"Хусны навч"-аас төрсөн уншигчийн сэтгэгдэл


Д.Нямдоржийн "Хусны навч" шүлгийн номоос төрсөн сэтгэгдлээ хуваалцахаас урьтаж би өөрийгөө яруу найргийн хувьд ердөө "уншигч" гэдгээ маш тод томруунаар хэлж санаагаа амраамаар байна. Яагаад ийхүү уншигч гэдгээ цохон тэмдэглээд, зарлаад байна вэ гэхээр утга зохиолын хувьд зохиолч, яруу найрагч-бүтээгчид, шүүмжлэгч, судлаач-мэргэжлийхэн, уншигч-хэрэглэгчдийн үүрэг роль, өгөгдөхүүн нэгэнт ялгаатай тул энийг уншсан хэн бүр "уншигч"-ийн хувиар бичсэн сэтгэгдэл гэдгийг салгаж, зааглаж хараасай гэж хүссэнийх юм. Би шүүмжлэгч, судлаач биш, тэгэхээр "утга зохиол"-ын шүүлтүүрээр шүлгүүдийг шүүн тунгааж сайн, мууг нь шигшин ялгаж чадахгүй, шүлэгчийн чансаа, эрэмбийг тодорхойлж бүр чадахгүй. 

Уншигч яадаг вэ гэхээр яг л голын эргээр бөхтөлзөн чулуу түүгчтэй эгээ адил юм. Чулуудын хэлбэр хэмжээ, өнгө төрхийг ажиглаж байгаад өөрт ТААЛАГДСАНАА л богцондоо хийчихдэг хүмүүс. Эргээр нь таалагдах чулууд олон байх тусам л түүнийг сайхан гол гэж дүгнэнэ. Тэгээд хөвөөнд нь байн байн очихыг хүснэ. Хамгийн гайхалтай нь та бид хоёр нэг голын эргээс чулуу түүх мөртлөө тэс өөр чулуудаар богцоо дүүргээд харьж ч мэднэ. Эсвэл бидний түүсэн чулуудын ихэнх нь давхцаж магад. Юутай ч би богцондоо нэгэн голын эргээс ийнхүү чулуу түүж хийснээ таны өмнө задалж байна. Энэ бол бүтээлийн уншигчийн сэтгэлд тусдаг олон цуурайнуудын зөвхөн ганц нь л билээ.
*     *     *
Санаа алдах тоолонд даавуу шиг дэрвэх
сэтгэлийн хэцэнд тохоостой гунигийн сүүдэр-
харцанд нүүх үүлсээс бороо шиврэн
хацар дээгүүр гэрэл татуулан урсана.

\Дээрх дөрвөн мөртийг уншихаар ердөө гунилаа-уйллаа гэсэн их энгийн агуулгатай. Гэхдээ гуниг төрлөө, нулимс урслаа гээд биччихвэл энэ яруу найраг биш болоод явчих байх. Харин хэцэн дээр тохоотой даавуу салхинд дэрвэж байтал бороо орж буй зураглалыг сэтгэл, гунигаар сайхан сүлжээ. Хэцэн дээр тохоотой гунигийн сүүдрийг санаа алдалтын салхи дэрвүүлж, тэгмэгц харцанд нүүх үүлсээс нь бороо шивэрч хацар дээгүүр нь гэрэл татуулан урсана. Санаа алдахад л уйлчих гээд байх шиг, бүр уйлчихжээ. Гэхдээ тийм нэг гэгээн гунигын гэрэлт нулимс унагаасан нь мэдрэгдэнэ. Ядаж байхад салхинд даавуу дэрвэлзэх, бороо гэрэл татуулан урсах   нь төсөөлөгдөөд энэ дөрвөн мөрт миний дотор тун сайхан орсон. \
*    *    *
Мөнх бусын тэнгист хөл минь өвдгөө хүртэл дүрээстэй ч
мөдхөн тэнгисийн ус биеийн минь хэмжээгээр нэмэгдэнэ
Мөчрөөсөө хагацсан навч шиг номын минь хэдэн шүлэг л
мөнөөх тэнгисийн мандалд гэрэлтэн хөвсөөр үлдэнэ дээ.


