Хөгжмийн судалгааны талаар ийм сонирхолтой ярилцлага байна


\За Баясаагийнхаа блогоос ийм сонирхолтой ярилцлага олж уншсанаа өөрийнхөө блогт оруулчихлаа\

Индианагийн их сургуулийн зочин судлаач, доктор Л.Эрдэнэчимэг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 8-нд 16 цагаас Индианагийн их сургуулийн Соёлын төв өргөөнд судалгааныхаа тухай лекц уншлаа.
Индианагийн их сургуулийн зочин профессор, доктор Л.Эрдэнэчимэгтэй судалгааных нь талаар хийсэн сонирхолтой ярилцлага

2007.10 сар. Блүүмингтон хот

1970-аад оны сүүл үес. Орос оронд үйлдвэрлэсэн ижил загварын хөнгөн тэргүүд хотын гудамжаар хөлхилдөж эх хотын амьдрал үргэлжилнэ. Төдөлгүй ажил тарж хотын хөдөлгөөн сийрээд Улаанбаатарын намуухан үдэш эхлэв. Сүрэг тагтаа үүрэлсэн Улсын филармоны ордны дээвэр дээр дунд сургуулиа төгсөөд төдий л удаагүй охин өвөрмөц сонин хөгжмөөр өөрийнхөө сэтгэлд нийцсэн аялгууг үнэн сэтгэлээсээ нямбайхан хөгжимдөнө. Энэ охины хар багын мөрөөдөл нь хөгжим тоглох. Нэгэнтээ зүүдэнээ олон түмэн цугларсан танхимд хөгжимдөж байгаагаа харснаар түүний амьдрал ая эгшгийн ертөнцтэй хүйн холбоотой болжээ. 1970-аад оны сүүл үесд ийнхүү өөрийгөө ирээдүйн их мэргэжил, амжилтандаа бэлтгэж байсан охин өдгөө хэдийнээ Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Азидаа нөлөөтэй Шанхайн консерваторид суралцаж дэлхийд дээгүүрт тооцогдох Индианагийн их сургуульд өөрийн судалгааны ажлаараа үнэлэгдэж зочин профессороор уригджээ. Түүний судалгаа нь хөгжим судлалыг тойрсон түүх, одон орон, математик, цөмийн физик, гүн ухаан, хэл шинжлэлийн нарийн төвөгтэй харгуй бөгөөд бүхий л судалгааныхаа зорилгод эх монгол нутгийнхаа өв соёл, мянга мянган жилийн бахархлыг дэлхий дахинд сурталчилахыг тэмүүлсэн уйгагүй хөдөлмөр шингэжээ. Хархан багадаа хөгжимчин болохоор мөрөөдсөн тэр мөрөөдөлдөө хөтлөгдөж 30 жилийн туршид суралцсаар ирсэн тэрбээр Индианагийн их сургуулийн төв танхимнаа олон орны хөгжим судлаач эрдэмтэд, хөгжимд хайртай хүмүүст зориулан судалгааныхаа ажлыг тайлагнаж байна. Эрдэнэчимэг доктор монгол, орос, хятад, англи хэлээр судалгааныхаа ажлыг хийхийн хажуугаар латин, түвд бичгийн хэл сураад амжжээ. Мөн удахгүй цаашдын судалгаандаа зориулан араб хэл сурах ойрын үеийн төлөвлөгөөтэй гэнэ. Түүнтэй эрдэм судалгааных нь ажлын талаар хэдэн хором хөөрөлдлөө.

-Та яагаад хөгжим судлаач болохоор шийдэв ээ?
-Би 1965 онд 6 настай байхдаа хөгжмийн сургуульд ормоор байгаа хүсэлтэйгээ ээждээ хэлсэн юм. Тэр үед би шөнө нь хөгжим тоглож байна, олоон хүмүүс намайг тойроод зогсчихсон үзэж байна гэж зүүдэлсэн юм.
