НОМЫН МУХЛАГ

НОМЫН МУХЛАГ
"Номонд дурлана гэдэг үнэхээр магтууштай. Номын хорхойтнуудыг шоолцгоодог,
магадгүй үнэхээр ч инээдтэй харагддаг байх, тэд яг л дурласан хүмүүс шиг
болчихсон байдаг. Тэгэхээр тэдэнд атаархах ёстой юм биш үү?" 
Анатоль Франс



Өмнөх үе нь хойч үеэ ямагт голонгуй, гоочлонгуй нүдээр хардаг. Тэр л жамын дагуу картын барааны зурваст үед бага нас нь тохиож, зэрлэг капитализмтай өсвөр нас нь золгож, эдийн засгийн хямралын жилүүдтэй залуу нас нь учирч буй бидний үеийнхнийг аав, ээж, өвөө, эмээ нар маань ном уншихаа байсан задарсан моньднууд гэж шогширцгоох нь бий. Ай даа гэтэл, адтай уншигчид минь, өндөр өвөө, эмээ, хүндэт аав, ээж нар минь бидний үеийхэн ямархуу гал халуунаар шунан дурлаж бахтай сайхнаар ном уншдаг болохыг би номын тавиурынхаа хэдэн номыг нандигнан хайрлаж, хямгадан маллах гэж яаж нажидаа эдэлдгээс үүдэн бэлхнээ танд нотлон өгүүлж чадах билээ.

 Дор өгүүлэх нотолгоо бүхэнд алдаа мадаг, алдас хэтрүүлэл нэгээхэн бээр ч үгүйг амлахын  зэрэгцээ энэ их нажид зовлон, баяр хөөр, харуусал гуниг, инээд наргиа, унтууцал бухимдал, гайхшрал тээнэгэлзээ, эцсийн дүндээ ийм их адал явдал ердөө оготно хөеөгөө цуглуулах мэт уйгагүй хурааж хуримтлуулсан хэдэн номоо анд найз, амраг садан, танил нөхдөдөө уншуулахаар харамгүй өгдөг өгөөмөр сэтгэлээс минь, биш ээ, ердөө л утга зохиолын үнэнч уншигчийн хувиар хүртэх учиртай үйлийн үр, хувь тавилангаас минь үүдэлтэйг өчих юун.

 Ижил олон номон сүрэгтээ тогтож өгдөггүй байн байн өөр эзний гарт орж ор сураггүй алга болчих гээд байдаг хамгийн тогтворгүй номын магнайд гарцаагүй алдарт Габриел Гарсиа Маркезын “Зуун жилийн ганцаардал” роман давхина. Хамгийн хайртай номоо хүсэхэд хясана гэгчээр гурав алдаж, дөрөв дэх удаагаа арайхийн олж авснаа нуршин өгүүлж таныг чилээгээд яахав. Харин сүүлд эмэгтэй найздаа сайхь номоо өгчхөөд эргүүлээд автал нэгэн хачирхалтай зүйл ажиглагдав. Утга зохиол дахь шидэт реализмын оргил бүтээлийн секс дүрслэл гардаг хуудаснууд бусдаасаа илүү үнгэгдэж, халтартсан байх нь тэр шүү. Ном зээлдэгч бид хоёр чамгүй дотно найзууд тул ярианы далимд би цаашлуулж явуулах замаар учрыг асуув. Гэтэл хэдэн нэрс давтагдаад, ураг төрлүүд хоорондоо дурлалцаад байдаг гээд цааш олигтой үг хэлж чадалгүй ердөө “хачин” ном гэж нэгэн уншигчийн тодорхойлсон “хачин” зохиолыг найз маань амтархан уншаад зогсохгүй бүр гар хангалгын гарын авлага болгон ашиглаад амжжээ. Би ч найзаараа зүй ёсоор бахархсан. Найз маань порно үзээд гар хангалга хийх бус, харин “Зуун жилийн ганцаардал” роман уншаад гар хангалга хийдэг оюунлаг хүн. Өөр найз маань харин энэ романд “эротик” хэсэг гардгийг огтхон ч санадаггүй юм. \Хүмүүс өөр хоорондоо юутай адилгүй!\

