Д.Норов: Авьяасыг дагаж онгод ирдэг.

Д.НОРОВ: ИДЭХ ГЭЭД, УЛС ТӨРИЙН ОРГИЛД ГАРАХ ГЭЭД НОМ УНШИХ ЗАВГҮЙ БАЙВАЛ УУЧЛАХ АРГАГҮЙ

 Төрийн шагналт, зохиолч, сэтгүүлч Д.Норовтой ярилцсанаа хүргэе.

-Хамгийн түрүүнд “Хөх тавилан” туужийн тухай асуумаар санагдлаа. Шөнө болохоор залуухан бүсгүй болж хувирдаг хөөрхөн эмээгийн тухай зохиолын санаагаа хэрхэн олсон бэ?

-Манай Говь-Алтайд аль нутгаас нүүж ирсэн нь мэдэгдэхгүй, төрөл садангүй ганц бие эмгэн амьдарч байгаад өөд болсон юм. Яагаад ч юм надад сонин санагдаж, ургуулан бодсоор хөөрхөн эмээгийн дүр төрсөн дөө.

-Хөөрхөн эмээд л харагддаг, хий хоосон ч юм шиг шарга морьтой хүн хэн байсан юм бэ. Ер нь тэр туужид үзэгддэг үл мэдэх далд нууцуудыг одоо тайлж болох уу?

-В.Инжинаш “Аливааг бодитоор бичих, байсан мэт сэтгэх, санаанаасаа хийсвэрлэх” гурван төрлөөр бичиж болно гэсэн байдаг. “Хөх тавилан”-г хийсвэрлэх аргаар бичсэн. Манайхан хийсвэрлэлийг өрнөдийн утга зохиолоор төсөөлж, дуурайх юм. Гэтэл монголчууд эрт дээр үеэс л хийсвэрлэж ирсэн шүү дээ. Үлгэр домог, хууч яриа, туульст дүрслэгддэг чөтгөр шулам, арван таван толгойтой атгаалжин хар мангас, нисдэг морь, тийрэн бол бидний оюун санаанаасаа төсөөлөн бий болгосон хийсвэрлэл. Бас зөн билэг, бэлгэдлийг үлгэр домогтоо шингээдэг. Бид үүнийгээ л хөгж үүлж, зохиолынхоо зохиомжид өөрийн болгоод оруулбал болохгүй юмгүй.

-Тэгвэл шарга морьтой хүн юуг бэлгэдсэн бэ?
-Тэр хүн гол баатрын амьдрал, үйл явдал, хувь заяанд оролцдог шүү дээ. Хээр газар морин төвөргөөн сонсогдоод, хазаарынхаа амгайг жингэн үүлээд дуулаад л хүрээд ирдэг хэрнээ хажуугаар нь өнгөрөөд л явдаг. Хөөрхөн эмээ буюу Бадамын дотоод сэтгэл, хүсэл мөрөөдлийг тэр хүнээр дамжуулж гаргасан. Уран сайхны хэрэглүүрийн нэг юм даа.

-Бадам эмээ шөнө болохоор залууждагийн учир юу вэ. Шулмын увидас байна уу, эсвэл залуудаа гэгээнтэнтэй учраад ийм шидтэй болчихов уу?
-Ингэж асуухаар л бодит сэтгэлгээ рүү орчихоод байгаа юм. Яагаад хувирдаг болсныг эрж хайна гэвэл би ч олохгүй.

-Хүмүүс урьд нь хаа нэгтээ харж байсан хүмүүсээ л зүүдэлдэг, санаанаасаа ургуулдагг үй гэдэг. Таны зохиолын дүрүүд хэзээ ч юм уулзаж байсан хүмүүс үү, эсвэл санаанаасаа зохиодог уу?
-Янз бүр. Ургуулж ч болдог. Гэхдээ ургуулан бий болгохдоо эх дүрд түшиглэж бодно. Дүрийнхээ зан төлвийг гаргахын тулд мэддэг, таньдаг хүмүүсээ бодож, түшиглэдэг. Дүр бүр л өөрийн гэсэн зан чанартай шүү дээ.