Тэгээд хөгжмийн сургуульд ормоор байна гэж ээждээ хэлтэл, ээж маань тийм сургууль хаана байдгийг хайж олъёо гэж хэлсэн. Тэр үед манайх зуун айлын нэг давхар шавар байшинд амьдардаг байлаа. Тэгж байтал сургууль орох цаг ч болж би Нэгдүгээр арван жилд орсон юм. Хичээлдээ явахдаа хөгжмийн сургуульд орж чадсангүй гэж уйлаад л явдаг байлаа шүү дээ. Тэгэхэд энэ Эрдэнийн Бат-Үүл, Чимидийн Энхээ бид чинь нэг анги байлаа. Гэтэл нэг өдөр манай ээж намайг дагуулаад Хөгжим бүжгийн дунд сургуульд очиж шалгуулсан юм. Тэгсэн чинь ашгүй тэнцчихвээ. Тэр шалгалтаар гоц авяъастай гээд гурван хүүхэд шалгаруулж авсан юм. Нэг нь хөгжмийн зохиолч Алтанхуягийн дүү Ганбаатар гэж. Ингээд би 1966 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийнхаа нэгдүгээр ангид дахин орсон юм. Нэгдүгээр ангиасаа дөрвөн жил төгөлдөр хуураар хичээллээд тавдугаар ангид сурч байтал “энэ гобой гэж хөгжимд таарах хүүхэд байна” гээд тэр ангид оруулсан. Уруул, шүд их шалгаж авсан. Тэр үед орос мэргэжилтэн Плейтцер гэж хүн байсан. Төгсөх үед Ничков гэж мэргэжилтэн багшлах болоод олон улсын хэмжээний конкурсэд намайг бэлтгэсэн юм. Сургуулиа онц төгсөөд Улсын филармонид 2 жил хөгжимчин хийлээ. Тэр үед онц төгссөн хүүхдүүдийг гадаадад сургадаг байсан юм. Гэтэл нэг айлын хоёр хүүхдийг зэрэг гадаадад сургахгүй гээд намайг шалгалтанд оруулсангүй. Тэгэхээр нь орой концертоо тарсны дараагаар Улсын филармоны дээвэр дээр гарч тагтааны үүрний дунд Гобой хөгжмөө хангинуулж хэрэндээ л дээд сургуулийн шалгалтанд өөрийгөө бэлтгэж эхэлсэн юм. Ингээд хоёр жил филармондоо ажиллаад шалгалт өгч тэнцээд Севердловскийн хөгжмийн дээд сургуульд явсан даа. Тэнд очоод шууд нэгдүгээр курст орчихлоо. Гэтэл нэг өдөр Алма-Атагийн хөгжмийн сургуулийн 2 дугаар курст суралцаж байсан манай дүү надруу утас цохиж “Москвагийн консерваторид шалгалт авч байна, та наанаасаа хөгжмөө бариад оч, би эндээс бас хөгжмөө аваад очьё, хамгийн мундаг сургууль шүү дээ” гэлээ. Тэгээд удалгүй Москвагийн консерваторид очиж гобой хөгжим, онол болон сонсголын шалгалтууд өгөөд өдөртөө тэнцичвээ. Тэр сургуульд элсэн орсноороо миний хамгийн гол сонирхол биелсэн юм.Учир нь Чайковскийн Консерватори бол хүний авъяасыг дэлгэрүүлж хөгжүүлдгээрээ гайхамшигтай дэлхийн хэмжээний сургууль л даа. Тухайн үед энэ сургуульд дэлхийн алдартнууд чуулсан эрдэм номын асар том өргө байлаа шүү дээ. Тэр сургуульд ороод л баруун европийн хөгжмийн онол судлаад байлаа. Тухайн үед тэр сургуульд монгол хөгжмийн хичээл ордоггүй, монгол хөгжим, эртний хөгжмийн түүхийн ном олох гэхээр ерөөсөө ном олдохгүй байсансан. Хөдөөгийн Пэрлээ гуайн хүннү нарын оромж сууцны талаар бичсэн хэд хэдэн зохиолыг уншихад хүннү нарын дотор эртний хөгжмийн нот байсан гэсэн ганцхан өгүүлбэр тааралдсан. Энэ л өгүүлбэрийн араас хөөцөлдөөд олон ном зохиол уншаад байлаа. Хөгжмийн нэр хүндтэй нэвтэрхий толиудыг үзэхэд монгол морин хуур хөгжмийг хүртэл ерөөсөө буриадын хөгжим гээд хэвлэчихсэн байлаа. Тэгэхээр нь ер нь яахаараа монгол хөгжмийг буриадын хөгжим гээд хэвлэчихдэг билээ? Яагаад монголынх гэж хэвлэдэггүй билээ гээд Бадраа гуайтай холбоо барилаа. Тэр үед би Бадраа гуайн шавь болж Бадраа гуай миний халамжлан хүмүүжүүлэгч гэсэн социалист үүрэг авсан байлаа. Очих бүрийд л их голно, бичсэн юмыг их шүүмжилдэг хүн байсан шүү. Гэсэн хэдий ч намайг судалгааны ажилд гойд сонирхолтой болгоход их зүйлийг сургасан учраас тэр хүнийг их хүндэлж, хайрлаж явдаг юм. Тухайн үед гобой хөгжмийн ангид явахынхаа хажуугаар Ю.Н.Холопов гэж багшид шалгалт өгч судалгааны ангид орсон доо. Ингээд судалгаагаа эхэлтэл монгол нутагт эрт үеэс дуу хөгжим үүссэн гайхамшигтай уламжлалтай ард түмэн юм байна, тэр ч бүү хэл дэлхийд гайхагдах хөгжмийн нот хөгжчихсөн байсан юм байна гэдэг нь тодорхой болсон.
-Хөгжмийн нотыг эртний монгол хэлэнд хэрхэн нэрийддэг байсан юм вэ?
