоёрын харилцаа нь бүр сэтгэл уярмаар, охин нь ч их хөөрхөн охин. Ойлголцолд гэдэг зүйлд ер нь хэл ус, нас хүйс хамаагүй байдаг бололтой. Эцэстээ өнөө хүн хүүгийнхээсээ яваад нөгөө охинтойгоо цуг Фүжи уул руу аялалд гарна. Киноны төгсгөлийг бичих хэрэггүй гэж бодлоо. Үнэхээр нэг тийм...







 Яруу найраг (Poetry) 2010

"Яруу найраг" нэртэй кино. Нэр нь энэ киног үзэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Харин үзээд үнэхээр их "өвдлөө". Ганган хувцасладаг, нүүрэнд нь инээд тодрох 60 орчим насны хижээл эмэгтэй ач хүүтэйгээ амьдарч, саажсан өвгөнийг асардаг ажилхийдэг. Нэг өдөр шүлэг бичих дугуйланд бүртгүүлж элсэнэ. "Яруу найрагчид бол зүрхэндээ цэцэг тээдэг хүмүүс", "хүн болгоны зүрхэнд шүлэг байдаг түүнийгээ нээж, жигүүр ургуулан нисгэх хэрэгтэй", "яруу найраг бол юмсын гоо сайхныг олж харах явдал" гэж дугуйлангийн багш нь хэлнэ. Дугуйлан 1 сар үргэлжлэх бөгөөд төгсөхдөө хүн бүр 1 шүлэг бичих ёстой юм. 



Өнөөх эмэгтэй маань энгийн амьдралаасаа юмсын гоо сайхныг олж харах гэж хичээнэ, моддыг, цэцэгсийг ажиглана. Амьдралын гоо сайхныг ажиглаж нээх энэ явцад нь амьдралын муу муухай харин зай тавьж өгсөнгүй. Ач хүү нь ангийхаа 5 хүүтэй нийлээд сургуулийнхаа нэгэн охиныг хүчинддэг байснаас болоод өнөөх охин нь амиа хорлосныг олж мэднэ.



Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд мөнгө нийлүүлж, хохирогчийн ээжид өгч амийг нь таглаж, хэргийг дарахыг оролдоно. Удалгүй өөрийгөө алцхаймерын эхний шатанд байгаагаа мэднэ. Энэ нөхцөл байдалд юмсын гоо сайхныг олж харан шүлэг бичнэ гэдэг нэг л болж өгөхгүй. Мөнгө ч олдож өгөхгүй. Ач хүүдээ ч зэмлэх нэг ч үг хэлэхгүй. Гэвч шүлгийн дугуйлангаа төгсөхдөө тэрээр нэг шүлэг бичиж багшдаа үлдээчихээд хаашаа ч юм явсан байна. Кино ч ингээд төгсөнө. Төгсгөлд өнөөх эмэгтэйн бичсэн шүлэг уншигдахад сэтгэл үнэнхээр өвдлөө. Ганц тэр шүлгэнд, төгсгөлд нь киноны бүх хүч байсан юм биш ээ, кино бүхэлдээ тийм байсан. 

Дасчихсан юм чинь, :)