-Тэгвэл ямар зохиолдоо ээжийнхээ дүрийг шингээсэн бэ?
-Яг энэ л миний ээж гэж бодож бичсэн дүр байхгүй. Зохиолдоо дүрсэлдэг эх хүн, бүсгүй хүний хайр сэтгэл, зовлон жаргалыг ээжийнхээ хэлсэн үг, хийсэн үйлдлээс бодож шингээсэн болов уу. Миний ихэнх зохиолын гол дүр нь эмэгтэй хүн байдаг. “Яагаад бүсгүй хүний дотоод сэтгэлийг илүү их гаргадаг юм бэ” гэж хүмүүс надаас асуудаг. Эмэгтэй хүн, хүүхэд хоёр ерт өнцийн явдлын эрээн бараан, алдаа оноо, сайхан муухайг шүүдэг том шүүлтүүр шүү дээ.

-Таны ярилцлагуудыг уншихад голдуу утга зохиол, уран бүтээлийн тухай ярьсан байсан. Ээж, аавынхаа тухай ярихгүй юу?
-Миний аав, ээж эгэл жирийн малчин улс. Би эхээс 12-лаа. Нэг эгчтэй, айлын том хүү. Аав сумын малын эмч хийж байгаад бригадын тоо бүртгэгч ч юм уу, дарга ч юм уу, удирдах ажил хийж байсан. 1960-аад онд манай суманд намын гишүүн эмэгтэй ганц байсан нь миний ээж. Ээж намын гишүүн болохоор бусдыгаа манлайлах гэж нэгдлийн мал хариулдаг байлаа. Манай нутаг чоно ихтэй. Нэг удаа ээж малын сэгэнд хавх тавитал чоно орчихож. Ээж өөрөө тэгсэн үү, хүнээр туслуулсан уу чоноо цааш харуулсан юм. Тэгсэн ээж зулбаад, үхэх шахсан. Хөгшин аав “Эмэгтэй хүн байж хамааг үй амьтны аминд хүрлээ” гээд ээжийг загнаж байсан нь санаанаас гардаггүй юм. Одоо ээж минь 86 хүрч байна.

-Та далд ухамсарт итгэдэг үү?
-Хүнийг хүн болгож байгаа юмсын нэг нь далд ухамсар шүү дээ. Хүний сэтгэхүй, оюун ухааны тайлагдашгүй нууц хэмжээлшгүй их. Байна, байхгүй гэж шинжлэх ухаан нотолж чадахгүй, цаашдаа ч нотлохгүй. Оюун санаат хүн байсан цагт далд ерт өнц, зургаа дахь мэдрэхүй орших л болно. Харин ч улам нарийсан гүнзгийрнэ.

-“Хүнийг хүн болгоно” гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлахг үй юу?
-Хүн бид хүн байхын тулд зүгээр иддэг, мал малладаг, байшин барилга босгодог юм биш. Үр жимсгүй хувхай мод л гэсэн үг. Хүн гэдэг ухамсарт амьтан өөрийнхөө оюун санаагаар бүх юмыг бий болгож, байгаа зүйлийг таньж, танихгүй ч байдаг тийм байнгын орчилд амьдардаг. Урлаг соёл, утга зохиол яах гэж байдаг юм. Үүнгүйгээр дайн байлдаан хийгээд, малаа маллаад амьдраад байж болно шүү дээ. Гэтэл яагаад урлаг бүтээдэг юм. Хүн, хүн, хүн учраас шүү дээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Уг чанараараа л хүн төрөлхтөн, хойч үеэ, өөрийнх өө оюун санааг тэжээж, эмчилдэг юм. Бид ихийг зөгнөж, хүүхэд ахуйгаасаа л мөрөөддөг.

