Улаангом, Улаанбаатар, Америк...

Блогоо шинэ бичлэгээр сэлбэе. 3 яруу найрагчийн 3 шүлгээр. Улаангом, Улаанбаатар, Америк гэсэн нэг нь аймгийн төв, нөгөө нь миний амьдардаг хот Улаанбаатар, сүүлийнх нь холын, мөрөөдөлт Америкийн тухай 3 шүлэг. Уншигчийн хувиар өөрийн таашаалдаа нийцүүлэн шилж түүсэн 3 шүлэг. Надад яруу найрагчийн өөрийгөө бясалгасан, өөрийнхөө мэдрэмж, эргэцүүллийг асгасан шүлгүүд хийгээд юмсыг өөрийнхөөрөө бясалгасан, тодорхойлсон шүлгүүд яг эн тэнцүү таалагддаг. Энэ гурван шүлэг сүүлийн ангилалд нь багтах байх, 3 яруу найрагчийн нүдэнд Улаангом, Улаанбаатар, Америк гурав ийм. 
Хар багаасаа Улаанбаатар хэмээх жижигхэн хотод өсөж торнисон нэгний хувьд "Улаангом" шүлгээс ханхлах буйд, жижигхэн хотын гансармал, гунигтай уур амьсгалыг төвөггүйхэн мэдрэнэ,  "Улаанбаатар" шүлэг, ёстой л сэтгэл зүрхний минь нийслэл гэдэг шиг, дассандаа ч юмуу, таардагдаа ч юмуу, таалагддагтаа ч юмуу уур бухимдал барах өчнөөн асуудалт, тохь тухгүй, ядруухан, дүнсгэр, шороотой, саарал хотоо хайрладаг гэдгээ мэдэрдэг миний хувьд "Улаанбаатар бол..." гэсэн мөр болгон үнэн үнэмшилтэй хийгээд гунигтай..."Америк" шүлэг, хэзээ ч Америкт хөл тавьж үзээгүй боловч тархиныхаа дийлэнхийг "Америк" гэсэн бүхнээр санамсаргүй, санаатай байдлаар дүүргэж өссөн, тэр зүг рүү тийм нэг талархангуй эсвэл гайхангуй хардаг нэгний хувьд гагц энэ  шүлгийн мөрүүдээр л Америк орныг дотроо босгоод "танин мэдчихсэн." Энэ танин мэдэхүй бол мэдээж өндөр өндөр байшингийн зургуудыг нь интернэтээс харах, ном, сэтгүүлээс нийгмийн ололт, иргэдийнх нь ахуй амьдралыг нь уншаад ойлгодгоос тэс өөр "танин мэдэхүй" юм.

"Миний хувьд Америк бол
Forrest Gump.
Жэнни Гампын зүрх эмтрэм булшин дээрх
Жинхэнэ юм шиг бичээсийг үсэглэхэд сэтгэл өвдөнө
Жинхэнээсээ-өвчилсөн-сэтгэл"...гэх мэт.





Улаангом


Хавар гэдэг улирал энэ хотын
Хаагуур нь ороод хаагуур нь гарсныг
Хагацангуй төрх санагалзангуй нүдтэй
Хайнгахан иргэдээс нь хэн ч санахгүй
Бас охид нь нялхаараа төлжиж
Барилга байшин шиг сэтгэл нь  үхжихийг
Хэн ч анзаарахгүй


Гэвч энд хавар хаанаас ч юм
Ирдгээрээ л ирж
Гэвч бас хаашаа ч юм
Буцдагаараа л буцжээ.
Үлдсэн нь гэвэл ийм нэгэн
Хагацангуй царай, санагалзангуй нүд
Хайнгахан инээх өсгөлүүн охид
Хаяахан мэндлэх дүнсгэр хүмүүс...