\Бие маань энэ хорвоод байх хугацаа тодорхой тоотой, магадгүй цаг хугацаа хэмээх тэнгисийн усны түвшин нэмэгдсээр бидний биеийг өөртөө уусгаад аваад явчихдаг байж мэднэ, гэвч бие дүр маань үгүй болсон ч бидний үлдээсэн ямархан нэгэн зүйл тэнгисийн мандал дээгүүр хөвөөд хоцорно. Зохиогчийн хувьд шүлгүүд нь гэрэлтэн хөвсөөр л үлдэх нь, хөвөөнд нь суугчид тэрхүү гэрэлтсэн навчаар л баримжаалан түүнийг хожим дурсах болов уу? Бие маань цаг хугацаанд хүлээтэй ч, оюун санаа минь "навчинд" шингэн чөлөөлөгдөнө. \
*    *    *
Тэнгэрийн цан ховхорч хийсээд
цас хаялж байна.
Цонхны цаана сүүдэр минь сунаад
шөнө болж байна.
*    *    *
Нүүгэлтсэн түнэр шөнөөр тал шиг
мөрний мандал дээр
нөмрөх үүлсийн сиймхийгээр
сарны гэрэл тусахуй
нүүдэлдээ ядран унтсан, толь шиг
хөдөлгөөнгүй их усан
нойроо харамлан уйлагнаад
зугуухан урсаж эхлэв ээ.


/Үүл сарыг халхлахад гол мөрөн толь шиг хөдөлгөөнгүй болон зүүрмэглэж, үүлсийн сиймхийгээр саран тусахад унтаж байсан гол мөрд нойрноос сэрэн урсдаг юм болов уу? Нээрээ тэгдэг ч байж мэднэ. /
*    *    *


Гэрийн байдлаас залхаж уулын өндөрт мацахуй
гэзэгнээс минь нэгэн үс сулраад өвс шиг хийсэн одлоо.
Гарах гэсэн оргилдоо бие маань хүрч амжаагүй байхад
галууны өд шиг эргэлдсээр бэлийн цэцгэн дээр буув аа.



\Дээрх дөрвөн мөртийг уншмагц Д.Урианхай гуайн доорх шүлэг санаанд буусан.


“Галын дөл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр өөд нисч явна
Би уулын бэл уруу

Уруудаж явахдаа зөрлөө”


Хоёр өөр шүлэг л дээ, гэхдээ "уруудаж, өгсөх" дүрслэл нь адилхан юм уу? Уулын бэл рүү уруудаж явахдаа гал улаан навч нисч явааг харах, навч, хүн хоёр зөрөх үнэхээр гоё агшин. 
Уулын оргил руу мацаж явахдаа үс нь тасраад бэлийн цэцгэн дээр буухыг мэдрэнэ гэдэг бас л торгон агшин, магадгүй тасраад дор үлдсэн тэр л үсэндээ хоргодож тээнэгэлзэн зогсоно уу, уулын оргил руу мацах уу, бэл руу буцах уу? Оргил, бэл үнэндээ ялгаагүй ч юм билүү... \


*    *     *
Цонхигор сарны бүдэгхэн сэвх шиг
цонхон дээр тусах навчсын сүүдрээс
цайвар гэрэл манан мэт хөөрч
цамцны энгэрт могой шиг шургана.


*    *     *



..Цувны хормойн салхинд
үхсэн навчис өндийнө.
*    *     *

..Тэнгэр хөнжлөө нөмөрсөн мэт түнэр харанхуй дунд
тэртээ алсад нохой хуцах нь хэт цахих шиг гэрэлтэнэ.