-Та хүүхэд байхдаа юу мөрөөддөг байсан бэ. Багын тань мөрөөдлөөс биелсэн үү?
-Зохиолч болно гэж боддог л байлаа. Намайг бага байхад, 1961онд хүн анх сансарт ниссэн шүү дээ. Багш сурагчдад пуужинг тайлбарлахдаа сум шиг гэх маягтай хэлж л дээ. Би тэрийг нь маш том бууны сум дотор хүн суулгаад тэнгэр рүү буудчихна гэж төсөөлдөг байлаа. Хүн багтдаг гэхээр жигтэйхэн том сум байна аа даа. Сансрын нисэгч яаж хэвтэж явдаг бол гэж бодож, тэр одонд очихсон, нар, сар ямар учиртай юм бол гэж сонирхдог байсан.

-Яруу найрагчдад гэнэтхэн л шүлгийн мөр орж ирээд бичдэг бол зохиолчид сэтгэлдээ уран санаагаа боловсруулж, хамгийн сүүлд цаасан дээр буулгадаг гэдэг. Тэгэхээр хүүрнэл зохиолчдод онгод байдаг болов уу?
-Байдаг ч биз, үгүй ч биз. Ц.Гайтав гуай “Хүндрээд сууж байтал намын тухай сайхан шүлгийн мөр жагсаал жагсаалаараа орж ирлээ. Ариун цэврийн өрөөнд сууж байгаад л биччихлээ. Миний шүлэг уралдаанд түрүүлнэ” гэж байсан. Яруу найраг маш бадрангуй, цахилгаан цахих шиг орж ирдэг байх нь. Үргэлжилсэн үгийн зохиол үүн шиг гялс орж ирээд замхарчихдаггүй. Бүтээж байгаа нь нөр их хөдөлмөр. Гэхдээ том романы үүдэл санаа тархинд харваж орж ирдэг. Тэрийг бичих хөөрөл аяндаа бий болдог. Тэгэхээр онгод гэх үү, хөөрөл гэх үү. Хүний уураг тархинд хөөрөл, саатлын хоёр процесс үргэлж ээлжлэн ажиллаж байж зохиолын дүр уран санаа, зохиомжийг бий болгодог. Тиймээс үргэлжилсэн үгийн зохиолд онгод байхгүй гэхийн аргагүй.

-Онгод, авьяасын ялгааг хэлж өгнө үү?
-Ялгааг нь нарийн мэдэхгүй юм даа. Гэхдээ авьяас төрөлхийн. Авьяасыг бий болгодог гэж би лав дуулаагүй. Харин авьяастайгаа мэдэлг үй хожим цоордог хүн бий. Авьяас заяасантай холбоотойгоор онгод бий болдог. Сэтгэх үйн тогтолцооны өвөрмөц онцлог нь онгодын мөн чанар байх. Түүнээс биш авьяасыг бурхан ч заяагаагүй, яаж тарьж ургуулах нь хувь хүний асуудал.

-Та ч бас авьяасаа хожуу илрүүлсэн үү. Эмч байсан гэж дуулсан.
-Би зургаан настайдаа сургуульд ороод бичиг үсэгт тайлагдсан хампаан. Сурах дургүйгээсээ болж сургуулиасаа хоёр удаа оргоод, 10 настайдаа хаясан. Барагтай бол дуугардагг үй хүүхэд байсан болохоор манайхан намайг зөнөг гэж дуудна. Нагац ах манайд хонохдоо багачуудыг янз бүрээр шоглож, намайг дуу дуул гэлээ. Би ч дуулсан. Тэгтэл шүлэг унш, үлгэр хэл гэв. Би ч сургуульд сурснаараа нэг шүлэг уншаад богино үлгэр ярьсан. Ах “Та нарын зөнөг гэдэг хүүхэд чинь тийм биш юм байна шүү дээ” гэснээр энэ нэрнээсээ салсан даа. Тэр үед унших ном ховор байлаа. Авга ахын цагаан хайрцагтай ном манайд үлдсэнийг цөмийг уншсан. Сталины 20 гаруй боть, Аркадий Гайдарын “Халуун чулуу”, “Чук, Гек хоёр”, Б.Бааст, Д.Тарва гуайн хүүхдийн зохиолууд, Монгол Ардын Намын ямар ч гэнэ вэ их хурлын боть, “Коммунизм дэх зүүний нялхсын өвчин” зэрэг ном уншсан.

