Үргэлж хамт



Хүүхэд насны минь гэрэлт өдрүүд тэдгээр номын хуудаснаа одоо ч гэрэлтэн буй, гялбаа цацраг нь одоо ч миний дотор нэвчин буй. Өсвөр насны жаалууд нэгэнтэйгээ танилцахаараа их сүртэй зүйлс асууна аа, тэр л асуултуудын нэг "чиний хамгийн жаргалтай мөч юу" гэсэн асуултанд би "тэр тэр номыг уншсан мөчүүд" гэхээс өөр хариулт толгойд орж ирдэггүй байж билээ, яагаад ч юм надтай номонд хорхойтой хүүхэд цөөхөн таарч байсан болохоор сүүлдээ ингэж хариулахаасаа ичих болсон. Гэвч энэ бол цор ганц үнэн нь. Миний анхны ном-Шаалуу хүү Маугли, үргэлжлүүлээд Тарзан, за тэгээд амьтны тухайх гайхамшигт ертөнцөд маань "Цагаан соёот" орж ирснээр намайг дэндүү жаргалтай болгож, тийм болохоор л би амьтанд ийм хайртай. Ахмад Немо, Нууцат арлын ид шидэнд ховсдуулаад нэг хэсэгтээ цагаан хоолтон болж, Монте Кристо гүнийг жил болгон зуны амралтаараа уншихаа үүрэг хэмээн үздэг байж билээ. Майн Рид, Жюль Верн, А.Дюма, Теодар Драйзер, та бүхэнд-гадаа халтартан тоглохоос өөр олигтой хийх зүйл олдоггүй, телевизийн хоёрхон суваг гардаг хүүхэд насыг маань ид шидийн ертөнц болгож хувиргасны чинь төлөө дэндүү ихээр талархнам. Харин хэзээ миний хүүхэд нас дуусчихсан хэрэг вэ? Америкийн эмгэнэлт явдлыг уншсаны дараагаас уу, үгүй ээ тэгэхэд би жаахан хүүхдээрээ л байсан. Яг үнэнийг хэлэхэд 8 дугаар анги хүртлээ би амьдралыг уншсан хэдэн номоороо л төсөөлдөг гэнэн нь хэтэрсэн охин байсан. Аз жаргалыг зөвхөн ном уншихаар л төсөөлдөг байсан гээд бодохоор нулимс ивлэх шиг. Гэвч нэг л өдөр хүүхэд насныхаа тэдгээр амтат чихэр шиг, ид шидийн үзүүлбэр шиг гэрэлт номнуудад баяртай гэж хэлээд том хүн болчихсон, хүүхэд байсан үе шигээ уншдаг хэвээр ч номнууд маань ч намайг дагаад том болчихсон. Одоо би номоо тэвэрч унтаад зүүдэндээ үргэлжлүүлэн уншдаг жаалхан охин биш болсон ч, амьдралын аар шаархан асуудлаас эхлээд өөрийнхөө, бусдын өмнө хүлээсэн хариуцлага, өөрийгөө авч явах үүрэг гээд өчнөөн зүйл унших цагаас маань хумслах болсон ч, уншсан ном-төсөөллийн ертөнцдөө өөрийгөө хөвүүлэхээс илүүтэй амьдралд биечлэн оролцох нь олширсон ч чин үнэндээ юусан билээ? Ээж, өвөө, хайртай хүнтэйгээ адил эн тэнцүү хайрладаггүй гэж үү, анхны үнсэлт, дурлалтай л адил зүрхийг догдлуулдаггүй гэж үү, хайртай хүнийхээ халамжинд бөмбөрөхтэй адил жаргаадаггүй гэж үү, дотно хүнээ үхэлд булаалгахтай адил шаналгадаггүй гэж үү, амьдралд учирсан хоёр замын алинаар нь явахаа шийдэж ядах адил бодлогошруулдаггүй гэж үү, ном намайг? Тийм ээ, тэгдэг, үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй, үүрд өөрчлөгдөхгүй.


2 comments:

  1. Ургын овогтоо Ном гэдэг үг оруулчихвал яасын хө. кккк

    ReplyDelete
  2. Хаха, яанаа тээ. Ургийн овог биш ч гэсэн, надад нэг бодсон юм байдаг юм аа. хихи

    ReplyDelete