/Харанхуйд дуу чимээ илүү тод сонссогддог байх нээ. Тэнгэр хөнжлөө нөмөрөхөд харанхуй болно гэдэг тэр харанхуйд нохойн дуу хэт цахих шиг гэрэлтэнэ гэдэг зүйрлэлийн хувьд сайхан мөрт /
*    *     *

...Аяндаа л сулардаг үсээ салхины урсгалд алдахад
агаарт хөрвөх нь сонстох анир гүм нутаг минь.

\Салхинд тасарсан үс нь агаарт хөдлөх нь сонсогдохоос илүү нам гүм гэж юу байх билээ?\

*    *    *

Нүдээ тас аньсан сохор шөнө
нүцгэн лааны дөлөөр надтай ярилцна.


*    *    *
Өвс өвсөө тэврээд зүүрмэглэсэн 
намрын орой
өөр хэнийг ч биш ганцхан чамайг л
үгүйлнэ.
Өрцөн цаана халгим гунигтай ч 
өвсний шүүдрийг
өнхрөөд уначих вий гэхдээ санаа
алдахаас эмээнэ.

\Намрын орой нэг тийм гунигтай, хайлган, тэгсэн хэрнээ амар амгалан ч юм шиг байдаг, тэгсэн өвс өвсөө тэврэн зүүрмэглэдэг болохоор тийм байжээ, тийм үед хэн нэгнийг санаад сэтгэл гунигтай, хэнгэнэтэл сайхан санаа алдаад цээжээ суллачихмаар тэгтэл өвсний шүүдрийг уначих вий гэж өрөвдсөндөө өөрийгөө тэвчинэ гэдэг... \
*    *     *
Толгодын энгээр үргэлжлэх
дөрвөлжин дөрвөлжин булшнууд
тойрч болохгүй ертөнцийн том том хаалганууд...
Ажин түжин нойрсох энэ л хотын иргэдийг
ахиад сэрээчих вий гэхдээ
аяархан явж өнгөрлөө.
*    *     *

Цэл хүйтэн аадар өдөр шөнөгүй
цутгаастай,
цээжинд шатах зүрхээ хөртөл
норох юм сан.
Чиний инээмсэглэл шиг тэнгэр
тэгээд цэлмээсэй,
чиний дүрийг хайж өдөржин
тогтоол уснаа туучихсан.

\Шатах зүрхээ борооны усанд хөргөж тайвшруулчихад, тэнгэр цэлмэхэд сэтгэл нь дагаж цэлмэсэн атлаа эргээд л зүрхээ шатаахаар түүний дүрийг тогтоол уснаас хайна уу? Тайвширлаасаа догдлолыг эрнэ үү? \
*    *    *

Өнгөт салхин үүлсээр өндөрт сэнтий урлажээ.
Өөд тэнгэрт дэвшье гэвч газрын амьдрал энэлэнтэй.
Өвс чирсэн шоргоолж үүрээ зүглэх нь өрөвдөлтэй...
Өврийн алчуураа гаргаж сувд хэдийг л нандигнана.

\Ай хөөрхий, уйлжээ...\

*    *    *
Цоргитол ширтэх нарны нүднээс нуугдан
цонхны тавцан дээр өвдгөө чанга тэврээд
цөхрөл гомдолдоо хүлээтэй уйлж суухад
цэхлээд л үсрэхэд далавч минь ургах юм шиг...

*     *      *

Амьдралд утга үгүйг мэдээд
алавхийн цочив.
Алавхийн цочихдоо аягатай
цайгаа алдав.
Аягатай цайгаа алдахдаа айх
сэтгэлээ асгав.
Айх сэтгэлээ асгахдаа амар амгаланг
олов.