-Жаахан хүүхэд тийм сүрхий номыг ойлгох уу?
-Өөр номгүй учир уншихаас өөр аргагүй. Сталины социалист демократ нам гээд гараад л байсан, юу ч юм чөтгөр бүү мэд л байлаа.

-Тэгээд та их сургуульд яаж орсон юм бэ?
-Манай аавын дүү аймгийн Аюулаас хамгаалах хэлтэст ажилладаг байсан. Ах намайг 14 настайд аймагт ажил хийлгэнэ, сургана гээд авч явсан. Уурын зуухны галчаар гурван жил ажиллаад байтал ах долдугаар ангийн гэрчилгээ олж өгсөн. Тэгээд Анагаахын дунд сургуульд явуулсан. Үнэнийг хэлэхэд эмч мэргэжилдээ дургүй. 21 настайдаа Говь-Алтайн Шарга сумын эмч болоод гурван жил ажилласан. Дараа нь багшилж байгаад 30 шахаж байж, МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид орсон доо. Ангийнхан Ах аа л гэнэ. Зун, намрын ажилд удирдаж явах багш олдохгүй хоёр ангиа дааж явж байлаа.

-Утга зохиолын дугуйланд явна биз?
-Их сургуульд ороход Загдын Түмэнжаргал нэгдлийн эрхлэгч байсан. Намайг ирэхэд бөөн баяр хүлээлгэж өгсөн. Их сургуульд сурсан тав, тэнд ажилласан таван жилдээ Утга зохиолын нэгдлийг удирдсан юм шүү. 

-Таны үед дугуйланд хэн, хэн явдаг байв. Дурсамжтай зүйл олон тохиолдсон байх.
-Их сургуулийн энэ нэгдэл Улаанбаатарын хамгийн том утга зохиолын нэгдэл байсаар өдий хүрлээ. П.Баярсайхан, Д.Галбаатар, Д.Сумьяа, Д.Батжаргал, Д.Нямаа, Д.Төрбат гээд өдгөө утга зохиолыг өнгөлж яваа, ахмадын тоонд орох олон хүн манай дугуйланд явдаг байлаа. Бид шүлгээ уншаад, зохиолоо хэлэлцээд, биенээ шүүмжлээд түүнээсээ болж муудалцана. Зохиолчдын бүгд хуралд нэгдлээ төлөөлж Д.Төрбаттай хамт суусан юм. Ш.Сүрэнжав гуайн балгачихдаг байсан үе. “Сүүеэ архи уудаг, ёс суртахууны асуудалтай” гээд л уран бүтээлчид шүүмжилж байна. Хурлын завсарлагаанаар Д.Төрбаттай МЗХ-ноос гараад Нийгмийг аюулаас хамгаалах яамны эмнэлгийн хажуугаар явж байтал нэг хүн дуудаж байна. Сүүеэ ах тэр эмнэлэгт хэвтэж байж. Хурлаар юу ярьсныг асуухаар нь өнөөхийг нь хэлчихгүй юу. Сүүеэ ах сэтгэл нь ч сүү, ааш нь ч сүү юм болохоор гомдоод эмнэлгээс гарч, жаахан юм балгачихаад дарга нарт агсам тавьчихаж. Тэр үеийн хурлын нууц шахуу юмыг тараалаа гэсэн хэрэгт унасан. Анхны номыг минь хэвлэнэ гээд төлөвлөгөөнд оруулсан байснаа түүнээс болж хоёр жил хойшлуулсан юм.

