Ф.Гарсиа Лорка-Бороо

Испани хэлт гайхалтай яруу найрагч Федерико Гарсиа Лоркагийн "Бороо" хэмээх шүлгийг зохиолч Г.Аюурзанын орчуулгаар хүргэж байна. Ай даа, урт хэлбэрт энэ шүлгийг уншихад бороонд удаан гэгч нь норж зогссон аятай болно.  


Бороо


Бороонд нууцлаг бүхнийг нээх чанар,
бодлогошронгуй зүүрмэглэх өнө эртний амт буй,
зохиогдоогүй, өөрөө төрсөн дуу түүнтэй хамт сэрж,
зоргоор унтах байгалийн нойрмог сэтгэл чичирнэм.

Хөх номин үнсэлтэд газар дэлхий мансуурч,
хүй эртний домог амилж ахин сэргэнэм.
Тэнгэр, газар хоёр анх болзох мэт гирэвшиж,
тэдний ичимхий учрал үдшийг нэвт асгарнам.


Хур бороо-үр тарианы үүрийн гэгээ.
Тэр бидэнд цэцэгсийг авчирч, тэнгисийн ариун салхийг анхилуулж,
сэмхнээр оршуулгын газарт ахуй амьдралыг булшилж,
сэтгэлийг тэгээд үзэгдэхгүй үүрийн туяаг гэх харууслаар дүүргэж,

сүйдэж үрэгдсэн амьдралын цөхрөл алжаалыг нэмж,
"Сүйрсэн, бүх зүйл өнгөрсөн!" гэх эдгэшгүй бодлыг дуудна.
Аль эсвэл хэзээ ч болохгүй өглөөний түгшүүрт хий үзэгдлийг,
аюул занал нуугдсан бие махбодын өвчнийг сэрээнэм.

Шижигнэх саарал чимээнд ялдам энхрийлэл сэрж,
сэтгэл зүрхний гүн цэнхрээр туяарч,
эмзэгхэн  дуслууд цонхон дээр хэрхэн үхэхийг бясалгахуй
итгэл найдвар өөрийн эрхгүй уй гашууд хувирнам.


Хязгааргүйн мэлмий болсон энэ бороон дуслууд
хязгааргүйн зүг, төрүүлсэн эхийн минь нүд рүү ширтнэм.

Бүүдгэр шилэн дээгүүр дусал дуслаар урсах
бөнжгөр судлын үзүүрт алмаазан шарх мэт чичрүүдэс үлднэм.
Жирийн олон манан дундаас олж үзэхгүй бүхнийг
ариун усны шүлэгчид л үрэл нэвт харцгаанам.

Аяа, нам гүм, тогтуун, зөөлөн бороо минь,
ажин түжин, урин намдуу, хонхон цэцгийн хур минь,
амгалан тайван, шиврээ бороо чn л жинхнээсээ
аяны зам дээр хайр, гунигийг цацлан сэржимднэм!

Аяа, эх нутгийн минь бүлээн бороо чи л дусал бүртээ
ариухан булгийн сүнс, анзаарагдашгүй шүүдрийг тээнэм.
Тэгш тал дээр нэгэн хэмээр эгшиглэн буухдаа
тэвэр цээжиндээ сарнайн хосгүй дэлбээг нээнэм.

Нам гүмийн дунд чи эртний дуу гүвтнэж,
навчсын өнгөнд алтрах ид шидийг шагнанам,
хоосорсон зүрх тэр л дуунд чинь уймран өмөрч
хорвоогийн гаслангийн  гарцгүй, харанхуйд сөхрөн автнам.

Гэрэлтэгч борооны тэр л гуниг зүрхнээ бууж,
хэзээ ч биелшгүй мөрөөдлийн хяслант ухаарал дагалднам.
Гил хар тэнгэрт намайг аргадан одод түгэвч,
хэлшгүй гоёыг нь таашаан баясах нүд энд үлдсэнгүй ээ.

Аяа, зөөлөн бороо, чи-цэцэгсийн амраг,
аялгуут хөгжмийн даруул дээр буухад чинь зүрх тайтгарнам.
Тэнүүн талын гүнд амгалан харанхуйг юүлдэг шигээ
тийм л аяз эгшгийг чи хүмүүний сэтгэлд бэлэглэнэм!

                                                                                           1921.

2 comments: