Pages

Monday, June 25, 2012

Улаангом, Улаанбаатар, Америк...

Блогоо шинэ бичлэгээр сэлбэе. 3 яруу найрагчийн 3 шүлгээр. Улаангом, Улаанбаатар, Америк гэсэн нэг нь аймгийн төв, нөгөө нь миний амьдардаг хот Улаанбаатар, сүүлийнх нь холын, мөрөөдөлт Америкийн тухай 3 шүлэг. Уншигчийн хувиар өөрийн таашаалдаа нийцүүлэн шилж түүсэн 3 шүлэг. Надад яруу найрагчийн өөрийгөө бясалгасан, өөрийнхөө мэдрэмж, эргэцүүллийг асгасан шүлгүүд хийгээд юмсыг өөрийнхөөрөө бясалгасан, тодорхойлсон шүлгүүд яг эн тэнцүү таалагддаг. Энэ гурван шүлэг сүүлийн ангилалд нь багтах байх, 3 яруу найрагчийн нүдэнд Улаангом, Улаанбаатар, Америк гурав ийм. 
Хар багаасаа Улаанбаатар хэмээх жижигхэн хотод өсөж торнисон нэгний хувьд "Улаангом" шүлгээс ханхлах буйд, жижигхэн хотын гансармал, гунигтай уур амьсгалыг төвөггүйхэн мэдрэнэ,  "Улаанбаатар" шүлэг, ёстой л сэтгэл зүрхний минь нийслэл гэдэг шиг, дассандаа ч юмуу, таардагдаа ч юмуу, таалагддагтаа ч юмуу уур бухимдал барах өчнөөн асуудалт, тохь тухгүй, ядруухан, дүнсгэр, шороотой, саарал хотоо хайрладаг гэдгээ мэдэрдэг миний хувьд "Улаанбаатар бол..." гэсэн мөр болгон үнэн үнэмшилтэй хийгээд гунигтай..."Америк" шүлэг, хэзээ ч Америкт хөл тавьж үзээгүй боловч тархиныхаа дийлэнхийг "Америк" гэсэн бүхнээр санамсаргүй, санаатай байдлаар дүүргэж өссөн, тэр зүг рүү тийм нэг талархангуй эсвэл гайхангуй хардаг нэгний хувьд гагц энэ  шүлгийн мөрүүдээр л Америк орныг дотроо босгоод "танин мэдчихсэн." Энэ танин мэдэхүй бол мэдээж өндөр өндөр байшингийн зургуудыг нь интернэтээс харах, ном, сэтгүүлээс нийгмийн ололт, иргэдийнх нь ахуй амьдралыг нь уншаад ойлгодгоос тэс өөр "танин мэдэхүй" юм.

"Миний хувьд Америк бол
Forrest Gump.
Жэнни Гампын зүрх эмтрэм булшин дээрх
Жинхэнэ юм шиг бичээсийг үсэглэхэд сэтгэл өвдөнө
Жинхэнээсээ-өвчилсөн-сэтгэл"...гэх мэт.





Улаангом


Хавар гэдэг улирал энэ хотын
Хаагуур нь ороод хаагуур нь гарсныг
Хагацангуй төрх санагалзангуй нүдтэй
Хайнгахан иргэдээс нь хэн ч санахгүй
Бас охид нь нялхаараа төлжиж
Барилга байшин шиг сэтгэл нь  үхжихийг
Хэн ч анзаарахгүй


Гэвч энд хавар хаанаас ч юм
Ирдгээрээ л ирж
Гэвч бас хаашаа ч юм
Буцдагаараа л буцжээ.
Үлдсэн нь гэвэл ийм нэгэн
Хагацангуй царай, санагалзангуй нүд
Хайнгахан инээх өсгөлүүн охид
Хаяахан мэндлэх дүнсгэр хүмүүс...