Улиангар нэгэнтээ навчлаад
Нэгэнтээ нүцгэрсэн ч
Улиангар улааран навчлаад
Ногоорон нүцгэрсэн ч
Цөхрөлтгүйгээр хавар энэ бүхнийг
Цөлийн балгас болтол нь давтсан ч
Улам биежих уйтгарын манандаа
Улам улам дасан живж
Үй олноороо гансран суугчдын
Үүрдийн амирланг олсон хот.

Я.Баяр, "Цөн" шүлгийн ном, 79 дэх тал

*       *        *

Улаанбаатар

Дуу чимээ ихтэй энэ л хотынхоо
дугуй толин нүүрэнд хичнээн их хайртай вэ?
Хааяа тэр толинд өөрийнхөө
хачин гунигтай төрхийг олж хардаг
Цоожтой хаалга нээлттэй цонх бүрээс нь
цочих, айх, түгших мэдрэмжээ сэргээн санадаг
Улаанбаатар бол ууж агсамнасан эр улс төр ярьж
хямдхан янжуурынхаа утаан цаанаас харагдахаа байсан
хорооллын давчуухан уушний газар.
Улаанбаатар бол орцны дуу сонсож,
онгоцны үйлчлэгч болно хэмээн мөрөөдөж өссөн охидын
богино банзлын хормойд наалдсан бохь.
Улаанбаатар бол мөсөн уул мөргөж аажмаар живж буй
асар том хөлөг онгоцны аврах жижигхэн завин дээр сууж,
ирээдүйнхээ талаар төсөөлөлгүй, гагцхүү
амь гарахын хүсэлдээ автсан сахалтай бяцхан жаал.
Улаанбаатар бол өвгөн нисгэгч бүхээгэндээ цус харван талийж
өрөвдөлтэй зорчигчид нь өмдөндөө тавихдаа
хэрхэн уул мөргөн дэлбэрч, хэд нь амьд гарахаа
таамаглан суух иргэний нисэхийн хугацаа нь дууссан онгоц.
Улаанбаатар бол тамираа тасартал хашхираад ч
хэн ч олж сонсохгүй их элсэн цөлийн дунд төөрч
халуун наранд ухаан балартан хаашаа зүглэхээ мэдэхээ байсан
жуулчны өрөвдөлтэй амьдралын хором бүрийг гэрчлэх
өврийн дэвтрээс тасарч унасан жижигхэн цаас.
Заримдаа Улаанбаатар дайны талбар мэт эмх цэгцгүй,
шархдагсад нь байшин хашааны нөмөр бараадан
тэрийн хэвтэж тэнгэрээс гэнэт бурханы гар сарвайн
аягатай ус дөхүүлэхийг хүлээн суух залхуучуудын
бүхэл бүтэн армийг бие дээрээ тэжээгч нүсэр том аалз.

Дуу чимээ ихтэй энэ л хотынхоо
дугуй толин нүүрэнд хичнээн их хайртай вэ?
Хааяа тэр толинд өөрийнхөө
хачин гунигтай төрхийг олж хардаг
Цоожтой хаалга нээлттэй цонх бүрээс нь
цочих, айх, түгших мэдрэмжээ сэргээн санадаг.



О.Элбэгтөгс, "Эмгэнэлийн үр хөврөл" шүлгийн номын 61 дэх тал


*        *         *


Америк

1.

Шөнийн эхэнд Манхэттанаас
(Зургаар нь эртнээс таних энэ арлыг
Зул мэт дүрэлзэгч түмэн гэрлээр дүрслээд,
алган дээр дэлгэн үзүүлж)
Ди-Сийг зорин хөөрсөн онгоц
Гэрэлт Филадельфийн дээгүүр нисэн өнгөрөх агшин мэт
Гайхамшигт үзэгдлүүдээр энэ ертөнц дүүрэн.

Бишрэгчдийнхээ нүдэнд Америк
Харь гараг дээр цогцолсон хосгүй ертөнцтэй адилхан.
Цэлмэг шөнө нисэн өнгөрөх онгоцыг
Гайхан ажих агуйн хүний нүдэнд л
Ийм сониуч бахдал, бас айдас гэрэлтэх вий.

Элэнцийг минь санагдуулам хөөрхий тэр хүний
Эрээн зоосоор агуйнхаа ханыг чимсэн
Хандгайн зураг амилж
Хаа нэг тийш ухаан зулаггүй давхихад
Халуун амьсгаа нь шилэн хүзүү төөнөж,
Хамаг биеэр жихүүдэс жирэлзэнэ.
Өндрөөс харанхуйд жирэлзэн үзэгдэх
Үл таних хотуудын гэрэл мэт...
                                          
                                           2007.11.14-15. Washington DC.
2.

Миний хувьд Америк бол
Нисэх мэт хөнгөхөн дүүлэх хэрэм.
Тэнийсэн дөрвөн мөчний нь хоорондох
Тэнгэр өөд тэмүүлсэн үл үзэгдэх далавч.
Үл-үзэгдэх-далавч.

Миний хувьд Америк бол
Хурдны зам дээр дайруулж үхсэн илбэнх.
Тэр илбэнхийн сүнс неон гэрэл болж
Тэнгэрийг баганадахад,
Ийм хийсвэр багана дээрээ тэнгэр
Ид шидээр л тогтож байгаадаа чичирнэ.

Миний хувьд Америк бол
Саажсан индиан бөө.
Од, бүргэд, баавгайнд хувирсан
Олон зоригт удирдагчийн уухай.
Тэнгэрт хүрээд буцаж унахдаа
Азарган бороо шиг,
Хараалын сум шиг асгарах
Хэнгэргийн галзуу хэмнэл.

Миний хувьд Америк бол
Төм хөхтэй, мансуурмаар инээмсэглэх бүсгүй.
Хос бумбан дундуур, бас
Хотгор нурууг нь даган урсах
Хоёрхон дусал бороо байх нь
Хүн болж төрөхөөс ч илүү санагднам
Ховс, тэсгэлгүй тэмүүлэл.

Миний хувьд Америк бол
Forrest Gump.
Жэнни Гампын зүрх эмтрэм булшин дээрх
Жинхэнэ юм шиг бичээсийг үсэглэхэд сэтгэл өвдөнө
Жинхэнээсээ-өвчилсөн-сэтгэл.

Миний хувьд Америк бол
Жааз хөгжим, үл таних яруу найраг.
Мичиган нуураас үлээх салхинд
Хар аяндаа сөхөгдөх номын хуудаснууд.
Эхний хуудсаас олж харсан хагас өгүүлбэрийг 
Эргэлдэх хуудасны хийсвэр зураг нөхөж гүйцээнэ.
Эргэлдэх хуудаснуудын бүжиглэгч дүрсийг ажиглахад
Эрдэнэшишийн ч юм уу, шар буурцгийн талбай намилзаж,
Түүн дотроос болжмор дэрхийн ниснэ.

Г.Аюурзана, "Сэтгэл рүү шагайгч Түүнд" шүлгийн ном, 45-47 дахь тал.


3 comments:

  1. сайхан бичлэг байна. өө бас тийм юм бна гэж уулга алдмаар гурван хотын тухай шүлгийг ингэж зэргэцүүлэн оруулсан чинь эргэцүүлэл төрүүлж байна.

    ReplyDelete
  2. Өө баярлалаа. Сайхан шүлгүүд шүү.

    ReplyDelete
  3. Миний хувьд Америк бол
    Хурдны зам дээр дайруулж үхсэн илбэнх.
    Тэр илбэнхийн сүнс неон гэрэл болж
    Тэнгэрийг баганадахад,
    Ийм хийсвэр багана дээрээ тэнгэр
    Ид шидээр л тогтож байгаадаа чичирнэ.

    ReplyDelete