"Хар судар" нэрт романаас түүсэн шүр сувд оршвой


Хоёр найзыгаа дуурайгаад блог постоо нэрлэчихлээ. Нэрнээс нь тодорхой биз, "Хар судар" романаас өөрт таалагдсан хэсгүүдээ түүж оруулахаас өөр зорилго энэ удаад тавиагүй тул зохиолч Орхан Памукийн тухай хийгээд зохиолоос төрсөн сэтгэгдлээ хожим боломж гарвал дэлгэрэнгүй хуваалцъя хэмээн хойш тавин энэ удаад цөөн хэдэн учрыг өгүүлье. 

Ойрд олигтой том бүтээл барьж авч уншиж завдахгүй явсаар эцэстээ нэг арайхийн Орхан Памукийн "Хар судар" нэрт романтай золгон, удаан уулзаагүй анд нөхөртэйгээ уулзаж, танил дотно орчиндоо очсон мэт сэтгэлээр шунаглан уншсаар сүүлийн хуудаст хүрч номоо хаах агшинд сэтгэл санаа тавирсан ч оюун бодол ээдэрч нэг их гүнзгий санаа алдахад хүрэв. "Зуун жилийн ганцаардал"-тай эн тэнцэхүйц таашаал төрүүлсэн романтай энэ олон жилийн хойно ийнхүү учран золгосондоо туйлбаргүй баярлахын ялдамд зохиогч Орхан Памукийг туйлгүй ихээр хайрлах сэтгэл төрснийг нуугаад юун. Үйл явдлын үзүүргүй ээдрээнээс илүүтэй хүний оюун, сэтгэлийн хүчирхэг монолог, дурсамж, шаналанд соронз мэт татагддаг би вээр Орхан Памукийг Борхес, Маркез тэргүүтэй хайрлан, биширдэг зохиолчдынхоо жагсаалтанд зүй ёсоор хүндэтгэн залсан билээ.

Зохиогчийн хувьд утга зохиолын салбарт 54 насандаа нобелийн шагнал хүртсэн нь магадгүй Албер Камюг эс тооцвол харьцангуй залуудаа энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсан нь тэр биз. 

Эцэст нь тэмдэглэхэд "Мастер, Маргарита хоёр", "Гэм зэм", "Кармазовын хөвүүд" зэрэг утга зохиолын бишрэм сайхан орчуулгуудаараа уншигч биднийг байнга баярлуулан гигүүлж байдаг Ц.Гомбосүрэн гуайн яруу сайхан, хөвөрсөн, нарийн нягт найруулгад талархан мэхийж байна.

\Энэ мэт утга зохиолын сайхан орчуулгууд цувран нэмэгдсээр Марсел Прүстийн "Алдагдсан цагийн эрэлд" монгол хэлнээ хөрвүүлэгдэх цаг удахгүй ирнэ хэмээн итгэнэм.\


*      *       *
  • Желяль: "Ой санамжийн цэцэрлэг нь хожгороод ирэхлээр хүн хараахан өгөршөөгүй сүүлийн хэдэн мод, цэцгээ цөгцөгнөн арчилдаг. Би тэдгээрийгээ: 'санаж байна, санаж байна, үүнийг ч би эрхбиш мартах ёсгүй' хэмээн өглөөнөөс үдэш хүртэл чадах чинээгээрээ услан тордож байна" гэсэн.
  • Уран Бедий ард түмэн, амьдралын хэв маяг, үүх түүх, технологи, соёл, урлаг, утга зохиолоо өөрчилж болно гэж үздэг, харин дохио зангаагаа өөрчлөх бололцоо байхгүй гэдэг байж.
  • Алхимичид алтын нууцыг олох гэж оролдохдоо тэдний хүч чармайлт хэзээ ч амжилтад хүрэхгүйг мэдэхгүй байсан боловч эрэл хайгуул тэдний амьдралын утга учир байсан учраас хэзээ ч зовж гуниж байгаагүй. 