Улиангар нэгэнтээ навчлаад
Нэгэнтээ нүцгэрсэн ч
Улиангар улааран навчлаад
Ногоорон нүцгэрсэн ч
Цөхрөлтгүйгээр хавар энэ бүхнийг
Цөлийн балгас болтол нь давтсан ч
Улам биежих уйтгарын манандаа
Улам улам дасан живж
Үй олноороо гансран суугчдын
Үүрдийн амирланг олсон хот.

Я.Баяр, "Цөн" шүлгийн ном, 79 дэх тал

*       *        *

Улаанбаатар

Дуу чимээ ихтэй энэ л хотынхоо
дугуй толин нүүрэнд хичнээн их хайртай вэ?
Хааяа тэр толинд өөрийнхөө
хачин гунигтай төрхийг олж хардаг
Цоожтой хаалга нээлттэй цонх бүрээс нь
цочих, айх, түгших мэдрэмжээ сэргээн санадаг
Улаанбаатар бол ууж агсамнасан эр улс төр ярьж
хямдхан янжуурынхаа утаан цаанаас харагдахаа байсан
хорооллын давчуухан уушний газар.
Улаанбаатар бол орцны дуу сонсож,
онгоцны үйлчлэгч болно хэмээн мөрөөдөж өссөн охидын
богино банзлын хормойд наалдсан бохь.
Улаанбаатар бол мөсөн уул мөргөж аажмаар живж буй
асар том хөлөг онгоцны аврах жижигхэн завин дээр сууж,
ирээдүйнхээ талаар төсөөлөлгүй, гагцхүү
амь гарахын хүсэлдээ автсан сахалтай бяцхан жаал.
Улаанбаатар бол өвгөн нисгэгч бүхээгэндээ цус харван талийж
өрөвдөлтэй зорчигчид нь өмдөндөө тавихдаа
хэрхэн уул мөргөн дэлбэрч, хэд нь амьд гарахаа
таамаглан суух иргэний нисэхийн хугацаа нь дууссан онгоц.
Улаанбаатар бол тамираа тасартал хашхираад ч
хэн ч олж сонсохгүй их элсэн цөлийн дунд төөрч
халуун наранд ухаан балартан хаашаа зүглэхээ мэдэхээ байсан
жуулчны өрөвдөлтэй амьдралын хором бүрийг гэрчлэх
өврийн дэвтрээс тасарч унасан жижигхэн цаас.
Заримдаа Улаанбаатар дайны талбар мэт эмх цэгцгүй,
шархдагсад нь байшин хашааны нөмөр бараадан
тэрийн хэвтэж тэнгэрээс гэнэт бурханы гар сарвайн
аягатай ус дөхүүлэхийг хүлээн суух залхуучуудын
бүхэл бүтэн армийг бие дээрээ тэжээгч нүсэр том аалз.

Дуу чимээ ихтэй энэ л хотынхоо
дугуй толин нүүрэнд хичнээн их хайртай вэ?
Хааяа тэр толинд өөрийнхөө
хачин гунигтай төрхийг олж хардаг
Цоожтой хаалга нээлттэй цонх бүрээс нь
цочих, айх, түгших мэдрэмжээ сэргээн санадаг.



О.Элбэгтөгс, "Эмгэнэлийн үр хөврөл" шүлгийн номын 61 дэх тал


*        *         *


Америк

1.

Шөнийн эхэнд Манхэттанаас
(Зургаар нь эртнээс таних энэ арлыг
Зул мэт дүрэлзэгч түмэн гэрлээр дүрслээд,
алган дээр дэлгэн үзүүлж)
Ди-Сийг зорин хөөрсөн онгоц
Гэрэлт Филадельфийн дээгүүр нисэн өнгөрөх агшин мэт
Гайхамшигт үзэгдлүүдээр энэ ертөнц дүүрэн.

Бишрэгчдийнхээ нүдэнд Америк
Харь гараг дээр цогцолсон хосгүй ертөнцтэй адилхан.
Цэлмэг шөнө нисэн өнгөрөх онгоцыг
Гайхан ажих агуйн хүний нүдэнд л
Ийм сониуч бахдал, бас айдас гэрэлтэх вий.