Би 1-р хороололдоо аль хэдийн дасчихсаан. Аймаар гоё цамц 10-хан мянган төгрөгөөр худалдаж авч болдог газар \нээрээ шүү\, шарсан төмс, будаа хоёроор нэгэн зэрэг хачирласан амттай хоол зардаг газар \миний шарсан төмсний хачирт дуртайг хэлэх үү\, зөндөө хямдхан зүйлс зардаг захтай ойрхон газар, зуны орой байшингийн голын талбайд хөгшчүүл нарлаж, хүүхдүүд шуугилдсан тийм газар юм чинь. Одоо би зуны шөнө ихэвчлэн таардаг, хүйтэн царайтай, архи сэнгэнүүлсэн, хашгичиж орилсон залуусаас нь л лав айхгүй ээ. Бас л зуны шөнө ихэвчлэн тохиолддог жижигхэн баарны үүдэнд овоорч зогсчихоод хоорондоо зодолдож, цус нөжиндөө хутгалдаад байдаг хүмүүсээс бас айхгүй ээ. Би бүгдэнд нь дасчихсаан. Одоо бол гэрээсээ гарах шаардлага цөөхөн гардаг болсон болохоор автобусаар олон цаг явах хэрэггүй болсон.\Автобус гэснээс надад жаахан азгүй үе таарсан юм аа, яасан гэсэн өнгөрсөн зун 1-р хорооллын замыг засаад нэг талын урсгалыг нь хаачихсан, тэгээд аймшигтай түгжрэл үүснэ, би нэг автобусанд суучихсан чинь хотын төв ортол яг 2 цаг явсан, би огтхон ч дэгсдүүлээгүй, дараа нь дахиад нэг автобусанд суусан цаг гаран явсан, дараа нь таксинд суусан чинь 3 цаг явсан. Хөдөө гадаанаас хотруу орж яваа биш дээ, ямар. Таксинд суугаагаараа болохоор хөл амраад арай л дээр, автобусанд бол нэвт хөлрөөд, хөл чилээд хэцүү, хэцүү. Тэгээд миний зүрхэнд орчихсон байхгүй юу. Түүнээс биш автобус сайхан унаа, сэлүүхэн үе таарвал суудал олж суучихаад цонхоор нь гудамж, талбай, хүмүүс хараад явж байхад бүр сайхан, хэхэ\. Төрсөн гэртээ байхдаа цонхоор харж, тагтан дээр зогсох их дуртай байсан. Гэвч одоо цонхоор харахаар баригдаж буй барилга тулахаас өөр олигтой зүйлгүй болохоор цонхоор харахаа ч байсаан, үүндээ ч бас дассан. Төрсөн газраасаа хорин хэдэн жил холдож үзээгүй амьдарсан хүн чинь эхлээд их хэцүү санагддаг байж билээ, хотын төв маань орчлонгийн хамгийн сайхан газар шиг, нэгдүгээр хороолол орчлонгийн хамгийн мухрын, тохь тухгүй газар шиг санагдана. хэхэ. Ердөө дасаагүй болохоор л тэгж санагдсан хэрэг, одоо бол миний төрж өссөн газартай л адилхан сайн муу талтай, сэтгэлд дотно тийм л нэг газар болсон. Зарим хүмүүс энийг уншаад за газрын мухарт аваачаад хаячихсан биш юун сүртэй юм, юм үзээгүй байна даа л гэж бодох байх. Гэвч хүн хүний нөхцөл байдал он ондоо. Заримынх нь хувьд автобусанд сууна гэдэг байж боломгүй хэцүү явдал санагдаж болно, заримд нь хотын төвийн хоёр өрөө дэндүү тохигүй санагдаж болно, гэвч тэр хүмүүсийн зөв шүү дээ. Би тэсвэр тэвчээрийг минь эцэст нь тултал сорьсон хүнд хэцүү амьдралаас өндийсөн нэгэн байж гэж саная, тэглээ гээд хэцүү амьдралд нухлагдаж уруудсан нэгнийг буруутгаж гоочлох эрхгүй ээ, хүн болгон над шиг хүчтэй биш шүү дээ, тийм ч байх албагүй л гэж санана. Ерөнхийдөө юмыг зөвхөн өөрөөрөө хэмжиж, барагцаалах хэрэггүй юмсан уу даа л гэж бодох боллоо. Бас одоо амьдарч байгаа газартаа дасаж өгөхгүй, хэрэндээ "зовсондоо" ч бас ичихгүй ээ, өөрийгөө маягласан, юм үзээгүй байна ч гэж бодохгүй ээ. хэхэхэ.

Monday, February 27, 2012

Audition (1999) Сонгон шалгаруулалт


Одоогоос 13 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байсан киноны тухай пост болох нь. Тийм ч гэсэн би их хожуу үзсээн. Манай телевизүүдээр ч тэгж их гараагүй болов уу гэж таамаглаж байна. Энэ киноны тухай ганц өгүүлбэр хэл гэвэл "Их гэмгүй эхлээд их эвгүй дуусдаг кино" гэж л хэлнэ дээ.

Дотор зарсхийм эвгүй зураглалуудтай, киноны хурд эцэстээ тулах тэр мөчийн зураг авалт, холбоос нь үнэн үнэмшилтэй, хүчтэй.