-Эртний нот бичлэгийг “Ян-ег”, “Рол-эг”, “Дан-ег” гэсэн гурван төрөлд авч үздэг байсан байна. Үүнээс гадна дүрст нот, үгт нот, үсэгт нот болон утгат нот ч гэж нарийсч байгаа юм. Энэ нь миний цаашдын судалгааны хөрс суур, гол цөм болж хувирсан юм даа.
-Та 1993 онд та “Морин хуурын авиаг арга билгийн онолын үүднээс судлах нь” гэсэн сэдвээр эрдэмийн зэрэг хамгаалсан юм байна, энэ талаараа танлцуулна уу?-Би тэр судалгандаа ерөөсөө өмнө нь европийн хөгжмийн онолоор судлаж байсан морин хуурын авиаг нэг талаас буддын шашны, нөгөө талаас азийн хөгжмийн онолоор түлхүүрдэж судлахыг зорьсон юм. Тэгэхгүй л бол морин хуурын авианы онолын зарчим нь гарч өгөхгүй байсан. Яагаад гэхээр европд долоон нот хэрэглэдэг байхад азийн бүх орнууд тавхан пентатоник буюу хөгтэй бөгөөд түүн дээрээ тулгуурлаж л хөгжсөн байгаа юм. Нот нь хүртэл зүрхний бичлэг шиг тусгай бичлэгтэйгээр монголчууд өөрсдөө зохиосон байжээ. Би энэхүү судалгаагаа хийж байхдаа азийн хөгжмийн олон зэмсгийг харьцуулан судалж морин хуурын авиа бол дэлхийд гайхагдах хосгүй ховор юм байна гэдгийг мэдэрсэн юм. “Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдсандаа багтаадаг” гэж шүлэглэж байгаа нь ихээхэн сонирхол татаж байсан юм. Хорвоогийн бүх хөгжмийн авианы тансаг сайханууд морин хуурын авианд багтаж чаддаг. Хүний хоолойны хөөмийн өнгө, тэмээний буйлалт, адууны янцгаалт гээд энэ бүхнээс аваад үзэхэд л хүний хорвоогийн нарийн гайхалтай авиаг багтааж байгаа нь нотлогдож байна. Гэтэл европийн төгөлдөр хуур хөгжим л гэхэд морин хуурын гаргаж байгаа авиаг болон монгол уртын дууг гаргаж чадахгүй хязгаарлагдмал байсан. Ингэний буйлалт, адууны янцгаалтууд төгөлдөр хуураас гарахгүй. Тэгэхээр энэ бүхэн нь авианы онцлогтой болох нь тодорхой болсон. Ингээд морин хуурын авиаг Москвагийн физик, математикийн хүрээлэн дээр аспирант Тенган, манай профессор бид хэд нийлж байж морин хуурын хэд хэдэн бичлэг авиаг үелзэлийн нарийн шинжилгээнд оруулсан юм. Бас бичлэгнээс гадна тэнд очиж тоглолтоо хийсэн морин хуурчдын амьд аялууг шинжилгээнд оруулсан. Тэгээд авианы экстермэнтэд дүн шинжилгээ хийхэд морин хуурын авиа нь төгөлдөр хуур болон чавхдаст хөгжмүүд гээд бусад хөгжмүүдээс их ялгаатай байгаа нь нотлогдсон. Морин хуурын чавхдасны тоо бүрээр авианы жижиг жижиг бичил элементүүд их гарч тэдгээр нь нэгэн цөм болж дуугарч байсан. Тэгэхээр тус бүрдээ авиа төрүүлж буй хялгасны хүч бүрийг судлахлээр нэг чавхдсандаа 150, нөгөөдөө 120, нумандаа 90, нийтдээ 360 хялгас дуугарч байгаа нь тогтоогдсон. Гарцаагүй тэрийг нь тоолж судлаж үзэхээр нэгэн бүл дууг гаргаж байсан бөгөөд үүгээрээ “, зэс, төмөр утас”-т европын хөгжмүүдээс ялгаатай байсан нь тогтоогдсон доо. Морин хуурын хувьд бол цэвэр адууны хялгас байгаа учраас илүү байгальлаг, энгийнээр бодоод үзэхэд багсарсан олон хялгас дуугарах нэг өөр, нэг ширхэг төмрийн хялгас дуугарах нэг өөр байна биз дээ. Ийм чанар агуулснаараа морин хуур нь бусад хөгжмийн зэмсгүүдээс хавьгүй баялаг хөг эгшгийг гаргаж байгаа юм.
-Ер нь морин хуур хөгжмийг монголчууд түүхийн аль цаг үеэс эхлэн бүтээсэн юм бол оо?