Элэнцийг минь санагдуулам хөөрхий тэр хүний
Эрээн зоосоор агуйнхаа ханыг чимсэн
Хандгайн зураг амилж
Хаа нэг тийш ухаан зулаггүй давхихад
Халуун амьсгаа нь шилэн хүзүү төөнөж,
Хамаг биеэр жихүүдэс жирэлзэнэ.
Өндрөөс харанхуйд жирэлзэн үзэгдэх
Үл таних хотуудын гэрэл мэт...
                                          
                                           2007.11.14-15. Washington DC.
2.

Миний хувьд Америк бол
Нисэх мэт хөнгөхөн дүүлэх хэрэм.
Тэнийсэн дөрвөн мөчний нь хоорондох
Тэнгэр өөд тэмүүлсэн үл үзэгдэх далавч.
Үл-үзэгдэх-далавч.

Миний хувьд Америк бол
Хурдны зам дээр дайруулж үхсэн илбэнх.
Тэр илбэнхийн сүнс неон гэрэл болж
Тэнгэрийг баганадахад,
Ийм хийсвэр багана дээрээ тэнгэр
Ид шидээр л тогтож байгаадаа чичирнэ.

Миний хувьд Америк бол
Саажсан индиан бөө.
Од, бүргэд, баавгайнд хувирсан
Олон зоригт удирдагчийн уухай.
Тэнгэрт хүрээд буцаж унахдаа
Азарган бороо шиг,
Хараалын сум шиг асгарах
Хэнгэргийн галзуу хэмнэл.

Миний хувьд Америк бол
Төм хөхтэй, мансуурмаар инээмсэглэх бүсгүй.
Хос бумбан дундуур, бас
Хотгор нурууг нь даган урсах
Хоёрхон дусал бороо байх нь
Хүн болж төрөхөөс ч илүү санагднам
Ховс, тэсгэлгүй тэмүүлэл.

Миний хувьд Америк бол
Forrest Gump.
Жэнни Гампын зүрх эмтрэм булшин дээрх
Жинхэнэ юм шиг бичээсийг үсэглэхэд сэтгэл өвдөнө
Жинхэнээсээ-өвчилсөн-сэтгэл.

Миний хувьд Америк бол
Жааз хөгжим, үл таних яруу найраг.
Мичиган нуураас үлээх салхинд
Хар аяндаа сөхөгдөх номын хуудаснууд.
Эхний хуудсаас олж харсан хагас өгүүлбэрийг 
Эргэлдэх хуудасны хийсвэр зураг нөхөж гүйцээнэ.
Эргэлдэх хуудаснуудын бүжиглэгч дүрсийг ажиглахад
Эрдэнэшишийн ч юм уу, шар буурцгийн талбай намилзаж,
Түүн дотроос болжмор дэрхийн ниснэ.

Г.Аюурзана, "Сэтгэл рүү шагайгч Түүнд" шүлгийн ном, 45-47 дахь тал.


Saturday, June 9, 2012

Яаж киночин болох вэ?

Киночин гэж өдөрт ядаж нэг кино үзэхгүй бол нойр нь хүрдэггүй хүнийг хэлдэг юм шүү. хэхэ. Яг энэ утгаар бол би хар багын л киночин байжээ. Телевизийн хөтөлбөрөөс оройд үзэх киногоо шилж аваад тэгээд л зурагт сахиад суучихна. Сайн муу есөн шидийн л юм үзсэн дээ. Хар хайрцаг надад юу санал болгон яг тэр хэмжээнд л кино сонирхол маань хайрцаглагддаг байлаа. Одоо бол байдал өөр болжээ, хаанаас ч гэсэн мэдээлэл аваад, хүссэн киногоо татаад үзчих боломжтой болж. Ямар кино үзэх нь таны дурын хэрэг, харин яаж татаж үзэх вэ гэдэг дээр өөрийнхөө туршлагаас хуваалцюу гэж бодлоо. Зарим хүмүүст хэрэг болж юуны магад.