-Одоо ямар ч хяналтгүйгээр дуртай нэг нь ном хэвлүүлдэг болж. Дээр үед номоо хэр их буцаалгаж байв?
-Олон буцаалгасан даа. 1975 онд бичсэн хоёр туужаа одоо ч хэвлүүлээгүй. Хөдөө ажиллаж байхдаа хэвлүүлэх санаатай амралтаа аваад хотод ирлээ. Тэр үед шүүмж судлал, яруу найраг, хүүхдийн, жүжгийн гээд олон зөвлөлтэй байсан. Ц.Гайтав гуай Залуу зохиолчдын зөвл өлийн эрхлэгч байсан юм. Түүнтэй уулзах гэтэл ажилдаа ирдэггүй ээ, долоо хоног үүдийг нь сахилаа. Утсыг нь олоод ярилаа “Завгүй” гэнэ. Хоёр хоноод ярьтал “Хүрээд ир” гэж байна. Д.Жамъянтай цуг очтол туранхай гүрдийсэн хүн нарийхан урт майк, дотуур өмдтэйгөө сууж байсан нь Гайтав гуай. Хажууд нь С.Эрдэнэ гуай гэж бөв бөөрөнхий цэвэрхэн бор хүн бас майк, дотуур өмдтэй сууж байна. Мань хоёрын хийсэн ажлын баримтууд элбэг байлаа.

-Архи уусан гэсэн үг үү?
-Тийм ээ. Ц.Гайтав гуайтай уулзаж байгааг үй, тэгэхдээ утсаар хэрэг явдлаа хэлсэн байсан. Гайтав гуай С.Эрдэнэ баавайд намайг танилцуулж байна. “Энэ Говь-Алтайн залуу зохиол бичдэг юм гэнэ” гэтэл нөгөөх нь “Тийм байж. Зохиол бичдэг юм болвол ухаанд чинь ухна ишиг унаж үхсэн юм уу” гэж байна. Би учрыг нь олохгүй, юу гэж байгаа юм бол, явах уу, яах вэ гээд л айна гэж жигтэйхэн. Тэднийг бурхан шиг шүтэж өслөө шүү дээ. Тэгсэн намайг “Шүлэг унш” гэв. Тэмдэглэлийн дэвтрээсээ нэг шүлэг унштал Гайтав ах Эрдэнэ баавайгаас “Ямар байна” гэж асуусан. Тэгсэн “Ухаанд чинь ухна ишиг унаж үхсэн юм уу” л гээд байх юм. Жамъян түрүүлж санасан бололтой миний цүнх рүү дохиж байна. Би Гайтав гуайг рашаан зооголдгийг дуулсан учир хөдөөнөөс нутгийн юм авчирсан байсныгаа гаргасан. Эрдэнэ баавай эхлээд тэрийгээ гаргаад ир л гээд байсан нь тэр байж. Гайтав гуай “Дайн, энх” номын шагнал 4000 гаруй төгрөгөө аваад Эрдэнэ баавайг дуудсан юм гэнэ. Эрдэнэ баавай сонингоо хэвлэлтэд шилжүүлэх гээд завгүй байхад нь Гайтав гуай “Тэгээд би энэ мөнгийг чинь яах юм” гэж загнаад авчирсан юм байх. Тэр үед зохиолчдын амьдрал баталгаатай байсан болохоор эхнэр хүүхдэдээ өгдөгөө өгөөд, тэр мөнгийг өөр яах вэ дээ. Тэгээд өнөөхөө дөрвөн хундаганд хийтэл “Залуучууд та нар архи ууж болохгүй, битгий уу. Архичин Гайтав ингэж хэллээ гэж бодвол бодно л биз. Бид залуучуудад хэлэхгүй бол өөр хэн хэлэх юм” гэсэн. Харин Эрдэнэ ах “Уу. Зохиолч л юм бол уу. Дандаа сэтгэлийн зовлонтой явдаг бид уухгүй бол өөр хэн ууж сэтгэлээ анагаах юм” гэсэн. Тэгээд Гайтав гуай гурав хоноод очно гэнэ. За энэ ч бүтэхгүй юм байна гээд нутгийн зохиолч, МЗХны орлогч дарга Л.Түдэв гуай дээр очлоо. “Чамайг мэддэг зохиолч хэн байна” гэж асуухаар нь Юмсүрэн багш, Лочин ах, Ж.Гал гээд нутгийнхнаа нэрлэлээ. Л.Түдэв гуай “Таныг мэддэг уншигч хэд вэ. За хө, та хавтастай зохиолуудаа сонин сэтгүүлүүдэд тарааж өгөөд буц даа. Зохиолч болоход хамгийн түрүүнд зохиолчид таныг мэдсэн байх хэрэгтэй. Таныг зохиол бичих хүн үү, үгүй юу гэдгийг тэд тунгаадаг юм. Дараа нь таныг уншигчид мэддэг байх хэрэгтэй. Ингэсний дараа та хавтастай юмаа аваад ороод ир дээ” гэсэн. Энэ үед “Хөдөлмөр” сонинд “Салаа зам”, “Залуучуудын үнэн”-д “Наранбулаг” өгүүллэгээ л гаргаад байсан юм.