-Судалгаанаас үзэх юм бол манай тооллын өмнөх III дугаар зууны үед Монголчууд хуурын авианы чанарыг мэдэрч байсан юм байна гэсэн тооцоо гардаг. Тэр үедээ бол хэнгэрэг дэлдээд л, бүрээ бишгүүр үлээгээд л анд гардаг байсан. Гэтэл тэр үед “хуур” гэдэг чавхдаст хөгжмийг хэрэглэж байсныг түүхийн эх сударт бичиж үлдээсэн байдаг. Хятадад тэр хөгжмийг “Ху кун хоу” буюу “Ху” нарын “Коу” хөгжим гэж нэрийдэж байсан байдаг. Энэ нь орчин цагийн хэлэнд Хүннү нарын хуур хөгжим гэж буудаг. Хятадын сурвалж бичигт Хүннү нар хуур хөгжим хөгжимддөг. Хуур хөгжим хөгжимдөхөөр “газраас хурга төрдөг” гэж сурвалж бичигт бичсэн байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хургаа голсон хонинд хургы нь авахуулахын тулд тойглохдоо хуур хөгжмийг ашиглаж байсан байна гэдгийг тайлбарласан хэрэг л дээ. Мөн нэгэн сурвалжид өгүүлснээр тухайн үеийн хятадын цэргийн эрхтэн ах дүү Ги Лин, Сү У нар хүннүгийн цэрэгт баригдаад нэг нь кавказын хязгаарт цөлөгдөөд нөгөө нь хүннү нарын дунд үлдэж 19 жил ямаа хариулсан байдаг. Тэр хоёр ийнхүү тусдаа хоригдож байхдаа хоорондоо захидлаар харилцсан нь түүхэнд “Сү У-гийн захидал” гэж үлдсэн байдаг. Сү У захидалдаа “Хүннүгийн цэргийн бүрээ шөнөдөө адуу үхэр мэт янцгаан мөөрөлдөхөд түүний дуу миний чихээр орж зүрхийг эмчинэ, дэрэн дээрээ унтаж яадан ийш тийш хөрвөөн нулимс туслуулна” гэж бичсэн байгаа нь хүннүгийн цэргийн бүрээн дуунаас их айдаг байжээ гэж үзэхэд хүргэдэг. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр тэр үеэс хүннү нарын дунд дуу хөгжим их алдартай хөгжиж байсан нь мэдэгдэж байна. Тэр бүү хэл хүннүгийн дараачин гүрэн болон Сүмбэчүүдийн /сяньби/ хааных нь өргөөнөө наян төрлийн хөгжмийн зэмсэг байсан сурвалж бий. Хүннүгийн үед “Хубис” гэж хөгжим байсан. Ван Зоу Жуний домог хэмээх хятадын сурвалж бичиг байдаг. Эртний хятадын хааны ордонд үзэсгэлэнт хийгээд авъаястай хатад эмсийг шалгаруулж хатан болгож авдаг байсан түүх бий. Тухайн шалгаруулалтанд яруу найраг уншдаг, зураг зурдаг, хөгжим хөгжимддөг, бүжиг бүжиглэдэг гээд урлагийн авъяастай хатдуудыг шалгаруулж авдаг байсан байна л даа. Ван Зоу Жун хэмээх үзэсгэлэнт бүсгүй тэр шалгаруулалтанд оржээ. Гэтэл ордны зураач тэр бүсгүйн зургийг их муухайгаар зурж хаанд танилцуулсанд, хаан тэр бүсгүйг голж Хүннүгийг хаанд бэлэглэх эмсийн тоонд оруулчихсан байгаа юм. Тэр бүсгүй хүннүгийн хааны ордонд ирээд их сайхан Пипа хөгжмөөр хөгжимдөж байтал өнөө хөгжим нь хүйтэнд цуураад хагарчихсан гэдэг. Ингээд хүннүгийн хааны зарлигаар тэр хөгжмийг дахин урлуулахаар болж уран дарханд үүрэг өгтөл огтоос адилгүй хөгжим хийгээд ирж л дээ. Тэгтэл өнөө хүүхэн дуу алдан “ээ, хум бу ши” /ёстой адилгүй болжээ/ гээд хэлтэл хүннү нар тэр шинэ төрлийн хөгжмийн зэисгийг “хубису” гээд нэрлэчихэж. Тэр хөгжим нь дөрвөн чавхдастай, морин дэл дээр тоглодог хөгжим байсан гэж сурвалжид өгүүлсэн байдаг. Энэ хөгжим нь одоо устсан хөгжмийн зэмсгүүдийн тоонд орж байна. Миний морин хуурын тухай судалгааны үр дүнд нь 12 төрлийн өгсөх чанарын нэмэх цэнэгтэй де, хасах цэнэгтэй 12 диез, мөн нэмэх цэнэгтэй 12 бемоль, хасах цэнэгтэй 12 бемоль гэсэн нийтдээ 24 авианы шинж чанар зэрэг бичил элементийг гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл 24 бичил авиа зохиосон гэсэн үг. Үүгээрээ Монголын ард түмний зохиосон морин хуур хөгжим нь авианы хувьд хосгүй баялаг хөгжмийн зэмсэг бөгөөд монгол хөгжмийн авиа нь дэлхийн хөгжмийн онолын түүхэнд шинэ зүйл оруулснаараа онцлог юм. Үе уламжлан ирсэн морин хуур хөгжим нь дэлхийн хөгжмийн нэгэн сор юм аа гэдгийг харуулахыг л зорьсон доо.