Хэрхэн кино татах

Киног энэ тэндхийн сайтуудаас эсвэл ютүйб энэ тэрээс татаж байхаар торрентоор кино татахад зориулж хийгдсэн программ ашиглаж татах нь илүү хялбар бөгөөд өгөөжтэй. Миний хувьд utorrent хэрэглэж киногоо татдаг. http://www.utorrent.com/downloads эндээс ороод эхлээд utorrent татаж аваад комдоо суулгачихаж болно. Дараа нь торрентын нэгдсэн хайлтын систем болох http://torrentz.eu/ энэ дээр татахыг хүссэн киногоо хийгдсэн онтой нь бичээд оруулахад есөн шидээрээ жагсаад гараад ирнэ, ер нь бол дээрээсээ доошоо peers-ийнхээ тоогоор эрэмблэгдэж жагсаж буй бөгөөд peers-ийнх нь тоо их байх тусам тухайн киног хурдан татах магадлалтай гэсэн үг. Мөн тухайн киноны нэр, оных нь хойно бичлэгийн төрөл нь харагдана. Dvdrip, Bluray or BRrip, BDrip, HD гэсэн тэмдэглэлүүд харагдах вий. Тэгээд DVD бичлэгээр үзмээр бол Dvdrip гэснийг нь татаад, Bluray, HD гэсэн илүү гоё бичлэгтэйгээр үзмээр байвал Bluray, HD гэсэн тэмдэглэлтэйг нь татах нь байна. Гол нь бичлэгийн чанар сайжрах тусам хэмжээ нь ихэсдэг, Dvdrip 700 орчим MB байдаг бол Bluray, HD бичлэгтэй кинонууд 2.5-4 GB орчим хэмжээтэй байх жишээний. Тэгэхээр бичлэг сайтай кино фонд үүсгэе гэвэл багтаамж сайтай ком, хард шаардлагатай болдог. За тэр ч яахав дараагийн асуудал. За тэгээд бичлэгийн төрөл, хэмжээ, peers-үүдийг нь харж байгаад татахыг хүссэн кино руугаа ормогц уг кино байгаа торрент сайтуудын жагсаалт гараад ирнэ, би бол ихэнхдээ thepiratebay.se юмуу kickasstorrents.com энэ тэрээс татчихдаг, ер нь thepiratebay бол асар их сантай торрент л доо, kickasstorrnet нь ази киноны сангаар илүү. За тэгээд торрент сайтуудруугаа ороод download via torrent or get this torrent гэх мэт сонголтыг дараад киногоо татмагц автоматаар utorrent ачаалагдаж  татагдаж буй явц, татагдаж дуусах хугацаа зэрэг нь харагдаад ирнэ. 

Киног сабтайтелтэй үзэх

За киногоо татаж дуусаад ханцуй шамлаад шууд үзье гэхнээ нэг асуудал босч ирнэ ээ. Тэр нь сабтайтел. Киногоо бүрэн гүйцэд үг үсэггүй ойлгоё гэвэл сабтайтел чухал л даа, нэгэнт төрөлх хэлээрээ үзэж буй биш л бол киноны диалогийг 100 хувь сонсоод барина гэж байхгүй. Тэгэхээр сабтайтел чухал. http://www.opensubtitles.org/en болон  http://subscene.com/ бол хамгийн арвин сантай сабтайтлын сайтууд юм. Харин tv show буюу америкийн олон ангит кинонуудын сабтайтлыг http://www.tvsubtitles.net/ гэсэн сайтаас татаж болно. 

Сабтайтел татахад бас учир байна аа. Сабтайтел бүрийн хойно кинотой адил бичлэгийн төрөл нь гарна. Тэгэхээр таны татсан кино Dvdrip бол сабтайтелаа ч бас Dvdrip гэсэн тэмдэглэгээтэйг нь татах хэрэгтэй. Үгүй бол сабтайтел кинотойгоо таарахгүй зөрөөд байдаг тал бий. Bluray бичлэгээр татсан кинонд Dvdrip гэсэн сабтайтел хэзээ ч тохирохгүй, заалттай зөрнө. Заримдаа ч адилхан бичлэгийн тэмдгэлгээтэй сабтайтел татчихаад байхад л зөрөөд байна, тэр тохиолдолд дахин дахин татаж тохируулах шаардлага гарна.