Үйл явдлыг нь тоймловол нэг иймэрхүү: Өсвөр насны хүүтэйгээ амьдрах хижээл насны эр. Эхнэр нь хэдэн жилийн өмнө өвчнөөр өөд болсон. Тэгээд хүү нь аавыгаа эхнэр аваач гэж ятгах, өөрөө ч амьдралын эрхээр ганцаардах хослоод нэг мэргэн шийдвэр гаргадаг юм. Найз нь кино компанид ажилладаг тул нэгэн киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин сонгон шалгаруулах тухай зар явуулах замаар шалгуулахаар ирсэн эмэгтэйчүүдээс эхнэр болох хүнээ сонгох төлөвлөгөөтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлэнэ дээ. Өнөө эр чинь найзтайгаа зэрэгцэж суучихаад л бүсгүйчүүдээс асуулт асууж, анкетыг нь уншаад л, тэдгээр бүсгүйчүүд нь ямар ч ажиг сэжиггүй киноны дүрийн сонгон шалгаруулалт гэж санаад л, таалагдаагүй эмэгтэйчүүдэд нь тэнцээгүй гэж хэлж явуулаад л, тэгж байтал Асуми гэж бүсгүй анхаарлыг нь татаж, өнөөхдөө бараг дурлачихдаг юм. Тэгээд киноны талаар ярих нэрийдлээр хамтдаа хоолонд орох, ярилцах зэргээр дотносоод авна даа. За тэгж байтал л байдал бишдээд ирнэ дээ...Бурхан минь.

Сонгон шалгаруулалт явуулан барин сонгосон бүсгүй нь эцэст нь тэр эрийг яаж яргална гээч...




Нүд халтирам аймшигтай яргалал, дэлгэцээр дүүрэн цус нөж бялдаад байхгүй л дээ, уул нь. 
Гэхдээ аймшигтай дотор жихүүцүүлэм зураглал, үйл явдалтай, дэлгэцнээс ямар ч байсан холдож чадахааргүйгээр үзэгчийг барьсаар л дуусах кино доо. Тийм яргалалын дараа төгсгөлийн сцен нь харин аргадаж байгаа юм шиг тийм зөөлөн. 
/Энэ киногоо ингэж төгсгөсөн болохоор нь би найруулагч Такаши Мийкэд маш их хайртай/

За тэгээд иймэрхүү кино үзээд байхаар "зөв, буруу"-гийн хурц ирдээр аливааг цавчлахаас эрхгүй халширмаар болдог шүү. Зүгээр нэг яргалал, цус нөж үзээд цочирдож айгаад дуусахгүй юуг ч юм эргэцүүлж, сэтгэлд гүн гүнзгий хоногшино. Миний хувьд л лав тэгсэн юм.

Тэгээд өдий болтол яагаад олон юм нуршаад байна гэвэл энэ кино миний хувьд триллер төрлийн киноны "шүтээн" минь юм л даа. Сэтгэлзүйн триллер, хоррор төрлийг үүнээс хэтрүүлэлгүй яг л ийм түвшинд барьж хийх нь хамгийн зөв шийдэл гэж би хувьдаа үздэг юм.

Киноны триллер:


Friday, February 17, 2012

Departures (2008) Одогсод


Энэ постоо юу гэж эхэлдэг юм билээ дээ. Би юу ч гэж бичсэн энэ киног үзээд төрсөн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг маань бүрэн илэрхийлж чадахгүй юм шиг санагдаж байна аа. Ядаж байхад тийм сайхан хөгжимтэй, бас ядаж байхад аргил хийл буюу cello чинь миний хамгийн хайртай хөгжмийн зэмсэгийг хэлэх үү. Cello-ний гайхалтай сайхан ая киноны туршид хэд хэд эгшиглэнэ.

Товчхондоо бол японы оршуулах зан үйлийн тухай кино юм. Япончууд ч тэгээд мундаг дэг жаягтай улс даа. Цай уухаас эхлээд бүхнийг утга учир оруулж, түүнийгээ төгс үйлдэх гэж мэрийдэг ард түмэн  гэдэг нь үнэн байх. 