  • Чиний амьдрал бол ердөө нөгөө хүний зүүд гэдгийг бүр ноттой баталлаа ч гэсэн, энэ маань юуг ч өөрчлөхгүйг би сүүлдээ ойлгосон юм.
  • Шургуу дайчин, бас нас барснаас нь хойш дурсан бичиж болохоор хүмүүстэй танилцаж бай. \Хөгшин сэтгүүлчийн залуу сэтгүүлчдээ өгсөн зөвлөгөө\
  • Хүмүүс хос хосоороо бүтээгдсэн гэдэг бол худлаа, аль ч хүн өөр хэнтэй ч төсгүй гэдгийг би эцсийн бүлэгт ойлгосон. Аливаа ядуу бүсгүй өөрийнхөөрөө ядуу. Тэнгэрт байгаа од болгон хосгүй бөгөөд ганцаардмал билээ.
  • Тэр хүүхэн  хичнээн гоё шигээ төчнөөн гунигтай аж.
  • Би олон жил өөрийгөө хөндлөнгөөс ажихдаа: "Миний бүх юм дажгүй байна", эсвэл "Үгүй ээ, нэг их төстэй биш байна" гэж боддог байлаа. Заримдаа бас: "Би төстэй байна, гэхдээ илүү хичээх хэрэгтэй" гэж хэлэх минь ч бий; "Хүсч байсан төсөө би эцсийн бүлэгт оллоо! Нээрэн би төстэй байна, би Тэр боллоо" гэж сэтгэл хангалуун хэлэх аз жаргалтай мөч ч бас байсаан.
  • Дэндүү хүнд тэгнээ тээхийг үл хүссэн догшин мал ачаагаа туйлан хаядаг шиг, бидний ой санамж маань юун түрүүнд ангижирдаг, таягдан хаядаг дурсамжийн дарамт ачаа гэж юу болохыг би яагаад ч шийдэж чадаагүй-хамгийн дургүй ачаа юу, хамгийн хүнд үү, эсвэл авч хаяхад хамгийн хялбар нь уу?
  • Тэгээд хотын амьдрал, дүрслэн боддог амьдралаас дутуугүй бодитой гэдэгт итгэж авчээ: аргагүй шүү дээ, ертөнц бол ном юм чинь гэж бодсон байна. Ийм амьдралыг уншихад таатай байсан учраас тэрээр гудамжинд зөрж байгаа улсын царай, элдэв тэмдгийг ажиглан, нүдэнд нь хотыг  нээж өгч байгаа шинэ шинэ хуудсыг эргүүлэн, олон цагаар хэрэн тэнэнэ.
  • Би тэдний хүссэн хүн болсоор байсан, тэгээд өөр болохын тулд олон жил ажилласан, хожим эрийн цээнд хүрсэн хойноо, хэдийнэ шинэ эхнэртэйгээ аж төрөх болсон эцгийнд ирэхэд тэд миний тухай: "Ээн маань их ажилласны үрээр ямартай ч амжилтй олжээ" гэх болсон. Хамгийн муухай нь, би өөрийгөө өөр болгон харж чадахгүй байна, би тэдний болоосой гэж байгаа хүн болохыг хүсэхгүй байна, гэтэл тэр дүр надад нойтон хамуу шиг наалдчихаад салахгүй байна, би тэдний дунд байхдаа өөрийнхөө үгээр биш, нөгөө болохыг хүсэхгүй байгаа хүнийхээ үгээр ярьж байгаагаа мэдээд байна.
  • Өнгөрснөө гээсэн, ой санамж, мөрөөдлөө гээсэн хүн байснаас өөр хэн нэгэн, бүр дор ч хамаагүй хүн болж хувилсан нь дээргүй юу?
  • Бүр хамгийн муухай аллагад ч жижигхэн ч гэсэн ямар нэг хосгүй зүйл байдаг бол хамгийн муу номонд тийм зүйл байдаггүй.