-Та 2000 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ талаар өгүүлээч?
-2000 онд хамгаалсан сэдэв маань “Гүр дууны гүн эгшиглэнгийн увидас” гэсэн нэртэй. Гүр дуу гэдэг маань монголчуудын дунд дуулагдаж байгаад устсан, одоо байхгүй, хэн хүн мэдэхгүй шахам болсон сэдэв л дээ. 1989 онд Монгол телевизийн хөгжмийн программд Бадраа багшийн дараагаар “Ардын дуу хуур” гэдэг хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж өгөөч ээ гэсэн санал ирсэн юм. Ингээд би телевизийн болон судалгааны нөхдүүдтэйгээ хамртан Баянхонгор аймгийг зорьсон юм. Намрын сэрүү орсон цөөхөн өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллахдаа орон нутаг судлах музейгээс гүр дууны нот олсон юм. Тэгээд цааш нь судлаад байтал Галуут суманд гүр дууг хөгжүүлж байсан Чин сүжигт Номун Хан Лувсанноровшийрав хэмээх мэргэн хүн байсан байна.
-Гүр дуу гэж чухам ямар утгыг агуулж байнаа?
-Гүр дуу гэж монголоор бол Гүр соронзон хаан, Дайчин гүрэн улсын сударт “Их агуу” гэсэн утгайтай. Гүр гэдэг нь эртний түвд хэлний дуудлагаас орж ирсэн юм байна лээ. Гүр татах гэж хэлц бий. Тэр нь хоолойгоор татах, хоолойгоор унших буюу “бясалгалын дуу”, “сүлд дуу” гэсэн утгатай.
-Гүр дууг “Сүлд дуу гэж ойлгож болох уу?”
-Тийм. Зөвхөн номын найранд л дуулдаг бясалгалын хийгээд сүлд дуу гэж хэлж болно. Өөр газар дуулдаггүй байсан байна. Гүр дууны судалгааны ажлын зорилго нь мартагдсан зүйлийг л сэргээж гаргаж ирэх зорилготойгоор сүмийн тоосонд дарагдсан судруудыг судалж гаргаж ирсэн бүтээл юм. Монголчууд өөрсдөө шүлгий нь, ая, нотыг нь хүртэл бичээд гүр дууг бүтээсэн байдаг. Үүнийг зарим судлаач багш нар маань монголчуудын оюуны алтан орд илэрлээ гэж дүгнэж байлаа.
-Гүр дууны нот болон европын хөгжмийн нот хоёр ямар ялгаатай вэ?
-Маш их ялгаатай. Гүр дууг зохиож байсан гэгээнтнүүд бол гурван төрлийн нотыг бий болгосон байдаг. Нэг нь хүний хоолойгоор унших нот, хоёрдахь нь хөгжимөөр хөгжимдөх нот, гуравдахь нь ая дант буюу шүлгийн хажуугаар давхар аялах нот зэрэг гурван төрлийн нотыг бүтээснээрээ европын нотоос ялгаатай. Европын хөгжмийн нот бол ерөөсөө л таван чавхдас дээр бичигддэг бол Монголчууд арван чавхдаст ятга хөгжмийн үндсэн дээр хуурын манлайг “нот”-лосон байгаа юм. Хуурын манлайг яаж аялахыг Ян-гигийн аялгуугаар тэмдэглэсэн байгаа юм. 1701-1768 оны үед амьдарч байсан Чин сүжигт Номун Хан Лувсанноровшийрав гэдэг хүн нотыг нь анх зохиосон юм.
-Энэ хүн өөрөө гүр дууны нотыг зохиосон байх нь ээ?
-Тийм өөрөө зохиосон юм. Шүлгийг бол ерөөсөө л бурхны шашны гүн ухаан дээр үндэслэсэн Махагалын залбирал, Чойжилийн залбирал, Лхамын залбирал гээд бурхдуудын магтаал дээр үндэслээд төвдийн яруу найраг, монгол уламжлалыг сүлэн гүр дууг зохиож байсан байна. Гүр дууг бүтээхдээ Монгол уртын дууны аялгуун зоригдлыг аваад, монгол ахуйд шүлэглэн үүндээ төвдийн шүлгийн онолын зарчимд суурилуулан гүр дууг монгол соёлын нэгэн хэсэг болгон төгөлдөржүүлсэн байгаа юм. Үүгээрээ тухайн үедээ шинэ зүйл байжээ. Гүр дууны шүлгүүд их сонин. Байгаа юмыг байхгүй, байхгүй юмыг байгаа болгож дүрсэлдэг. Энэ бол хүний оюун ухааны хамгийн дээд хэлбэр бол ухамсар агаад хийсвэр сэтгэлгээ. Гүр дуу нь хүний хийсвэр сэтгэлгээг их хөгжүүлэх боломжтой. Жишээ нь Рашилхул гэдэг морийг дуугаар буй болгосон нь нисдэг морь байх жишээтэй. Өөрөөр хэлбэл гүр дуу нь хийсвэр сэтгэлгээг хөгжүүлсэнээр оюун ухааны дуу болчихож байгаа юм. Буддын шашны дөрвөн том урсгалын нэг Төв үзлийн урсгал нь дотроо 20 задардаг бөгөөд тийхүү 20 задарч байгаа бүлгээс ухааны урсгалыг баримталснаараа сэтгэлийн төдийхний ёсноос их ялгарч байгаа юм. Энэ судалгааны үр дүн нь ерөөсөө л хүний гурав дахь мэлмий, гурав дахь сонор болсон оюун ухааныг дээдэлсэн монголын ард түмний гайхалтай өв соёл болсон гүр дууг гаргаж ирэх байлаа.