Аргил хийлчин залуугийн маань оркестр тарснаас болж хөгжмийн карьераа дуусгаж төрсөн нутаг руугаа буцаж тэндээ амьдрахаар шийднэ. Тэгээд нутагтаа очоод нэгэн ажилд "маш амархан" орчихсон нь харин оршуулах ёслол үйлдэгчийн ажил байх нь тэр. Ерөнхийдөө өөд болоочийг төрөл төрөгсдийнх нь нүдэн дээр угааж цэвэрлэн, сайхан хувцас өмсгөж, оо энгэсэг тавьж эгээ л амьд юм шиг засаж янзлаад авсанд нь хийж эцсийн замд нь үдэх ажил. Үүнийгээ хийж буй тэр хөдөлгөөнийх нь нягт нямбай, хүндлэл бишрэлтэй, гоёмсгийг хэлэх үү. Биширмээр. 

Залууг тийм ажил хийдгийг мэдээд эхнэр нь хаяаад явна, урьдын танил нь ч дуугарахаа болино. Гэвч тэдгээр хүмүүс түүнийг өнөө "эвгүй" ажлаа хийж байгааг нь хараад эрхгүй биширч, тайвширч, чин сэтгэлээсээ юунд ч юм талархахад хүрнэ.

"Үхэл бол төсгөл биш харин дараагийн амьдралд шилжих үүд хаалга" гэсэн гол санаатай. Тэгээд ер нь оршуулах зан үйл нарийн дэг жаягтай, тодорхой хэлбэр, агуулгатай байхаараа энэ хорвоогоос одож буй хайртай хүнээ эцсийн замд нь талархал, хүндлэлтэйгээр үдэх тэр хэрээр үлдэгсдийн сэтгэлийг тайвшруулж, амирлуулах увидастай байдаг шиг байна. Талархал хүндлэл, итгэл, амьдралын утга учир, хүнийг байгаагаар нь хүлээн авч хайрлах гээд хүний сайн сайхан чанаруудыг энэ киноноос олж харан, тэдгээр нь сэтгэлд дүүрч, эрхгүй уярч, баяссанаа нуугаад яахав. 

Дашрамд дурьдахад энэ гол дүрийн залуугийн байр байдал, зан ааш надад их таалагдсан. Нээх хөөрхөн, хүнийг зовоохгүй гээд өөрийнхөө зовлонгоо бусдад уудлаад байдаггүй дотогшоо, юмыг анхныхаа сэтгэгдлээр айхтар дүгнэж сэжиглэж, хажиглаад хаалт тавьчихдэггүй, юмсыг хүлцэнгүй гэмээр тэр чигээр нь хүлээж авах мөртлөө түүнээсээ өөрийгөө олоод гардаг хүн байна лээ. Үнэхээр хөөрхөн. :)

За тэгээд ийм "сайхан" кино хавь ойрд үзсэн ч юм уу, үгүй ч юм уу. Аан тийм кинон дээр бас чулуун захидлын тухай гардаг юм. Их романтик, сайхан аа. 

Эцэст нь энэхүү киног үзэхийг хүн болгонд чин сэтгэлээсээ санал болгох байна даа. 





Sunday, February 12, 2012

Мөрөөдөл...

Би хааяа тэгж боддог юм, аятайхан, буйдхан, цэвэрхэн бааранд бармен хийхсэн, тэгээд амттай амттай коктейль найруулаад л, чөлөө заваараа орж ирсэн хүмүүсийг ажиглаад л \Мураками ч юм уу, хэхэ\ эсвэл жижигхэн бэйкриний газартай, амттай нарийн боов, бялуунуудаа бүр өөрөө хийнэ шүү, тэгээд л хайртай хүмүүстээ төрсөн өдрөөр нь өөрийнхөө гараар бялуу хийж өгнө, амттанд дуртай хайртай эгчдээ бялуу хийж бэлэглэвэл ямар их баярлах бол...би ч дэндүү уйгагүй, дэндүү хашрахгүй мөрөөдөгч дөө, гэвч гол гол мөрөөдлүүд минь хагас дутуу ч биелдэг юм аа, :), нэг л өдөр Тэгшээ нь та нартаа өөрийнхөө гараар хийсэн бялуугаа төрсөн өдрөөр нь бэлэглэх гээд зогсож байх нь дээ. :)