  • Бидний зүүд бол хоёр дахь амьдрал маань юм. Жерар де Нерваль \зохиол доторх ишлэл\
  • Хорвоогийн аливаа юм бүхэн хоёр дахь утгатайг нээсэн хүний гайхшийг төсөөлөх гэж үзлээ. Манай ертөнцийн дотор нуугдсан ертөнцийг төсөөлнө, ахуй бүхний хоёр дахь утга надад нээгдсэний дараа энэ ертөнцийнхөө шинэ ухагдахуунд яаж мансуурахаа төсөөлнө.
  • Мевляна өөрийг нь урамшуулан зоригжуулж, зүрхэнд гал бадрааж чадах "өөр хүнээ", өөрийнх нь нүүр царай, зүрх сэтгэлийг тольдож чадах толийг нэг насаараа хайжээ.
  • Тэрээр байнга адал явдал хайж байдаг өөрийнхөө ухааныг халаглан зүхэв: ертөнцөд элдэв нууц тэмдэг, учиг сэжүүр, хоёр дахь, гуравдахь утга гэж байхгүй. Энэ бүхэн бол түүний ургуулан бодсон зүйл төдийгөөс цаашгүй, уран сэтгэмжийн л үр хөврөл. Юм болгон өөр юмыг биш өөрийгөө л заадаг ертөнцөд яагаад амьдарч болохгүй билээ. Тэгэх юм бол үгүүлэл ч, үсэг ч, нүүр царай ч, гудамжны дэнлүү ч, Мелхи ахаас үлдсэн энэ шүүгээ ч, энэ үзэг ч, Рюйягийн хурууны хээтэй хайч ч, аль нь ч эргэлзээтэй нууцын шинж тэмдэг өөртөө агуулахггүй, өөрөөсөө өөр юуг ч заахгүй байх болно. Ногоон бэхтэй үзэг ердөө л ногоон бэхтэй үзэг байх болно, өөрөө бол өөрөөсөө өөр хэн ч байхыг хүсэхгүй болно.
  • Алах ял заагдсан хүмүүс түүхэнд орохын тулд, домог болж үлдэхийн тулд бардам загнаж, эрэлхэг юм ярьж байх ёстой гэж үзээд, уйлж байгаа эрчүүдийг үзэн яддаг тэнэг цаазчид шиг авирлахгүй ч, амьдралын завсар зуурын хэрцгий байдлыг ойлгох ухаангүй нөгөө тэнэгүүдийн адил өрөвч сэтгэлээр өөрийгөө хүлэхгүй.
  • Гараар хүрч болох юм бүхэн оюун санааны ертөнцөөс биет ертөнцөд шилжихдээ өөрийн авиатай байдаг учраас ахуй, эс ахуй хоёрыг зааглагч шугам нь авиа ажээ. Үүнийг ойлгоё гэвэл хамгийн чимээгүй хоёр юмыг хооронд нь мөргөлдүүлэх хэрэгтэй. Хамгийн хөгжингүй авиа бол мэдээж үг, үг бол бидний "яриа" гэж нэрлэдэг эрхэм барилгыг бүтээдэг шидэт тоосго, үг өөрөө үсэгнээс бүтнэ.
  • Тэр нууц хаа сайгүй, юм болгонд, хүн болгонд байгаа. Ертөнц бол учиг сэжмийн далай, энэ далайн дусал болгоны цаанаас нууцын шорвог мөр гарч байгаа.
  • Тийм аяллын дараа жуулчин явсан махир тахир замаа зураг дээр мөшгин харахад, нүдэнд нь өөрийнх нь нүүр тодрон ирж, тэр нүүрэн дээр байгаа үсэг амьдралын нууцыг түүнд нээж өгч буйг мэдэрнэ, тийм жуулчид сар гийсэн зуны дулаахан шөнө худаг руу хувин хийгээд татахдаа цэв хүйтэн ус төдийгүй, хувин дүүрэн учир битүүлэг тэмдэг, оддыг гаргаж ирнэ.
  • Бурхан хэдийгээр нигур \нүүр\ нь далд байдаг ч хүний царайгаар өөрийгөө илэрхийлдэг.