-Энэ чиглэлээр таны шавь нар судалгаа гүнзгийрүүлж байгаа юу?
-Зөндөө бий. Наранцацаралт гээд “Маанийн аялгуу”-гаар докторын зэрэг хамгаалсан хүн бий. Гүр дууг буудын шашинтай уялдуулсан байдлаар хэд хэдэн лам нар судалгаа хийж байгаа.
-Би таны судалгааны номуудыг үзэж байтал монгол гэрийн хэлбэрт нийцүүлэн авиаг нарийвчлан задлан шинжилсэн юм байна. Энэ тухай танилцуулж өгнө үү?- Морин хуурын судалгаан дээр үндэслээд ч тэр, гүр дууг судлаж байхад ч тэр авианы шинж чанар маш өвөрмөцөөр гарч байсан. Яагаад гэхээр монгол хүний дуулдаг дуу авиа нэг өөр, гадаадын хүмүүсийн дуулж байгаа авиа нэг өөр байсан. Монгол хүн гүр дууг дуулахад яагаад тийнхүү явианы шинж чанарыг нарийн эзэмшиж чадаж байсан бэ гэхээр Зандраабаадий, Лувсандамбийжалцан нар авиаг маш сонирхолтой, хүний биеийн биологи талаас нь судлаж байсан байна. Азийнхан, тэр дундаа хятадын эртний хөгжмийн онол нь авиаг илүү одон орон талаас нь судалж математик хэлбэрээр тодруулж байсан байдаг. Гэтэл европийн хөгжмийн онол дандаа физик судлагдахуун дээр судалсан байдаг. Гэтэл тэр хоёрын дундаас миний судалсан арга зүй бол цөмийн физикийн үүднээс судлах нь илүү тохиромжтой юм байна гэдгийг дэвшүүлсэн юм. Өдгөө эрдэмтэд цөмийн физик дээр судалгаа явуулаад хүний бие мах бодь дээр цөмийн физикийн судалгаа аравны хасах 35 зэрэгт хүртэл гүнзгийрсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр хөгжмийн судалгаа маань цөмийн физикийн аравны хасах цэнэгтэй 67 зэрэгт хүртэл бүр нарийн түвшинд хүрээд байна. Тийм учраас хөгжмийн судалгаа нь маш гүнд хөгжиж, судалгааны аргачлалынхаа хувьд хүрээгээ тэлж байгаа гэсэн үг. Сонсголгүй хүмүүс дээр судалгаа хийж үзэхэд энгийн хүмүүсийн яриаг сонсохгүй мөртлөө, эхийн тухай дуу, аавын тухай дуу тавихаар сонсоод уйлж байсан байна. Тэгээд тэр дууны утгыг сонсож байна уу? гэхээр сонсож байна гээд байдаг. Тэгээд яаж мэдэрч байна гэхээр төрөлх мэдрэмжийн зөв совин гэж хүнд байгаа юм байна. Тэрхүү зөн совин хаагуур мэдэрдэг вэ гэхээр хүний мэдэрхүйн эрхтнээр дамжиж хүний тархинд очдог байна.
-Чихээр дамжилгүй юу?
-Чихээр биш, ясны цөмөөр мэдрэмж дамжиж байна гэсэн үг.
-Тухайлбал маш нарийн долгионоор дамжиж байна гэсэн үг үү?
-Тэрхүү долгионыг дэлхий дахины хөгжмийн онолд “агаарт байгаа хэлбэлзлийн үйл ажиллагаа” гэж үздэг. Энгийнээр бол дуугарч л байгаа учраас хүний чихэнд очоод дуу авиа болоод байна гэж үзэж байгаа. Харин миний гүр дууны судалгаагаар бол зөвхөн долгион бус тасархай фотоны урсгал юм аа гэж үзсэн. Хэрвээ долгион юм бол дүлий хүн сонсож чадахгүй, долгион биш учраас, долгионоос илүү нарийн зүйл мөн учраас л сонсголгүй хүн сонсоод байнаа гэж үзэхэд хүргэсэн. Ийм учраас л маш нарийн тасархай фотон буюу бичил гэрэл эрчим хүчин дээр анхаарал төвлөрсөн юм. Энэ үүднээс авч үзвэл өнөөдөр би энд дуулж байхад миний ээж намайг монголдоо сонсч болно. Тэрхүү бичил эрчим хүч болсон гэрэл нь нарны цацраг, сарны туяагаар дамжиж хаана ч хүрч болно гэж үзсэн. Ийм нарийн холбоо байж болохыг л гүр дууны судалгаагаар гаргаж ирэхийг зорьсон юм.
- Өнөөдөр 11 дүгээр сарын 8-нд 16 цагаас Индианагийн их сургуулийн Соёлын төв өргөөнд өөрийн судалгааныхаа тухай лекц уншlаа. Энэ арга хэмжээнийхээ тухай танилцуулаач?-Индианагийн их сургуульд ирээд 2 жил хагасын хугацаанд 5 илтгэл тавьж , 7 өгүүлэл хэвлүүллээ. Энэ хугацаандаа нэг зорилготой ирсэн. Тэр нь XIII зууны үеийн Юан улсын судруудыг хятадууд ихэнх нь судлаад хэвлүүлээд гаргачихсан байна. Гэтэл манай улсад 210 боть Юань гүрний судрууд хэвлэгдээгүй байна. Яахав хэл зохиолын хүрээлэнд хэлний эрдэмтэд ганц хоёрыг нь хэвлүүлсэн л дээ. Юан улсын судрыг анх удаа Дэмчигдорж 1917-1928 оны хооронд орчуулж монгол хэл дээр товчлон гаргачихаад байхад одоо хүртэл судлахгүй байна. Энэ судрыг нарийвчлан судалж хойч үедээ өвлүүлэн тайлбарыг нь хийх чухал байна. Мөн энэ судруудыг зүгээр хэл бичгийн хүн судлавал ойлгомжгүй зүйл их бий бөгөөд заавал хөгжим судлаач судлах шаардлагатай бүлгүүд бий. Жишээ нь “Гүн дагун жидагун болон хубисвал, гурбан хуби илгээнэ, гурбан хубиас гурбан хубийг илгээвээс Юү дагун болж хубирсан нь, Юү дагунаас гурбан хубийг нэмвээс жидагун сам дагун болно” гэх мэтээр дандаа хөгжмийн хэлээр тайлбарласан байгаа. Энэ нь хүн ойлгоход бэрхшээлтэй. Миний судалгаанд Дэмчигдоржийн монгол эхийг хятад эхтэй нь тулгаад орчин цагийн бичгээр тайлбар хийгээд түүнийгээ англи хэлрүү хөрвүүлэх ажил хийж байна. Энэ судалгаанд бас чамгүй шинэ зүйлүүд гарч ирж байна. XIII зууны үед монголчууд хааны ордондоо хөгжмийн асар гайхамшигтай ёслолтой байсан юм байна. Тэр ёслол өнөө устсан байна. Хааны ордонд энэ хөгжмийн ёслолыг явуулах зарчим, дүрэмтэй байсан байна. Тэр дүрэм мөн устчихжээ. XIII зууны үеийн Монгол гүрний ордны хөгжмийн зарчим нь азийн бүх л улсын ордны хөгжмийн зарчим болж байсан байна. Хамгийн чухал зүйл нь ордны хөгжмийн онол байсан байгаа юм. Тэрхүү хөгжмийн онолын хамгийн сонирхолтой нь “Жаран эгшгийн зарлиг” гэж байсныг төвд хэл дээр “янлаг дүгжү” хэмээх нэрээр олоод байна. Эртний монгол хэл дээр олсон нь Гүн Гомбожавын “Гангын урсгал” болон “Мэргэд гарахын орон” зэрэг эх сурвалж дээр “Жаран эгшийн зарлиг” хэмээн бичсэн байна. Хятад хэл дээр “Леү Ши Лү” /жаран эгшийг зарлиг/ зэрэг олон орны хэл дээр ордны хөгжмийн онол хадгалагдаж иржээ. Тэр бүү хэл хөгжмийн эгшиг бүр нь өөртөө нэр томъёотой байсан байна. Жишээ нь “дуулан эгшиглэх долоон ума”, “зургаан жирхүг”, “дууны таван магад” гээд. Гэтэл энэ нэршлүүдийг бид өнөөдөр мартжээ. Энэ ордны хөгжмийн онолын тайлал нь өдгөө математикийн арфиметик аргаар судлагдаж байна. Монголчууд бүх зүйлийг гурвын тоогоор билэгддэг. Эцэг, эх, хүүхэд гурав, бадамласан галын дөл гурав, Соёмбоны оргилд наран, саран, гал гурав, өнгөрсөн, өдгөө, ирээдүй гурван цаг, яагаад тулгын гурван чулуу авдаг юм бэ? Яагаад дөрвийг авдаггүй юм бэ гэдэг нь их сонин. Италийн зураач Ченин Чи нэгэнтээ дөрвийг авбал миний зураг хөгжинө, гуравыг авбал миний зураг мөхнө гэж хэлсэн байдаг. Гэтэл монголчуудын хувьд гурав гэсэн тоо хөгжлийн их түлхүүр юм. Тэгэхээр гурвын хослол нь ес болно. Есөн есийн