Thursday, February 9, 2012

Сэтгэл, бэлэг

Хосуудын баяр, миний төрсөн өдөр дөхөөд л. Тэгээд өөрийнхөө үерхэл, сэтгэлийн харилцаанд хандах хандлагаа бодож үзлээ. Би ер нь сэтгэлийн асуудал дээр хэзээ ч ялархаж үзээгүй хүн. Нэг хүн таалагдах юм бол шууд л алхам хийнэ, илэрхийлнэ, угаасаа сэтгэл татагдаад байхад өнөө хүн яах бол гээд хүлээгээд суух тэвчээргүй, харин азтай нь намайг алхам хийх бүрд өнөө хүн маань эерэгээр хүлээж авдаг. Оволзтол дурлуулсан хүн бол маш ховор, тийм хүн гарч ирвэл ховрыг нь мэдрэх тусам үхэн хатан гүйхээс ч буцахгүй л хүн, би. Гэхдээ хүн сэтгэл гаргахын хэрээр хариуд нь сайхан сэтгэл хүртдэг шиг санагддаг. Тэр сэтгэлийн илэрхийлэл болж их сайхан бэлгүүд авч байсан. Нэг үерхэж байсан хүн маань төрсөн өдрөөр том цагаан туулай, өөрийнхөө гараар нэхсэн цамц бэлэглэж билээ. Би хэсэгтээ ам ангайж, өөрөө нэхсэн гэдэгт нь итгэхгүй байж билээ, хүний сэтгэл шүү дээ, өөрөө цамц нэхээд өгнө гэдэг. Нэг хүн насны маань тоогоор бэлэг бэлэглэж билээ, утасны зүүлтээс авхуулаад хамгийн том бэлэг нь хайртай хоёр зохиолчийг маань төрсөн өдөрт маань урьсан байсан. Би бүр самгардаад олигтой ч яриа үүсгэж чадаагүй, гэхдээ л их гоё байсан. :). Сүүлд миний төрсөн өдөр цагаан сарын дараахан болж таарлаа. Тухайн үед дотно байсан хүнээ шууд дэлгүүр дагуулж яваад бэлэг авхуулна гээд их дэлгүүр орлоо, ёстой гоё ягаан түрийвч харагдаж байна, үнийг нь асуутал 280 мянган гэнэ, ээ бурхан минь, азаар 50 хувь хямдраад 140 мянга болсон гэнэ. Тэгээд би энийг авья гээд заатал надад 100 мянга л байгаа гэдэг юм, би жаахан урвагнаж зогсож байгаад өнөө лангуунаас холдлоо. Тэгээд эцэст нь тун догь санаа олов. Байгаа 100 мянга дээр нь өөрт байгаа 40 мянгаа нэмээд түрийвч авья гэж тогтлоо. Тэгээд найз маань мөнгөө гаргаад иртэл баахан мянгат, зуутын дэвсгэрт дүүрэн сагсайсан их мөнгө. Яасан юм гэсэн миний төрсөн өдрөөр бэлэг авна гээд цагийн сарын золголтын мөнгөө мянга, зуугаар нь цуглуулсан юм гэнээ, тийм хөөрхөн. Тэгээд бид хоёр 5 минут орчим мөнгөө тоолж хоёр талаасаа нийлүүлсээр 140 болгоод түрийвчээ аваад явж билээ. Би анх удаа л тийм үнэтэй, гоё түрийвч барьж үзсэн нь тэр. Хамгийн гол нь надад бэлэг авна гээд мөнгөө цуглуулсан тэр хүний сэтгэл шүү дээ, би одоо ч тэр түрийвчиндээ их хайртай. :). Одоо санахад сэтгэл сайтай, сайхан хүмүүстэй үерхэж, нөхөрлөж явжээ. Одоо бүгдээрээ сайн сайхан явдагт нь би баярлаж, сэтгэлдээ сайныг ерөөж суудаг.

Гэхдээ хүн тэгээд байнга сайн сайхан байх биш дээ. Тэдэн оны валентины баяраар гэр бүлийнхээ хүнийг сүлийн замд нь үдэж билээ, тэгээд гурав хоногийн дараа төрсөн өдрөөрөө гэртээ ганцаараа уйлаад сууж байсан, тэр үед харин хажууд минь хэн ч байж таараагүй юм. Амьдрал ч тэгээд зовлон, жаргалыг бол алаглуулна шүү дээ, хэхэ.


