Pages

Tuesday, January 22, 2013

Түүндээ...


Эвдрээгүй сэтгэлт минь, нялх минь
Эвийлж хайрлаж ханамгүй, үр минь
Эгц, гал халуун сэтгэлт, эр минь
Эхлэл бүхэн нь ундрах, идэрхэн минь
Гашуун үгэнд сэтгэл нь өмрөх эмзэг минь
Гайхаж нэг харсанаа цэх суух хат минь
Амьдралын хүлээснээс алдуурах л гэж тэмцэгч даль минь
Ахиад ганцхан гэж царайчлах тэвчээргүй зант минь
Үсийг минь илбэн үнэрлэх дархтан минь
Үгээр урлан наадагч шидтэн минь
Худал үг дэргэд нь унагамгүй үнэн минь
Хуудуу бүхнийг үл тэвчигч зоригтон минь
Харгислал, хатуугаас халирагч хулчгархан минь
Хааяа гэсэн үг зохимгүй үүрд минь
Талын салхи шиг зоргоор минь
Тайвшрал минь,
Тайвшраад дэргэд минь хоргодсон салхи минь
Тавилан минь,
Эргэлзэж байгаагүй ээ, нэг ч хором
Эгнэгт итгэнэ ээ, чамдаа би.

Tuesday, January 1, 2013

Ахын дуу

Ахан минь явчаад эргэж ирсэнгүй,
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү.
Адуу ноцолдоно, хүн  ноцолдохгүй.

Дайсагналцах нь хүмүүст ч буй
Дайсагналцах нь адуунд ч буй.
Та Байгаль уулан тийш явсан,
Түмэн газар надаас холдсон.

Лүн уулын өндрийг ээ!
Инь уулын хүйтнийг ээ!
Энд ах минь үзэгдэхгүй нь
Элэг зүрхийг шимшрүүлнэ.

                                                -285 он.

Жич: Магадгүй одоо бол хэн ч холбоод хэлчихэж чадмаар хэдэн энгийн эгэл боргил мөрүүд. Гэвч эхний дөрвөн мөр хичнээн энгийн хэрнээ хичнээн шархирмаар.  "Адуу ноцолдоно, хүн ноцолдохгүй" гэсэн мөрийг уншихад хүн хоорондын харилцааны ярвигийг, дайсагналцалын далдыг, ноцолдоод л шийдчихэж болдоггүй, дотроо бугшсаар, дарсаар, амандаа шүлэг гиншин хүйтэн уулыг ширтэн зүрхээ урж яваа хэн нэгэн нүдэнд харагдах тоолонд зүрх хөндүүрлэн шархирна. Хүн бүхнийг чадагч идтэн юм шиг мөртлөө, бас юуг ч чадахгүй арчаагүй дорой нэгэн, сансар ертөнцийн чанадын нууцыг тайлагч мөртлөө, хайртай хүмүүстээ сэтгэлээ дэлгэж чаддаггүй тийм л зөрчилт бодьгал. Хэдэн зуун жилийн өмнө бичсэн мөрийг би одоо мэдрэн гуньж байна гээд бодохоор хүний зарим мөн чанар ахуй орчин даган хувьсдаггүй туйлын тогтмол байдаг ч юм уу.