-Ахмад зохиолчид урьд нь бичсэн бүтээл үүдээ голдог гэж дуулсан. Та тэгдэг үү, эсвэл өмнөх зохиолууд шигээ бичиж чадахгүй юм гэж бодож байна уу?
-Нэлээд нь гологддог юм даа. “Хөхөөрөө хатсан өвс” нэртэй өгүүллэгийн түүврийнхээ өмнөтгөлд “40 жил уншиж, 30 жил бодоод, дөнгөж гучхан өгүүллэг” гэж бичсэн. Уг нь дөч тавиад өгүүллэг бичсэн байна. Зарим нь нэг л биш ээ. Тэр гучин өгүүллэгтээ анхны бүтээлээсээ ч оруулсан. Одоо уншихад тийм өөдтэй сайн болоогүй ч орь залуу насны эмзэг торгон мэдрэмжээр бичсэн. Одооны ухаарч бичсэнээсээ илүү сэрэл мэдрэмжтэй байдаг шүү.

-“Хөх сайрын чулуу”, “Хөх туужис”, “Уулын хөх сүүдэр”, “Хөх тавилан” гээд олон бүтээл тань хөх өнгөтэй холбоотой юм байна.
-Нэг талаасаа санамсаргүй, нөгөө талаасаа хөх, цэнхэр миний сэтгэлд хамгийн ойр өнгө. Хөх Монгол Улс, хөх чоно, уул улс гээд ертөнц хөх шүү дээ. Амьдралын өнгө хүртэл хөх. Энд улаан, тэнд цагаан, энд нь хар харагддаг боловч амьдралын өнгө хөх. Хүний сэтгэл ч гэсэн адил.

-Хөх хүйтэн өнгө биш үү?
-Хүйтэндээ хүйтэн, дулаандаа ч дулаан. “Уулын хөх сүүдэр” гэж романаа нэрлэсэн. Янжмааг уул, сэтгэлийг нь хөх сүүдэр гэж байгаа юм. Тэр бүсгүй тариан талбайд ажиллаж, бүр тэндээ хүүхдээ төрүүлж, Хөдөлмөрийн баатар болоод депутат болж дэвшдэг. Гэтэл эцсийн эцэст Янжмаа хайр дурлалын жаргалаас хөндийрч орхигдсон байдаг. Тэгээд л сэтгэлд нь хөх сүүдэр унасан.

-Захиалгын зохиол бичдэг үү?
-Захиалгаар бичиж яваагүй юм аа. Сүүлийн үед ганц нэг кино захиалгаар бичсэн. “Нар, сарны зааг”, “Босго тотго”-ыг захиалгаар бичсэн гэж болно.