наяан нэг болдог. Өөрөөр хэлбэл гурвын дөрвөн зэрэгт нь 81 байна. Ойрд Монголчуудын хуулинд бичихдээ: “Монголчууд гавъяа байгуулсан хүнд есөн есийн наян нэгэн бод богоор шагнадаг. Гутамшигт зүйл хийсэн хүнийг мөн тооны бод богоор торгодог” хэмээсэн байдаг. Монголын нууц товчооноо “Тангудын хаан Чингис хаанд бэлэг барихдаа есөн есийн наян нэгэн бод бог, есөн есийн наян нэгэн агтас тэмээд, есөн есийн наян нэгэн алтан мөнгөн тэргүүтийг, есөн есийн наян нэгэн нугууд охидыг бэлэглэсэн” хэмээдэг нь наян нэгийн тоо маш чухлыг илэрхийлдэг. Энэ тоо нь зүгээр бэлэг төдийхөн тоо биш юм. Монгол таван ханатай гэрийн унь 81 байдаг. Мөн эгшгийн 108 гэсэн тоо их учиртай. Жишээ нь 108 суврага, 108 эрхи гээд. Монгол эрдэмтэн Лувсандамбийжалцан нэгэнтээ “Хүний үе бол 108 байна” гэж айлдсан байдаг. Анх Менделеев хүртэл үелэх систем зохиохдоо 108 элементийг жагсаасан байдаг. Бурхан шашны Данжуур судар гэхэд 108 боть зэрэг эдгээр тоог бэлгэдсэн учир агуулга нь их гүнзгий учир холбогдолтой юм. Үндсэн таван эгшиг нь 81, 108, 72, 96, 64 гэсэн тооны онолд хуваагддаг. Энэ бол “гурваар тэгшигтгэх хөгийн жимийн онол” юм. Үүнийг дэлхийн олон оронд бус Монголд гүнзгий хөгжсөний учрыг монгол гэртэй холбон тайлбарласан.
-Таны дараагийн судлагдахуун аль зүгт чиглээд байна вэ?
-Юан улсын судрыг судалснаар “хорин дөрвөн бичил эгшгийн онол”, “гурваар тэгшитгэх хөгийн жимийн онол”, “жаран эгшгийн зарлиг” энэ бүх онолыг таван эгшгийн онолтой буюу пентатониктой холбоод үүнийгээ дэлхий нийтэд танилцуулах анхны алхам болж Индианагийн их сургуульд англи хэл дээр хэвлэгдэх гэж байна. Нэг үгээр хэлбэл миний бүхий л судалгаа монгол ухаан, монгол түүх, монгол соёлынхоо гүнрүү л чиглэж, түүнийгээ дэлхий нийтэд ойлгуулан танилцуулах зорилгод л тэмүүлдэг юм. Дараагийн бас нэгэн том судалгаа бол төвдийн хөгжмийн Оролмойдамчоо гэж судар бий. Энэ судар нь азийн хөгжмийн түлхүүр онол юм.
Мөн нэгэн чухал судалгаа бол Чингис хааны их байлдан дагуулалтын үед Арабын улсууд дотор “ардын дуу хөгжмөө цуглуул” гэсэн Чингис хааны зарлиг гарсан байна. Энэ зарилигийн дагуу Арабын хааны ордонд дууны хоёр том дэвтэр бичигдсэн байна. Энэ дэвтрүүдийг арабын хөгжим судлаачид судлаад Чингис хааны үеийн ордны хөгжимтэй холбоотой бидний мэдэхгүй зүйл маш их байна гэж асуудал дэвшүүлээд 1994 онд Токиод хэвлүүлсэн байна. Энэ бол миний цаашдын судалгааны цөм бөгөөд сэтгэл хөдөлгөсөн асуудал болж байна. Ихэнх байлдан дагуулалтын үед эзлэгч гүрнүүд харъяат улсынхаа түүх соёлыг устган харгислаж байсан түүхүүд олон. Гэтэл Чингис хааны алсын бодол төрийн бодлого нь эзлэгдсэн ард түмнүүдийнхээ соёлын өвийг нандигнан өвлүүлэх бодлого баримталж байсан гэдэг нь үүнээс харагдаж байна. Мөн Чингис хааны бага хөвүүн Тулуйн эхнэр Сорхугтанибэхи мусулманчуудыг дэмжиж 1000 оюутны сургууль байгуулсан нь түүхнээ “Хатны сургууль” гэж алдаршсан байдаг. Тэрээр хаадын алтан сургуулыг амаараа цээжлээд 23 боть ном бичин өвлүүлж өгсөн байна.
2007 оны 11 сарын 08
Тэмдэглэсэн: С.Эрдэнэболд

No comments:

Post a Comment