За тэгээд сабтайтелаа татчихсан бол өнөөхөө кинондуу яаж оруулж үзэх вэ гэдэг асуудал гарна. Энэ хэсэг бол хамгийн амархан нь. Кино, сабтайтел хоёроо нэг фолдерт оруулах хэрэгтэй, тэгээд кино болон сабтайтел файлынхаа нэрсийг ижил болгоод л гүйцээ. Тоглуулагчаа эхлүүлмэгц киноны чинь дор сабтайтел нь аяндаа гараад ирнэ. Гол нь ямар тоглуулагч ашиглаж байна гэдгээс багахан хувь нь шалтгаална. Би бол КMPlayer ашигладаг, хэрэглэхэд амар, ойлгомжтой, тун дажгүй эд л дээ. KMPlayer гэж google-дэж хайгаад хаанаас бол хаанаас татаад суулгачихаж болно. 

За тэгээд хүссэн киногоо татчихсан, тохирох сабтайтелыг нь ч татчихсан бол тоглуулагчаараа киногоо үзэх л дутуу боллоо. Тухлан сууж, таалан үзээрэй. 

Sunday, June 3, 2012

"Хусны навч"-аас төрсөн уншигчийн сэтгэгдэл


Д.Нямдоржийн "Хусны навч" шүлгийн номоос төрсөн сэтгэгдлээ хуваалцахаас урьтаж би өөрийгөө яруу найргийн хувьд ердөө "уншигч" гэдгээ маш тод томруунаар хэлж санаагаа амраамаар байна. Яагаад ийхүү уншигч гэдгээ цохон тэмдэглээд, зарлаад байна вэ гэхээр утга зохиолын хувьд зохиолч, яруу найрагч-бүтээгчид, шүүмжлэгч, судлаач-мэргэжлийхэн, уншигч-хэрэглэгчдийн үүрэг роль, өгөгдөхүүн нэгэнт ялгаатай тул энийг уншсан хэн бүр "уншигч"-ийн хувиар бичсэн сэтгэгдэл гэдгийг салгаж, зааглаж хараасай гэж хүссэнийх юм. Би шүүмжлэгч, судлаач биш, тэгэхээр "утга зохиол"-ын шүүлтүүрээр шүлгүүдийг шүүн тунгааж сайн, мууг нь шигшин ялгаж чадахгүй, шүлэгчийн чансаа, эрэмбийг тодорхойлж бүр чадахгүй. 

Уншигч яадаг вэ гэхээр яг л голын эргээр бөхтөлзөн чулуу түүгчтэй эгээ адил юм. Чулуудын хэлбэр хэмжээ, өнгө төрхийг ажиглаж байгаад өөрт ТААЛАГДСАНАА л богцондоо хийчихдэг хүмүүс. Эргээр нь таалагдах чулууд олон байх тусам л түүнийг сайхан гол гэж дүгнэнэ. Тэгээд хөвөөнд нь байн байн очихыг хүснэ. Хамгийн гайхалтай нь та бид хоёр нэг голын эргээс чулуу түүх мөртлөө тэс өөр чулуудаар богцоо дүүргээд харьж ч мэднэ. Эсвэл бидний түүсэн чулуудын ихэнх нь давхцаж магад. Юутай ч би богцондоо нэгэн голын эргээс ийнхүү чулуу түүж хийснээ таны өмнө задалж байна. Энэ бол бүтээлийн уншигчийн сэтгэлд тусдаг олон цуурайнуудын зөвхөн ганц нь л билээ.
*     *     *
Санаа алдах тоолонд даавуу шиг дэрвэх
сэтгэлийн хэцэнд тохоостой гунигийн сүүдэр-
харцанд нүүх үүлсээс бороо шиврэн
хацар дээгүүр гэрэл татуулан урсана.