-Уран бүтээлч мөнгө бодоод эхэлбэл гоо сайхны мэдрэмжээ алддаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Үнэн байж магадгүй. Гэхдээ 10 саяас дээш уншигчтай оронд л тохирох үг байна. Гурав хүрэхг үй сая хүн амтай, цөөхөн уншигчтай өнөөдрийн нөхцөлд зохиолч мөнгө ярьдаггүй юм. Би 1000 хувь роман гаргаад 10000 төгрөгөөр худалдлаа гэхэд хэвлэлийн үйлдвэр талыг нь авна. Надад мөнгөний ашиг гарахгүй шүү дээ. Социализмын үед улсаас зохиолууд төлөвлөгөөнд оруулж хэвлүүлээд худалддаг байсан. “Уулын хөх сүүдэр” 26 мянга, “Алтан Богдын шил” 43 мянган хувь хэвлэгдэж байлаа. Зохиолчид мөнгөний сонирхол багатай байсан. Ямар сайндаа л Ц.Гайтав гуай “Энэ мөнгийг яах вэ” гэж загнаж байх вэ дээ.

-Зохиолууд тань сэтгэлд хүрсэн кино болж чадсан уу?
-Сайн хүргэнтэй болвол охин нь сайхан амьдарч, хадам эцгийн сэтгэлд хүрдэг. Зохиолоо найруулагчид өгнө гэдэг хүүхнээ айлд өгсөнтэй адил. Тэгэхээр охиныг нь яаж авч явах тэдний хэрэг. Бараг л хүний бүтээл болж байгаа юм. Гэхдээ хүйгээрээ тасарсан ч эхийнхээ үр байдаг учир санаа зовно, хажуугаас нь хошуу дүрэх юм гарна. Ер нь зохиолчийн санаанд хүрсэн кино ховор гэдэг дээ. Аль сувгийг, хэчнээн хүн үзэж байна гэдгийг судалдаг байгууллага байдаг юм байна. “Босго тотго”-ыг нэг орой 300 мянган айл үздэг. Нэг зурагтын урд хэдэн хүн сууж байгааг мэдэхгүй, бараг сая шахаж байна. Тиймээс би кино зохиолд анхаарал тавиад байгаа юм.

-Орост явж байхдаа “Алтан богдын шил” романыхаа II дэвтрийг алдаж байсан гэсэн. Дахин бичихэд урьдынхаас илүү сайн бичсэн үү, харин ч амт шимтгүй болсон уу?
-Харьцангуй юм даа. Тархины эд эс тэр бүтээлээр дүүрчихсэн байсан юм. Дахиж бичихэд авдрын буланд орхигдсон юм шиг л болчихсон. Гэхдээ тэрнээс хойш амьдралд ч, утга зохиолд ч их юм үзлээ. Сайн ч тал бий, муу ч тал бий.

-Английн урлаг судлаач Жон Рексон “Амьдрал дэндүү богино, чөлөөт цаг маш бага болохоор нандин цагаа ном уншиж үрэх ёсгүй” гэсэн байсан. Үүнийг та юу гэж бодож байна?
-Гайхалтай бүтээл туурвих гээд унших завгүй бол тэрийг уучилж болно. Харин идэх гээд, хөрөнгө хураах гээд, улс төрийн оргилд гарах гээд унших завгүй байвал уучлах аргагүй. Уншдаг хүн амьдралыг мэднэ, хүний дотоод сэтгэлийг мэднэ, хэнийг хайрлаж, өрөвдөж, үзэн ядахаа мэднэ. Амьдралд яаж хандахаа, үр хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэднэ. Уншихгүйгээр хүн болно гэж үгүй, роботоос ялгаагүй шүү дээ.

 Б.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: http://mongolnews.mn/w/49674

No comments:

Post a Comment