Monday, February 6, 2012

Lilya 4-Ever (2002) Лиля Үүрд Мөнх



Тун хүнд кино юм уу даа. Ямар ч аллага, хүчирхийлэл, цус нөж гараад байхгүй ч дэндүү хүнд, сэтгэл хөндүүрлүүлж бүр шаналгасан кино ч гэж болно. Лиля охин орхиод явж байгаа ээжийнхээ араас гэрээсээ гүйгээд гарч байгаа, ээжийнх нь суусан машин хөдлөхөд араас нь дагаж гүйж байгаад бүдэрч унаж байгаа, тэр хэсэгт хажуугаар нь золбин нохой гүйж байгаа гээд яахаараа ч тийм өрөвдмөөр, золгүй байдлыг тийм хүнд, гайхмаар харуулдаг юм. "Лиля Үүрд Мөнх" гэсэн энэ нэрийг киног үзсэн хүн бол сонсоод эвгүй болмоор, тийм нөхцөл байдалд өсвөр насны жаахан охин бууж өгөхгүй гээд "Лиля Үүрд Мөнх" гээд сандал дээр сийлээд сууж байсныг бодохоор яамаар ч юм дээ. 
Эргэн торныхон чинь, хүн бүхэн чамайг адалж, энэ хорвоо дээр чамайг хайрлах хүн нэг ч үгүй,   бусдын хувьд зулгаагаад хаячихмаар шарилж, дарамт, яршиг гээд үлдээгээд явчихдаг хуучин тавилга, хүссэнээрээ худалдаж авч, хаяж болох эд зүйлийн хэмжээнд очсон ч хүн өөрөө өөртөө үнэ цэнэтэй, нөхцөл байдал хэн ч биш болгож байгаа ч "хүн" болохоор амьдрана, бууж өгөхгүй, даанч... 
Сайн киноны хувьд үнэхээр сайн кино, хүнд кино юу гэвэл хүнд кино, миний л лав сэтгэл үнэнхүү өвдсөн...












Saturday, February 4, 2012

Barfuss (2005) Хөл нүцгэн


Хайрын тухай элдэв сүржигнэл, хэтрүүлэггүй "хүүхдэрхэг амьсгаатай" хамгийн гоё кино гэх юм уу даа. Хүн заавал гялалзсан, мундаг нэгэнд дурладаггүй, хэнд ч дурлаж болно, дурлалд толгой эргүүлэм нүсэр, ярвигтай түүх хэрэггүй. Кино эхлэхдээ гэхдээ их сонин. Нэг эмэгтэй галзуугийн эмнэлгээс нэг залууг хөл нүцгэн дагасаар гэрт нь ирчихнэ. Оройтсон тул өнөөх залуу эмэгтэйг арга буюу гэртээ хонуулна. Маргааш нь тэр хоёр яаж яваад ч юм өөр хотруу хуриманд цуг явахаар болно. Тэр замд л нэг нэгэндээ дурлана. Киноны төгсөл хавьд эмэгтэйгээс асуудаг юм, чи түүнд хайртай гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ гэж хариуд нь "Бид хоёр нэг нэгнийхээ зүрхний цохилтыг чагнасан, хамт сар ширтсэн, хамт зайрмаг идсэн, би түүнд хайртай" гэдэг юм. Магадгүй нэгнийхээ зүрхний цохилтыг чагнаж хэвтээд, хамт сар ширтээд, зайрмаг идээд нэгэндээ дурлачихна гэдэгт итгэхэд бэрх байж болно, гэвч би л лав итгэсэн. Энэ киног үзсэний дараа сэтгэл нэг их сайхан цэвэр тунгалаг болж хөөр баярт автана. Киноны гол дүрийн залуу өөрөө зохиолоо бичиж, найруулсан юм. 







Хайрт Вон Кар Вай минь үзэсгэлэнт зургуудаа хөврүүлсээр л...

All memories are traces of tears \Дурсамж бүр нулимсны мөртэй...\

Би Вон Кар Вайгийн 3 трилогт хамгийн их дуртай.

Days of Being Wild (1990)






In The Mood For Love (2000)















2046 (2004)















Энэ гурваас гадна бас...

Ashes Of Time (1994) Цаг хугацааны нурам












Fallen Angels (2006) Унаж буй сахиусан тэнгэрүүд