\Дээрх дөрвөн мөртийг уншихаар ердөө гунилаа-уйллаа гэсэн их энгийн агуулгатай. Гэхдээ гуниг төрлөө, нулимс урслаа гээд биччихвэл энэ яруу найраг биш болоод явчих байх. Харин хэцэн дээр тохоотой даавуу салхинд дэрвэж байтал бороо орж буй зураглалыг сэтгэл, гунигаар сайхан сүлжээ. Хэцэн дээр тохоотой гунигийн сүүдрийг санаа алдалтын салхи дэрвүүлж, тэгмэгц харцанд нүүх үүлсээс нь бороо шивэрч хацар дээгүүр нь гэрэл татуулан урсана. Санаа алдахад л уйлчих гээд байх шиг, бүр уйлчихжээ. Гэхдээ тийм нэг гэгээн гунигын гэрэлт нулимс унагаасан нь мэдрэгдэнэ. Ядаж байхад салхинд даавуу дэрвэлзэх, бороо гэрэл татуулан урсах   нь төсөөлөгдөөд энэ дөрвөн мөрт миний дотор тун сайхан орсон. \
*    *    *
Мөнх бусын тэнгист хөл минь өвдгөө хүртэл дүрээстэй ч
мөдхөн тэнгисийн ус биеийн минь хэмжээгээр нэмэгдэнэ
Мөчрөөсөө хагацсан навч шиг номын минь хэдэн шүлэг л
мөнөөх тэнгисийн мандалд гэрэлтэн хөвсөөр үлдэнэ дээ.


\Бие маань энэ хорвоод байх хугацаа тодорхой тоотой, магадгүй цаг хугацаа хэмээх тэнгисийн усны түвшин нэмэгдсээр бидний биеийг өөртөө уусгаад аваад явчихдаг байж мэднэ, гэвч бие дүр маань үгүй болсон ч бидний үлдээсэн ямархан нэгэн зүйл тэнгисийн мандал дээгүүр хөвөөд хоцорно. Зохиогчийн хувьд шүлгүүд нь гэрэлтэн хөвсөөр л үлдэх нь, хөвөөнд нь суугчид тэрхүү гэрэлтсэн навчаар л баримжаалан түүнийг хожим дурсах болов уу? Бие маань цаг хугацаанд хүлээтэй ч, оюун санаа минь "навчинд" шингэн чөлөөлөгдөнө. \
*    *    *
Тэнгэрийн цан ховхорч хийсээд
цас хаялж байна.
Цонхны цаана сүүдэр минь сунаад
шөнө болж байна.
*    *    *
Нүүгэлтсэн түнэр шөнөөр тал шиг
мөрний мандал дээр
нөмрөх үүлсийн сиймхийгээр
сарны гэрэл тусахуй
нүүдэлдээ ядран унтсан, толь шиг
хөдөлгөөнгүй их усан
нойроо харамлан уйлагнаад
зугуухан урсаж эхлэв ээ.


/Үүл сарыг халхлахад гол мөрөн толь шиг хөдөлгөөнгүй болон зүүрмэглэж, үүлсийн сиймхийгээр саран тусахад унтаж байсан гол мөрд нойрноос сэрэн урсдаг юм болов уу? Нээрээ тэгдэг ч байж мэднэ. /
*    *    *


Гэрийн байдлаас залхаж уулын өндөрт мацахуй
гэзэгнээс минь нэгэн үс сулраад өвс шиг хийсэн одлоо.
Гарах гэсэн оргилдоо бие маань хүрч амжаагүй байхад
галууны өд шиг эргэлдсээр бэлийн цэцгэн дээр буув аа.



\Дээрх дөрвөн мөртийг уншмагц Д.Урианхай гуайн доорх шүлэг санаанд буусан.