\Дээрх дөрвөн мөртийг анх уншихад зэн-буддизмын коан санаанд ороод байсан. Зэнгийн нэг лам хувинтай усаа алдаж асгаад гэгээрдэг. Хувинтай ус асгармагц түүн доторх сар үгүй болдог.   Нэг тиймэрхүү. Цай ууж сууж байгаад л гэнэт амьдралын утгагүйг олж харна, ер нь нэг тийм маш энгийн агшнуудад сэрхийн орж ирсэн бодлууд үнэн хийгээд нухацтай байх магадлалтай, тэгээд л амьдрал утгагүй санагдаад цочсондоо аягатай цайгаа хагалчихав, яг тэр агшинд л нэг тийм гэгээрэл маягийн зүйл болсон юм шиг, аягатай цайгаа асгахдаа айх сэтгэлээ ч бас асгаад, тэгж цочирдсондоо тун амарханаар буцаад амар амгаланг олчихож байна. Амьдрал утга учиргүй гэдэг цочирдож аймаар баримт байж болно, эсвэл бүр санаа амраах сайхан зүйл ч байж мэднэ. \
*    *     *

Түрүүчийн дуутай борооноор
тэнгэр лавтай хагарчээ.
Толины хагархай шиг хэлтэрхий 
тэнд эндгүй гялалзана.
Төрж амаржсан эх шиг наран
түүнд зүсээ тольдоно.
Түүгээд авчихаас нь урьтаж
тэнгэр туучиж харина.

\Дээрх шүлэг надад маш их таалагдсан. Бороон дуслууд газар наранд гялалзах мөчийг тэнгэр хагараад хэлтэрхийнүүд нь газарт унасан гэж, өнөөх газар унасан тэнгэрийн хэлтэрхийнд нар зүсээ тольдон гялалзуулж байна гэж харсан нь, тэгээд бороон дуслууд наранд ширгэхийг тэнгэрийг нар түүгээд авчихдаг гэж, тийнхүү түүгээд авчихаас нь өмнө тэнгэр туучин харина гэж төгсгөсөн нь маш их таалагдсан. Энэ хярааны ур, мэдрэмж байгаа нь сайхан байна. \
*     *      *
За үүгээр задалсан богцоо хумъя. Богцон дахь чулууд таалагдсан бол та магадгүй түүний голын эргээс өөрөө чулуу түүхийг, түүнийгээ эргүүлж тойруулан харж өөрийнхөөрөө сэрж мэдрэхийг хүсэх байх. Юутай ч түүний нэг талаас байгалийн үзэгдэл, агшныг өөрийн төсөөллөөр зурагласан байдал, нөгөө талаас шүлэгтээ эргэцүүлэл-гаргалгаа шингээж буй нь надад таалагдаж байна. Би энэ тааламжийнхаа хэрээр л адилавтар өнгө аяс бүхий шүлгүүдийг нь түүжээ. Түүний зарим шүлгүүдээс нэг тийм ардын дууны гэмээр хөг ая мэдрэгдээд байдаг юм. Энэ бол миний л мэдрэмж, таашаал, таных харин юу өгүүлэхийг мэдэхгүй. Д.Нямдоржийн бусад шүлгүүдийг түүний Эзэнгүй өртөө блогоос уншиж болно.

4 comments:

  1. Nulimas mini
    suvd bolon
    gazart butran
    unahiin tsagt
    Nuuj tuugeed
    bi gertee harimui...

    ReplyDelete
    Replies
    1. Баяраа маань надад дамаар ойлгуулж байна шүү. Нулимс минь сувд болон гээд эхэлмэгц "өврийн алчуураа гаргаж сувд хэдийг нандигнана" гэсэн нь уйлаад нулимсаа арчсан байжээ гэж ойлголоо, өмнө нь харин огт буусангүй. Ай хөөрхий...

      Delete
  2. Shulgiig ingj taildggui ym! Unshgchiin l setgegdl ym da

    ReplyDelete
  3. Бичлэгийн гарчгийг унш даа...

    ReplyDelete