Хамгаас товойсон арын хэсэг рүү чинь өшиглөнө дөө \movie\


Сцен 1: Үзэн ядалт, өрөвдөлт
Энэ бол нэгэн охины "овоолсон ялгадас"-ын хэмжээнд үзэж байсан киногоо хайрлах болсон түүх юм. За тэр маазрах ч яахав. Гэвч энэ маазраан маань үнэний хувьтайд энэ түүхийн гол зангилаа оршино. Энд яригдах кино маань "Kick-Ass" буюу "Өгзөг өшиглөгч" хэмээх нэртэй, 2010 онд хийгдсэн эд. Нэг хэсэг бокс оффист нэгт яваад байсан билүү, яасан билээ, зурагтаар трейлэр нь гарахад би бүр мэл гайхаж, цэл  хөхөрч, ийм мулгуу кино ашиг орлогоороо тэргүүлж байдаг ертөнцийг өрөвдөн халаглаж билээ. Оройд чөлөөт цагаараа зурагтын суваг эргүүлэх тоолонд ядаж байхад харваас "bullshit" царайтай, хачин хөх ногоон хувцастай "юм" гардаг өнөө кино нь яасан ч их таардаг юм, бурхан тэнгэрийнхээ нэрийг дуудаж, нүдээ аних нь холгүй юм болж байгаад хурдхан шиг сувгаа солидог байлаа.

 Сцен2: Тэвчихийн аргагүй тохиромжгүй санал
Тэгтэл гэнэт л нэг хүн надад өнөөх киног чинь үзэхийг санал болгодог байна шүү. Яачихсан ертөнц вэ, яахаараа надад ийм тэвчихийн аргагүй тохиромжгүй санал тавьдаг юм бэ? Би "иймэрхүү" кино үзэж цагаа үрж суудаг хүн ч биш, би арай өөр хүн шүү, чи наад үгээ тэр хэндээ л хэл гэсэн шүү юм бодогдож байсан ч тэр хүн намайг ятгаж дөнгөсөн учраас үзэхээр шийдлээ, тэгээд өнөөхөө бүр үзлээ шүү. \Амьдралд ам гарч болохгүй ээ гэж...\

Сцен3: Хамгаас товойсон арын хэсэг рүү чинь өшиглөгч
Орчлонгийн хамгийн ноцтой, төвлөрсөн царай гаргачихаад элдэв, шалдав дэмий юм ханатлаа чалчих өсвөр насны хөвгүүд, супер баатар, комик цувралын фенүүд. Гэтэл нэг нь бүр зүгээр шүтэн бишрээд, шүлсээ үсчүүлэн яриад явах хангалтгүй санагдсан юм байлгүй өөрөө баатар болохоор шийдэж, ногоон, шартай хувцас захиалж хийлгэн өмсөөд бейсболын цохиур шиг хар ногоон хоёр юм бариад гэрээсээ гараад явлаа шүү. За ойлгомжтой шүү дээ, ингээд л гараад явмагц ямар нэгэн шавьжид хазуулаад, эсвэл аянганд цохиулаад, эсвэл толгой дээр нь юм унаад ямар нэг супер хүчтэй болно, тэгээд л супер баатар болоод гоё охин авраад тэрэнтэйгээ үнсэлцээд кино дуусах биз гэж бодоод аймаар залхсан царайтай сууж байлаа. Тэгтэл өнөөх маань хоёр давхар байшингийн дээврээс үсрээд л харуулдаж ойчоод л нэг л бүтэлгүй ээ, бэлтгэл хийгээд л байгаа бололтой, супер баатар болох чин хүсэлтэй ч супер хүч нь байдаггүй ээ, за ингэж байгаад азтай тохиолдлоор болчихно доо гэж бодоод л үргэлжлүүлээд үзээд байлаа.
Өнөөх чинь бэлтгэлээ хийж дууссан гэж үзсэн бололтой ногоон, шартай нүд халтирам хөгийн хувцасаа өмсчихөөд гэгээн цагаан өдрөөр гудамжаар явж байна аа, тэгтэл хэдэн залуус машин хулгайлж байхтай таарлаа, өнөөх чинь бэргэсээр явж очоод "Би өгзөг өшиглөгч байна, наад машинаасаа холдохгүй бол болгоод өгнө шүү" гэлээ шүү, нөгөөдүүл нь түүнийг тохуурхан элэглэж, ногоон бэлгэвч углачихсан юм уу, хаашаа юм, миний дүү холхон зайл гэж хариу барилаа шүү. \Нээрээ л хувцас нь ногоон өнгөтэй бэлгэвч шиг, хихи\ Гэтэл өнөөх чинь бууж өгсөнгүй хоёр цохиураа бариад дайрдаг юм даа, тэр мөчид л гэнэтийн азтай явдал тохиолдож супер хүчтэй болоод үзүүлж өгнө биз гээд хараад сууж байтал нөгөө залуусын нэг нь түүн рүү хутга бүлж орхилоо. За өнөөх чинь амь тавихын наагуур амьтан эмнэлэгт хүргэгдэж хэдэн хоног эмчлүүлж байгаад эдгэрээд юутай ч амьд мэнд гарлаа шүү. Ердөө л супер баатар болж, муу муухайтай тэмцэж, хүмүүст туслах хүслээсээ болоод өөрөө гүйж очоод шахам хутгалуулчихсан амьтан одоо ингээд хашраад больчих биз гэж бодож суулаа. Тэгсэн тэр бууж өгсөнгүй, өнөөх нүд хальтирам хувцасаа өмсөөд орой болсон хойно гараад явлаа. Энэ удаад алга болсон муурыг эзэнд нь эргүүлж олж өгөхөөр шийджээ. Ашгүй тэр муураа модон дээр авираад гарчихсан байхыг олж буулгах санаатай модруу мацаж байна аа. 