“Галын дөл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр өөд нисч явна
Би уулын бэл уруу

Уруудаж явахдаа зөрлөө”


Хоёр өөр шүлэг л дээ, гэхдээ "уруудаж, өгсөх" дүрслэл нь адилхан юм уу? Уулын бэл рүү уруудаж явахдаа гал улаан навч нисч явааг харах, навч, хүн хоёр зөрөх үнэхээр гоё агшин. 
Уулын оргил руу мацаж явахдаа үс нь тасраад бэлийн цэцгэн дээр буухыг мэдрэнэ гэдэг бас л торгон агшин, магадгүй тасраад дор үлдсэн тэр л үсэндээ хоргодож тээнэгэлзэн зогсоно уу, уулын оргил руу мацах уу, бэл руу буцах уу? Оргил, бэл үнэндээ ялгаагүй ч юм билүү... \


*    *     *
Цонхигор сарны бүдэгхэн сэвх шиг
цонхон дээр тусах навчсын сүүдрээс
цайвар гэрэл манан мэт хөөрч
цамцны энгэрт могой шиг шургана.


*    *     *



..Цувны хормойн салхинд
үхсэн навчис өндийнө.
*    *     *

..Тэнгэр хөнжлөө нөмөрсөн мэт түнэр харанхуй дунд
тэртээ алсад нохой хуцах нь хэт цахих шиг гэрэлтэнэ.


/Харанхуйд дуу чимээ илүү тод сонссогддог байх нээ. Тэнгэр хөнжлөө нөмөрөхөд харанхуй болно гэдэг тэр харанхуйд нохойн дуу хэт цахих шиг гэрэлтэнэ гэдэг зүйрлэлийн хувьд сайхан мөрт /
*    *     *

...Аяндаа л сулардаг үсээ салхины урсгалд алдахад
агаарт хөрвөх нь сонстох анир гүм нутаг минь.

\Салхинд тасарсан үс нь агаарт хөдлөх нь сонсогдохоос илүү нам гүм гэж юу байх билээ?\

*    *    *

Нүдээ тас аньсан сохор шөнө
нүцгэн лааны дөлөөр надтай ярилцна.


*    *    *
Өвс өвсөө тэврээд зүүрмэглэсэн 
намрын орой
өөр хэнийг ч биш ганцхан чамайг л
үгүйлнэ.
Өрцөн цаана халгим гунигтай ч 
өвсний шүүдрийг
өнхрөөд уначих вий гэхдээ санаа
алдахаас эмээнэ.

\Намрын орой нэг тийм гунигтай, хайлган, тэгсэн хэрнээ амар амгалан ч юм шиг байдаг, тэгсэн өвс өвсөө тэврэн зүүрмэглэдэг болохоор тийм байжээ, тийм үед хэн нэгнийг санаад сэтгэл гунигтай, хэнгэнэтэл сайхан санаа алдаад цээжээ суллачихмаар тэгтэл өвсний шүүдрийг уначих вий гэж өрөвдсөндөө өөрийгөө тэвчинэ гэдэг... \
*    *     *
Толгодын энгээр үргэлжлэх
дөрвөлжин дөрвөлжин булшнууд
тойрч болохгүй ертөнцийн том том хаалганууд...
Ажин түжин нойрсох энэ л хотын иргэдийг
ахиад сэрээчих вий гэхдээ
аяархан явж өнгөрлөө.
*    *     *

Цэл хүйтэн аадар өдөр шөнөгүй
цутгаастай,
цээжинд шатах зүрхээ хөртөл
норох юм сан.
Чиний инээмсэглэл шиг тэнгэр
тэгээд цэлмээсэй,
чиний дүрийг хайж өдөржин
тогтоол уснаа туучихсан.

\Шатах зүрхээ борооны усанд хөргөж тайвшруулчихад, тэнгэр цэлмэхэд сэтгэл нь дагаж цэлмэсэн атлаа эргээд л зүрхээ шатаахаар түүний дүрийг тогтоол уснаас хайна уу? Тайвширлаасаа догдлолыг эрнэ үү? \
*    *    *

Өнгөт салхин үүлсээр өндөрт сэнтий урлажээ.
Өөд тэнгэрт дэвшье гэвч газрын амьдрал энэлэнтэй.
Өвс чирсэн шоргоолж үүрээ зүглэх нь өрөвдөлтэй...
Өврийн алчуураа гаргаж сувд хэдийг л нандигнана.