  • Галип: "Ертөнц өөрчлөгдсөнийг олж харахын тулд, чи өөрөө өөр хүн болсноо ойлгоход л хангалттай юм байна" гэж боджээ.
  • Найруулга чинь чиний дуу хоолой. Бас бодол санаа чинь. Чи жинхэнэ мөн чанараа найруулгаараа илэрхийлж байсан. \Хэл бичгийн найруулгыг хэлж байна Хүний бичгийн найруулгаас тухайн хүний зан байдал тодордог гэдэгтэй би санал нийлдэг.\
  • Уншина гэдэг бол толинд харна гэсэн үг, толины нууцыг уншиж чадсан хүн толины чанадад гардаг, харин үсэгний нууцын тухай ойлголт байхгүй хүмүүс зөвхөн нүүрнийхээ улигт тусгалыг хардаг.
  • Бидний цуг үзсэн киног чи хүнд ярьж байхад би чамайг хайрлаж, чи бид хоёрын ой тойнд ямар өөр өөр юм тогтдогийг айдаст автан ойлгож авсан.
  • Жирийн юманд гайхамшиг байдгийн адил гайхамшигт жирийн юм бий, гайхамшгийн учир үүнд байгаа юм.
  • Зуун жилийн тэртээ, тэр үед манай хотод төөрсөн тахиа шиг гудамжаар тэнүүчилж явдаг сая сая ажилгүйчүүд байгаагүй, гүвээ толгой хог новшинд дарагдсан байгаагүй, гүүрэн доогуур элдвийн бузар юм урсаж байсангүй, яндангаас давирхай шиг хар утаа баагиж байсангүй, зорчигчид автобусын зогсоол дээр бие биенээ тохойгоороо ёворч түлхэлцэж байсангүй. \Яг л манай хотын зураглал шиг, ер нь Хар судрыг уншихад бидний нөхцөл байдал, ахуйтай төстэй зүйлстэй их тааралдсан нь бүр л дотно, танил\
  • Өөрөөрөө байхын тулд хүн зөвхөн өөрийнхөө дуу хоолойг сонсох ёстой, өөрийн түүхтэй, өөрийн бодолтой байх ёстой.
  • Хүн уурлахаараа өөр хүний уурын амьсгааг мэдрэнэ. Хүн өөрийнх нь дотор дуугараад буй бусдын дуу хоолойг сонсохгүй байж гэмээнэ, бусдын бодож олсноос ялгаатай өөрийн түүхийг бодож олж гэмээнэ өөрийн дуу хоолойтой болж чадна гэдгийг Хунтайж мэднэ. Хунтайж үүнийг "бусдын санаатай тулалдах" гэж нэрлэжээ.
  • Би өөрөөрөө байж чадаагүй учраас аз жаргалтай байсан байж магадгүй, гэтэл падишахын үүрэг бол аз жаргалтай байх бус, өөрөөрөө байх явдал. \Анударын дөрөв биш дөрөв дээр яг энэ санаа гардаг. "Надад аз жаргал хэрэггүй, "би" хэрэгтэй" гэсэн байдаг. \
  • Өөр хэн нэгэн биш, өөрөөрөө байхын тулд би ном, зохиолч, үүх түүх, дуу хоолойноос заавал ангижрах ёстой байсан. 
  • Хунтайж өөрт нь нөлөөлсөн номноос яаж ангижирснаа Бичээчид хэлж тэмдэглүүлжээ. Тийм тэмдэглэснээр, Вольтерийг уншихаараа, зохиолыг нь эргэн санахаараа өөрөөрөө биш, илүү ухаантай, илүү сэвжидтэй, илүү сийрэгхэн, цаана л нэг цэцэн, хоржоонтой франц хүн шиг өөрийгөө мэдэрдэг болсон учраас ордондоо байсан түүний бүх зохиолыг галдан шатаажээ. Хунтайж Шопенгауэрийн номыг хараад өөрийгөө өөрийн эрхгүй зохиогчтой нь адилтгаад байсан, түүнээс болж Османы хаан ширээнд жинхэнэ ширээ залгамжлагч биш гутранги үзэлтэй Германы философич сууж мэдэх учраас түүний бүх номыг ордноос зайлуулсан тухай Бичээч тэмдэглэжээ. Руссогийн ботиуд Хунтайжийг гэмт хэргийн газар дээр өөрийгөө барих гэж оролддог зэрлэг хүн болгон хувиргаж байсан учраас тэдгээрийг хуу хүүлэн урж, ордноос гаргаж хаяжээ. "Би Францын сэтгэгч Дельтура, Де Пассе, ертөнцийг оюун ухаанаар танин мэдэж болно гэж үздэг Морелли, түүний эсрэг зүйлийг нотолдог Бришо нарын бүтээлийг уншихаар, би уул нь падишах байх ёстой атал, өөрөөсөө өмнө аж төрж асан сэтгэгч нарын буруу үзэл бодлоыг няцаахыг оролддог егөөтэй мэтгэлцэгч философич шиг санагдаад байх болсон учраас тэгдээр сэтгэгчдийн бүх бүтээлийг шатаасан." "Макбет"-ийг унших бүрийд өөрөө хаан ширээнд суухын тулд гараа цусдахад бэлэн байгаа хулчгар, зориггүйн  хүн болчихоод байдаг учраас бас түүнийг шатаасан. Мевляны эмх цэгцгүй "Месневи"-гээс аль нэг үгүүллийг сонсох бүрийд Хунтайж өөрийгөө Мевляны бичсэн үүх түүхийг жинхэнэ амьдрал гэж итгэдэг бадарчинтай адилтгаад байдаг учраас уг номыг ордноосооо зайлуул  гэж тушаажээ. "Шейх Галипын шүлгийг уншихаараа би хүүхэнд сэтгэл алдран гуниглагч болдог учраас тэдгээрийг шатаасан" гэж Хунтайж учирласан байна.
  • Хунтайж номтой арван жил тасралтгүй тэмцсэний эцэст, гагцхүү эдгээр номонд байгаа дуу хоолой, санаа бодол, үүх түүхийн эсрэг өөрийн дуу хоолой, өөрийн санаа бодол, өөрийн үүх түүхийг сөргүүлэн тавьж чадаж гэмээнэ өөрөөрөө байж чадах юм байна гэдгийг ойлгожээ.
  • Өөрөөрөө байж эс чадах ард түмэн, бусдыг дуурайсан соёл иргэншил, бусдын түүхээр сэтгэл ханадаг үндэстэн сүйрэх, мөхөх, мартагдах тавилантай.
  • Ярих юмгүй байна гэдэг бол хүн өөрөөрөө болоход тун ойртож очсон гэсэн үг. Анир чимээгүй байна гэдэг бол дурсамж, ном, түүх, ой санамж дуугай байна гэсэн үг. Хүн гагцхүү энэ анир чимээгүйг сонсож байж, өөрийнх нь жинхэнэ дуу хоолой өөрийнх нь сэтгэлийн угаас, өөрийнх нь мөн чанарын эцэс төгсгөлгүй, төөрөм харанхуй агуйнаас яаж урган гарч буйн гэрч болж чадах бөгөөд энэхүү дуу хоолой хүнийг өөрөөр нь болгож чадах болой.
  • Хүний хөл хүрээгүй эзгүй цөлийн хад чулуу, уул тагийн хадан цохио л өөрөөрөө байж чадна...
  • Тархины мухарт ямар нэг дурсамж сэрж байгааг мэдэрч, тэр нь ой санамжийн маань нэг цэцэрлэгээс нөгөө рүү, дараа нь гурав дахь руу сүүдэр мэт нүүх мөчид би өөрийнхөө "би"-гийн хаалгыг нэг нээж,  нэг хааж байх шиг, тэгээд тэр сүүдэртэй золгон дотор нь аз жаргалтай байж мэдэх өөр хүн болон хувирч байх шиг болно.
*     *     *


No comments:

Post a Comment