 “Ребека яваад очтол бүсэлхийгээр нь залуу эр шүүрэн өргөсөнд эрчилсэн хуйд дайрагдан хийсэж байна уу гэж санаж, түүнийг сурмаг гэгч нь гуравхан дохиод л хувцсыг нь шувт татан, бяцхан шувуухай шиг шалдлаад тавьчихсанд үхчихгүй юмсан гэж өөртөө байшгүй их хүч гаргажээ” гэх энэ хэсгийг би ч уншиж байхдаа ихэд таашаан тодруулан зурсан байх юм.

Дараагийн түүх харин ийм илэн далангүй гэхээс илүүтэй инээдтэй гэж болно. Хайртай яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд” хэмээх өгүүллэгийн номыг хуучин найз залуудаа уншуулахаар өгтөл буцаж ирэхдээ нүүрэн дээрээ 108 тоглож тэмдэглэсний ул мөр, өнөөх 108-чдын нэг нь хожсоныг бахтай нь аргагүй тэмдэглэсэн таван хошуу, өөр нэг нь адагт орсныг шившигтэй тунхагласан гахайн толгой зуруулаад ирсэн юм даг. Ямар дүүрчихсэн нь номын нүүрэн дээр...Ай да юу гэхэв.

 Нэгэн удаа номын сангаасаа Венедикт Ерофеевийн “Москва Петушки” романыг сугалан аваад найздаа өгөөд явууллаа. Гэтэл өнөөх маань 7 хоногийн дараа өрвийсөн амьтан надтай таарлаа. “Москва Петушки”-ийг авсан өдрөө л уншиж дуусаад зохиолын хүчтэй уур амьсгал, назгай нөлөөнөөс гарч чадалгүй 7 хоног дараалан архидаж яваа нь тэр гэнэ. Би мэдээж найзыгаа зэмлээгүй. Тэр маань бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг хүн, ном уншихдаа ч ийм чин сэтгэлээсээ, архи уухдаа ч тийм чин сэтгэлээсээ. Амьдралд зүтгүүрийн депо шиг уухилан давхих үе ч бий, Петушкидээд дамартаж явах ч үе бийг мэргэн уншигч та юу эс андах вэ.

 Зуун жилийн ганцаардал”-ын эзэн, хүний хорвоогоос явахдаа мянга мянган шар эрвээхий тэнгэрт нисгэж ялгуусан амьдралаа үхлээрээ баталсан, зарим хүмүүсийн зүрхэнд ердөө Габо гэх дөрөвхөн үсгээр дотночлон тодрох шидэт үлгэрч өвөө нэгэнтээ “Амьдарна гэдэг амьдралын тухай бичихийн нэр” гэж хэлсэн байдаг. Уншигч миний хувьд харин “Амьдарна гэдэг уншихын нэр” байв. Утга зохиолоос өөр үнэндээ юу ч мэдэхгүй хэдий ч өрсөн үсэг, наасан цааснаас бүрдэх энгийн л номоор дамжуулан хэчнээн баялаг ертөнцөд нэвтэрч, хэчнээн янзын хүмүүстэй амьдралын тойрогт хувь заяа огтлолцон тааралдаж, хэчнээн янзын адал явдал, үүх түүх хөвөрдөг гэж та санана. Тиймээс номоор дамжуулан танилцсан хэн бүхнийг би дотночлон санаж хайрладаг юм. Хүн хэчнээн янзын адилаар уншигчид ч төчнөөн янз.