\Ай хөөрхий, уйлжээ...\

*    *    *
Цоргитол ширтэх нарны нүднээс нуугдан
цонхны тавцан дээр өвдгөө чанга тэврээд
цөхрөл гомдолдоо хүлээтэй уйлж суухад
цэхлээд л үсрэхэд далавч минь ургах юм шиг...

*     *      *

Амьдралд утга үгүйг мэдээд
алавхийн цочив.
Алавхийн цочихдоо аягатай
цайгаа алдав.
Аягатай цайгаа алдахдаа айх
сэтгэлээ асгав.
Айх сэтгэлээ асгахдаа амар амгаланг
олов.

\Дээрх дөрвөн мөртийг анх уншихад зэн-буддизмын коан санаанд ороод байсан. Зэнгийн нэг лам хувинтай усаа алдаж асгаад гэгээрдэг. Хувинтай ус асгармагц түүн доторх сар үгүй болдог.   Нэг тиймэрхүү. Цай ууж сууж байгаад л гэнэт амьдралын утгагүйг олж харна, ер нь нэг тийм маш энгийн агшнуудад сэрхийн орж ирсэн бодлууд үнэн хийгээд нухацтай байх магадлалтай, тэгээд л амьдрал утгагүй санагдаад цочсондоо аягатай цайгаа хагалчихав, яг тэр агшинд л нэг тийм гэгээрэл маягийн зүйл болсон юм шиг, аягатай цайгаа асгахдаа айх сэтгэлээ ч бас асгаад, тэгж цочирдсондоо тун амарханаар буцаад амар амгаланг олчихож байна. Амьдрал утга учиргүй гэдэг цочирдож аймаар баримт байж болно, эсвэл бүр санаа амраах сайхан зүйл ч байж мэднэ. \
*    *     *

Түрүүчийн дуутай борооноор
тэнгэр лавтай хагарчээ.
Толины хагархай шиг хэлтэрхий 
тэнд эндгүй гялалзана.
Төрж амаржсан эх шиг наран
түүнд зүсээ тольдоно.
Түүгээд авчихаас нь урьтаж
тэнгэр туучиж харина.

\Дээрх шүлэг надад маш их таалагдсан. Бороон дуслууд газар наранд гялалзах мөчийг тэнгэр хагараад хэлтэрхийнүүд нь газарт унасан гэж, өнөөх газар унасан тэнгэрийн хэлтэрхийнд нар зүсээ тольдон гялалзуулж байна гэж харсан нь, тэгээд бороон дуслууд наранд ширгэхийг тэнгэрийг нар түүгээд авчихдаг гэж, тийнхүү түүгээд авчихаас нь өмнө тэнгэр туучин харина гэж төгсгөсөн нь маш их таалагдсан. Энэ хярааны ур, мэдрэмж байгаа нь сайхан байна. \
*     *      *
За үүгээр задалсан богцоо хумъя. Богцон дахь чулууд таалагдсан бол та магадгүй түүний голын эргээс өөрөө чулуу түүхийг, түүнийгээ эргүүлж тойруулан харж өөрийнхөөрөө сэрж мэдрэхийг хүсэх байх. Юутай ч түүний нэг талаас байгалийн үзэгдэл, агшныг өөрийн төсөөллөөр зурагласан байдал, нөгөө талаас шүлэгтээ эргэцүүлэл-гаргалгаа шингээж буй нь надад таалагдаж байна. Би энэ тааламжийнхаа хэрээр л адилавтар өнгө аяс бүхий шүлгүүдийг нь түүжээ. Түүний зарим шүлгүүдээс нэг тийм ардын дууны гэмээр хөг ая мэдрэгдээд байдаг юм. Энэ бол миний л мэдрэмж, таашаал, таных харин юу өгүүлэхийг мэдэхгүй. Д.Нямдоржийн бусад шүлгүүдийг түүний Эзэнгүй өртөө блогоос уншиж болно.