"Яруу найраг" \Poetry\ кино дэлгэцнээ...


За энэ сарынхаа анхны бичлэгийг оруулах гэж байна уу даа? Тэр нь кинотой холбоотой зар байх нь ээ. Гэвч над шиг шинэхэн блогчин блогтоо зар тавих, тэрийг нь хүн унших байх гэж найдах нь дэндүү гэнэн хэрэг болох хэдий ч эрхбиш хэдэн хүн унших байх гэж найдаад л нүдээ аниад оруулчихья. хэхэ. Би өмнө нь блогоороо "Яруу найраг" хэмээх киног "Интоор цэцэглэх үеэр" хэмээх кинотой хамтруулан нэг пост болгон оруулж байсан. Тэр постоос улбаалсан ч гэх юм уу, нэгэн баяртай явдал болох гэж байгаа нь "Яруу найраг" хэмээх кино маань орчуулагч Б.Баясгалангийн орчуулгаар, "Dreamer's Day"-ийн кино өдөрлөгөөр 3 сарын 17-ны бямба гаригт 15 цагаас "Занаду" арт галлерэйд  гарах гэж байна. 

Яруу найраг сонирхож уншдагийн хувьд киноны нэрнээс эхлээд л миний анхаарлыг татаж үзэхээр шийдэж билээ, үзсэний дараа сэтгэл маш их өвдсөн, барьцгүй сэтгэгдэлд автсан...Хүн болгон тэгээд өөр өөрийнхөөрөө үзэж мэдрэх байх даа. 

Юутай ч энэ кино Каннын кино наадмаас шилдэг кино зохиол \best screenplay\,  Prize of the Ecumenical Jury - Special Mention шагналуудыг хүртсэн байна \Энэхүү шагнал нь 1974 оноос бий болсон ба гол онцлог нь christian кино бүтээгч, шүүмжлэгч, уран бүтээлчид анх санаачлан бий болгосон. Шүүгчдийн бүрэлдэхүүнд каннын кино наадмын зарим шүүгчид болон SIGNIS \World Catholic Association for Communication\ хэмээх төрийн бус байгууллагаас нэр дэвшсэн нийт 6 хүн байдаг бөгөөд уг шагналыг "Хүний оршихуйн гүн дэх уй гуниг, уналт, итгэл найдварыг уран сайхны аргаар гайхалтай дэлгэн харуулсан" бүтээлд олгодог байна. 2009 онд Ларс Вон Триэрийн "Антихрист" бүтээлд энэхүү шагналыг олгож байсан нь тун сонирхолтой баримт юм\.
За тэгээд Азийн ихэнх нэр хүндтэй, том наадмуудаас найруулагч Лий Чан Дон \Lee Chang-Dong\ маань шилдэг найруулагч шагналыг хамсан байна, гол дүрийн эмэгтэй жүжигчин олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хэд хэд хүртсэн байна. 

Миний хувьд энэ кино цөөн ч гэсэн хүнд хадмал орчуулгатайгаар үнэ төлбөргүй хүрэх гэж байгаад хагартлаа баярлаж байна. Баярлаж буйн гол шалтгаан нь энэхүү кинонд хэд хэдэн сайн шүлэг гардаг юм, тэдгээр нь маш сайхан орчуулгатайгаар, кино маань бүхэлдээ сайн орчуулагчийн гараас гарсанд тэгтлээ баярлаж буй хэрэг.

Зарим шүлгүүдийн орчуулгыг үзэхийг хүсвэл Баясаагийн маань доорх блогоос үзээрэй.

Мөн Dreamer's Day-ийн хамт олонд ихээр талархаж байна. Та энэхүү кино клубын талаар Фэйсбүүк дэхь Dreamer's Day нэртэй группээс танилцаж болно. 

Уг киноны монгол хэл дээрх тойм, трэйлерыг доорх хуудаснаас үзэж болно.

Эцэст нь уг киноны найруулагчийн талаар маш хувийн сэтгэгдлээ хэлэхэд: миний хайртай найруулагчдын нэг юм. Би энэ хүний олон киног үзээгүй. Ердөө л "Нууц гэрэл" \Secret Sunshine\, тэгээд энэхүү "Яруу найраг" гэсэн хоёрхон бүтээлийг нь үзээд л энэ хүний уран чадвар, илэрхийлэлд нь эрхгүй татагдаж дурласан даа. "Нууц гэрэл" хэмээх киног үзээд төрсөн баахан бодол, асуултуудаа блогтоо оруулсан байгаа, хүсвэл сонирхоорой.

Энэ бичлэгийг маань уншаад, уг киног үзэхээр ирэх хүмүүстэй удахгүй уулзья. :)

No comments:

Post a Comment