 “Цагаан соёот” романы анхны хэвлэлийн арын хавтсан дээрх моодгор сүүлтэй, бяцхан хар бэлтрэгийн зургийг өхөөрдөн үнссээр байгаад цайлгаж орхисон бяцхан уншигчийг ч тэр, Фолкнерын “Өвгөд”-өөс үзэл санаа хайгаад олоогүй цөхөрсөн нэгнийг, Айн Рэндийн төгс хүн хаана ч байдаггүйд амьдралд гомдоллон дургүйцсэн найзаа ч тэр, Жойсын “Улисс” романыг таван удаа эхлүүлээд эхний гурван хуудаснаас нь цааш ахиулж чадалгүй шантарсан нэгнийг ч тэр, жорлонд баасныхаа подхийн унах чимээг чагнан суунгаа хайрын шүлэг уншиж уярсан найзаа ч тэр, номын  сангийнхаа тал номыг нээж үзэлгүй тоосонд даруулах авч цалингаа авмагцаа номын дэлгүүр лүү харайлгадаг бадрангуй ном цуглуулагчийг ч тэр, ердөө л дуртай зохиолоо англи, монголоор харьцуулан уншсаар байгаад англи хэл сурчихсан уйгагүй суралцагчийг ч тэр, хайртай зохиолчдынхоо төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэн гол төлөв халамцуу явдаг ирмүүн уншигчийг ч тэр, 40 хүртлээ уран зохиолын ганц ном уншиж үзээгүй хэр нь Юкио Мишимагийн “Алтан сүм” романыг анх уншаад л номын амтанд эргэлт, буцалтгүй орчихсон хижээл эрийг ч тэр, араар тавьсныг нь уучилсан боловч хайртай зохиолчийнх нь номыг газар шидэж дээрээс нь дэвсэлснийг л уучилж чадалгүй найз залуугаасаа салсан найзаа ч тэр, бие биедээ шүлэг уншиж өгсөөр дурлалцсан хосуудыг ч тэр, цахим ном унших нь бэлгэвчтэй загас наадуулахаас ялгаагүй гэж үздэг хамтран ажиллагчаа ч тэр, орныхоо хөндийгөөс шуудай ном гаргаж ирээд “бусдаас ш**сан номнууд” гэж сайрхсан найзынхаа найзыг ч тэр, том өрөөнийхөө ханаар дүүрэн өрсөн номын сангийн зургаа твитерт оруулаад “энэ чинь л миний Хамер шүү дээ” гэж бахархсан твитерчинг ч тэр, дүн шөнө нойр нь хулжихаар дуртай номнуудаа тойруулж тавиад голд нь унтдагаа жаахан гуниглангуй хуучлан суусан найзыгаа ч тэр би цөмийг хайрладаг.

Үнэндээ энэ бүх уншигчид яах гэж ном уншдагийн учрыг мэдэхгүй. Би өөрийгөө ч сайн ойлгодоггүй. Найз маань Макондогийн тухай уншиж эхлэхдээ гар хангалга хийнэ гэж төсөөлөөгүй биз, ганц номын хуудас нээгээд л долоо хоног архидна гэж хэн бүр ч бодоогүй биз, нүд нь гэрэлтэн уншиж суугаа охин ганцаардахдаа номоо өвөртлөн хань болгоно гэж санаагүй биз, үнэндээ би ч үлгэр сонсож өссөн балчир насандаа Үгсийн ертөнцөд эргэлтгүй татагдаж, өрөөнийхөө буланд үг үсэг даган бэдэрч суунгаа ийм их адал явдалтай учирч, гуниглуу, галзуу, омголон, уйваагүй, гал халуун, уйтгартай, хүүхэд шиг түмэн янзын хүнтэй учирч танилцана гэж зүүдлээ ч үгүй билээ. Эгээ л амьдрал шиг ийм болзоогүй болохоор л би, бид уншдаг ч байж мэдэх юм.
 Зугаацах гэж, сургамж авах гэж, мундаг болох гэж бүү унш. Амьдрах гэж унш.

Густав Флобер

3 comments:

  1. Сайхан өгүүлжээ..

    Унших нь бидэнд урагш ахих боломж олгодог ч байж мэдэх. Би уншихаа зогсмогц нэг л гацсан мэдрэмж төрөөд байдаг юм..

    ReplyDelete
  2. Odoo ingeed bodson chn bagadaa nom l oldvol noiloo tugjeed unshaad suuh durtai baij bilee. Daanch holdood udjee. gants uguulel ch buren unshij chadamgui yaaruu yvsaar taarah yum

    ReplyDelete