Азтай ч юм уу эзтэй тохиолдлоор супер хүчтэй болчихоод түүнийгээ ашиглаад хүний амь аварч байгаа, супер баатар болох чин хүсэлтэй ч супер хүчгүй жив жирийн хүү алга болсон муурыг модноос буулган эзэнд нь эргүүлж өгөх гээд зүтгэж байгаа хоёрын аль нь чухам үнэхээр баатарлаг үйлдэл юм бол доо?

Тэгж явж байгаад өнөөх чинь хэдэн залуу нэг хүнийг бүлэглэн зодож байхтай таарчихдаг юм. Супер хүч байтугай, биеийн тамирын хичээлдээ ч тааруухан өнөөх чинь хамгийн халагламаар нь дахиад л өнөөх зодоон руу явж ороод зодуулагчийг өмөөрнө. Сиймхий гарах хооронд зодуулагч зугатаж зодож байсан хүмүүс нь араас нь хөөж, өгзөг өгшиглөгч маань ч тэдний араас гүйсээр хүн ихтэй гудамжинд бүгд барьцалдан унаж, зодоон нүдээн үргэлжлэнэ. Тэр дунд шар, ногоон бэлгэвч шиг хувцастай амьтан зодуулагчийг өмөөрөөд өөрөө ёстой дэлбэртэл зодуулна даа, чааваас. Өнөө хэдэн залуус ч гайхаж нэг нь  "Чи чинь ямар үхсэн үлийгээ хийгээд байгаа юм бэ? Зүс ч мэдэхгүй энэн шиг хогийн новшоос болж үхэх гээ юу, чи? " гэж аргаа баран хашхирахад өгзөгч өшиглөгч "Гурван новш олон түмний нүдэн дээр нэг залууг хээв нэг зодож байхад намайг үхсэн үлийгээ хийгээд байгаа юм бэ гэж үү? Тийм ээ, би үхсэн ч хамаагүй, хүрээд ир, та нар" гэдэг юм. Өнөөдүүл нь ч энэ хариултыг  сонсоод гайхсан байртай хэсэг алмайрч байгаад зодуулагчийг орхиод яваад өгнө, өнөө зодуулж байсан залуу "баярлалаа, хөгшөөн" гэж талархал илэрхийлнэ. Яг энэ явдлыг тэнд байсан нэг хүн утасныхаа камераар бичиж аваад интернэтэд тавьчихсанаас болж "Өгзөг өшиглөгч" нэрд гарна даа. 

За ийм нэг өсвөр насны хүүхдүүд гардаг кино юм байж гэж бодоод сууж байтал гэнэт Николас Кэйж гараад ирдэг юм даа. Нэг охинтой. Аав, охин хоёр. Эд бол харин супер бэлтгэлтэй, супер баатрууд мөн. Тэр охиных нь хэрсүү, хэвлүүхэн, шаламгайг хэлэх үү, аав нь Николас Кэйж болохоор нүдэн дулаахан санагдсаныг хэлэх үү? Кино ер нь супер баатар болох гэсэн чин хүслээс өөр юу ч үгүй жирийн хүү, бэлтгэл, сургуулалтын хүчээр супер хүчтэй болсон аав, охин гэсэн хоёр шугамтай. Энэ шугам хэрхэн огтлолцох, киноны үйл явдал цаашид яаж өрнөхийг өөрсдөө үзэх нь илүү амттай.

Төгсгөлийн сцен: You are my Hero
Тийм ээ, энэ киног үзэж дуусахад "овоолсон ялгадас"-ын хэмжээнд үнэлж байсан урьдын сэтгэгдэл ор мөргүй үгүй болсон. Ер нь киног \юуг ч гэсэн дээ\ бүтэн үзчихээ ч үгүй байж урьдчилан айхтар, айхтар дүгнэлт хийсэндээ өөрөөсөө ч ичих шиг. 

Түүнд дүүлэн нисэх, үзэгдэхгүй болох чадвар байхгүй, барилга байшинг үйрч бутартал цохих хүч чадал үгүй, ердөө л сайн үйл хийх чин сэтгэл нь түүнийг супер баатар болгосон.
Муур модноос буулгах гэж багагүй зүдэрдэг мөртлөө муу муухайг дарж, сайн сайхан үйл бүтээдэг супер баатар болох чин хүсэлтэй, дэлбэртлээ зодуулаад байгаа мөртлөө л ухардаггүй, хүсэлдээ чин үнэнч үлдэж чаддаг нь мунхаглал, хийрхэл ч гэмээр юм шиг, ногоон бэлгэвч шиг нүд хальтирам хөгийн өмсгөлтэй өсвөр насны жив жирийн нэгэн хүү- миний хамгийн хайртай "супер баатар". 






1 comment: