Японы хоёр туйл: Хаяо Миязаки, Такаши Мийкэ

Энэ удаад блогтоо нэг сэдэв дор багтаан оруулж болмооргүй эсрэг тэсрэг хоёр найруулагчийн тухай бичлэг оруулахаар шийдлээ. Тэднийг "япон" хэмээх ганц л зүйл нэгтгэхээс биш өөр давхцаж, нийлэх зүйлгүй дэндүү эрс тэс хоёр уран бүтээлч, найруулагч, хувь хүн. Эхний өгүүлэх уран бүтээлчийг тэр бүр кино үзээд байдаггүй хүн ч гэсэн ядаж ганц удаа нэрийг нь дуулсан, кинонд хорхойсон дурлагчид бол сайн мэдэх, манга, анимегийн шүтэн бишрэгч, хорхойтнууд бол аниме бүрийг нь гарын арван хуруу шигээ шахуу мэдэх биз ээ. Удаах  найруулагчийг  триллер, хоррор төрлөөр дагнан үздэг кино хорхойтнууд мэддэг байж болох юм. Юутай ч хүүхдийн ид шидийн гэмээр цэвэр, тунгалаг ертөнцийг яргалалал, хүчирхийлэл бялдсан цусан улаантай холих гэж буйдаа хүлцэл өчиж байна, гэвч блог бол нийтлэлийн бодлого бүхий сэтгүүлийн булан биш бороо хийгээд цусан дусал энэ тэнцүү нэвчин тунарч байдаг миний дотоод орон зайн хэсэг тул та ойлгон болгооно биз ээ. 

Хаяо Миязаки (Hayao Miyazaki)



Энэ удаад өгүүлж буй хүнээ хэдэн онд, хаана төрснийг нь дурддаг уламжлалт эхлэлийг алгасаад анхны бие  даасан бүтээлийг нь шууд танилцуулж эхлэвэл ямар вэ гэж бодлоо. Миязаки хэд хэдэн аниме бүтээхэд ерөнхий аниметор, дэлгэцийн дизайнераар ажиллаж байгаад Салхит хөндийн Наусика охин (Nausicaä of the Valley of the Wind) хэмээх анимег ижил нэртэй манганаас сэдэвлэн хийсэн нь түүний анхны бие даасан бүтээл болсон бөгөөд тун удалгүй 1985 онд Studio Ghibli-гаа үүсгэн байгуулсан юм. Эндээс л Хаяо Миязаки хэмээх хүний ид шидийн гайхамшигт ертөнцийн үүд нээгддэг. 





Салхит хөндийн Наусика охиноос эр зориг, тэмүүлэл, цэвэр сэтгэл, нинж, хүч чадал гэж юу байдгийг, хүн байгаль хоёрын амин судлыг мэдэрч болно. Тэр бүхэн үзсэн нэгний дотор чимээгүй шургалаад орчих шиг болдог тийм л сайхан, цэвэр агаар шиг бүтээл. Анхны бүтээлээрээ ийм өндөрт, ийм сайханд хүртэл дүүлэх хэмжээний чадвар, туршлага суутлаа тэрээр 1963 оноос буюу 22 наснаасаа эхлээд аниме зураачаар ажилласаар 43 насандаа аниме бүтээгчийн бие даасан  карьераа ийнхүү гялалзтал эхлүүлсэн юм. Миязаки уг нь их сургуулийг улс төр, эдийн засгийн ухаанаар төгссөн боловч мэргэжлээрээ ажилалгүй, манганы зураач болно гэж сэтгэл шулуудан зүтгэх явцдаа аниме бүтээгчийн замд эргэлт буцалтгүй орж, анхнаасаа л өөрийн гэсэн арга барил, хурц авъяасаараа тодорч байсан гэдэг.

Миязакийг олон улсад танигдах эхлэлийг тавьсан түүний алдартай бүтээл нь Миний хөрш Тоторо \My Neighbor Totoro\ хэмээх аниме юм. Англи, Оросын хүүхэд багачууд Винни Пухийг хичнээн хайрладаг билээ Японы хүүхэд багачуудын хувьд Тоторо түүнтэй эн тэнцэхүйц үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм. Хөдөөгийн бяцхан сууринд аав, хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх боловч хүүхдийн аз жаргалтай, цолгиун амьсгал киноны туршид тасалдахгүй, бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэхь хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.






Дараагийн бүтээлээрээ Хаяао Миязаки улам л  өндөрт дүүлсэн. Миний хувийн дүгнэлтээр түүний хамгийн оргил бүтээл: Мононоке гүнж (Princess Mononoke). Мононоке гэдэг нь хүний нэр биш бөгөөд ариун сүнс эсвэл буг чөтгөрийг илтгэсэн нэршил бололтой. Нэг найз маань энэ  анимег "алое" шиг гэж тодорхойлсон, би ч бараг санал нийлсэн. Ойн зураглал, бяцхан дугуй царайтай, цагаан кодама нар гүйлдэх нь үзэгчийг үнэхээр л нэг тийм онгон дагшин, байгалийн шидэнд автуулах шиг болдог. Хаяао Миязаки өөрийн аниме бүтээх багийхны хамт эртний ой мод, уул толгодоор аялаж, тэндхийн байдлыг нүдээр үзэж зургандаа буулгасан гэсэн баримт бий. Тиймдээ ч энэ аниме байгалийн онгон дагшин шидийг үзэгчдэд тийм гүнзгий мэдрүүлэхээр болсон биз.  Бас нэгэн сонирхолтой баримт байдаг нь анимегийн ихэнх хэсгийг гараар зурсан бөгөөд тун яльгүй хэсэгт компьютер график ашигласан бөгөөд эрхэм Миязаки аниме бүтээх явцад зурагдсан 144,000 зургийг нэг бүрчлэн өөрөө шалгаж, 80,000-ыг нь ахин зурсан гэдэг \угаас түүний аниме бүтээлүүдийн 10 хүрэхгүй хувьд компьютер график ашигладаг байна\. 

Уул, ус бүхэн сахиустай байдаг гэж бөө мөргөлд үздэгчлэн байгаль, ойг аварга амьтны дүртэй ариун сүнснүүд хамгаалах ажээ. Гэвч төмөр боловсруулж амьдардаг тосгоны иргэд байгалийн баялгийг эзэмших үүднээс ариун сүнснүүдтэй зөрчилдөж, дайтаж эхэлнэ. Ойн хамгаалагч ариун сүнснүүд үзэн ядалт, өш хонзонгоо дийлэлгүй түүндээ идэгдэх юм бол хамаг биеэс нь өт язагнан цухуйж буг чөтгөр болон хувирдаг аж. Эмиши удмын хан хүү Ашитаки тийм нэгэн буг чөтгөр тосгон луу нь дайрах явцад тулалдаж байгаад нэг гартаа хараал хүргэчихдэг. Ашитаки гарт нь хүрсэн хараалыг тайлж, амиа аврах аргыг олохоор тосгоноосоо явдаг. Тийнхүү эрэл хайгуул болж явах зуураа ариун сүнсүүд, хүн хоорондын дайнд татагдан орж, Моро хэмээх аварга, цагаан чонон дүрт ариун сүнсний өргөж авсан охин Санд дурлаж орхидог. Ашитаки хүн, ариун сүнсний тэмцэлдээний аль ч талд оролгүй, хэн хэнийг нь зогсоох гэж зүтгэх боловч хүмүүс эцэстээ нэгдэн ойн тэнцвэрийг хадгалж, ариун сүнснүүдийн амьдрал үхлийг шийдэж байдаг буга дүрт ойн бурхны толгойг цавчиж орхидог. Ашитаки ч дурласан Санаа үхлийн аюулаас аварч, хамтдаа хүмүүсийн гараас тасарсан толгойг нь авч толгойгоо хайн бэдрэх хилэгнэсэн ойн бурханд эргүүлэн өгч бурхын хилэнд тэр хавийн тосгон, хүмүүс сүйдэн үгүй болохоос сэргийлдэг. Байгалийг сүйтгэж, эхийг нь, ойн бурхны толгойг цавчсан хүмүүсийг үзэн яддаг Сан бага багаар өөрийгөө нээсээр эцэстээ Ашитакийг хайрлах боловч киноны төгсгөлд "Би чамд хайртай. Гэхдээ би хүмүүсийг уучилж чадахгүй" гэхэд нь Ашитаки инээмсэглээд "Зүгээр дээ. Бид хаа ч байсан хамтдаа байгаа. Би чам дээр очиж байна аа" гээд тэр хоёр салан явцгаадаг.  Сүйтгэгдсэн ойн дунд цагаан, дугуй царайтай, нүүр нь эргэлддэг, бяцхан Кодама тодроод аниме төгсдөг. Товчоор хүн, байгаль хоорондын дайн, гэвч энэ дайнд хэн нь ч ялдаггүй, угаас дайнд ялагч бий гэж үү? 






Кино ертөнцөд эзлэх байр суурийн хувьд түүний хамгийн оргил бүтээл нь 2001 онд хийгдсэн Сүнсээр туугдагсад (Spirited away) хэмээх аниме юм. Кино шүүмжлэгчдийн зүгээс энэхүү бүтээлд нь өгсөн үнэлгээ, авсан гавъяа шагналыг нь дурдаад баршгүй тийм амжилт үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Энэ амжилтын гол шалтгаан нь Пиксарын нэрт аниметор, Миязакийн шүтэн бишрэгч Жон Лассетэр (John Lasseter) уг анимег англи хэл дээрх хувилбараар гаргах ажилд гүйцэтгэх продюсерээр ажиллаж, англи хэлтнүүдийн ертөнцөд Миязакийн бүтээлийг орчуулга, продюсерийн өндөр чансаатайгаар хүргэсэнд учир нь байдаг гэж би таамагладаг юм. Сүнсээр туугдагсад аниме 75 дахь удаагийн Оскарын шагналыг бүрэн хэмжээний шилдэг анимэйшн төрөлд хүртэж, 2002 оны Берлины кино наадмаас Алтан баавгай хүртэж, Британийн кино академиас гаргасан "14 насандаа үзэх ёстой шилдэг 50 киноны" жагсаалтад багтаж, Empire Magazine сэтгүүлийн "Дэлхийн кино урлагийн түүхэн дэхь 100 шилдэг кино" жагсаалтын 10 дугаарт бичигдсэн түүхтэй. Хийц, арга барил, дүр, өгүүлэмж нь барууны ертөнцөд цоо шинэ од эрхэс нээсэн мэт санагдсан нь аргагүй биз. Дүрүүдийн бэлгэдэл ч өндөртэй аниме.





"Сүнсээр туугдагсад" анимегийнхээ дараа Хаяо Миязаки гагц японд төдийгүй дэлхий дахинд алдаршин, түүнийг шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт дараагийн бүтээлийг нь шимтэн хүлээж байсан цаг буюу 2004 онд Британийн зохиолчийн Хаулын нүүдэлч цайз \Howl's Moving Castle\ хэмээх уран сэтгэмжит романаас сэдэвлэн ижил нэр бүхий аниме бүтээлээ гаргасан юм. Шүтэн бишрэгчдээ тэр гонсойлгосонгүй, арга барил, хийцийн хувьд ахиад л шидээвэр, харин өгүүлэмж нь жаахан ярвигтай, ямар ч байсан бэлэн хоол ам руу нь халбагадаад хийгээд өгчихсөнгүй, үзэгчийн уран сэтгэмж, төсөөлөлтэй нэгдэж байж илүү ойлгомжтой, гүйцэд болохоор бүтээл болсон санагддаг.







 Хаяо Миязакийн олонд хүртэл болоод байгаа хамгийн сүүлийн бүтээл нь Понио (Ponyo) хэмээх хүн болж хувирах хүсэлтэй бяцхан алтан загас-лусын охины тухай аниме юм. Кино шүүмжлэгчдийн зүгээс бас л ам сайтай, энэ удаад уг бүтээл нь Америкт төдийгүй, Канад, Их Британид нээлтээ хийн бокс оффист багтаж багагүй ашиг орлого цуглуулсан байна лээ. Japan Times сэтгүүл уг анимег нь Миний хөрш тоторотой нь жишин үнэлж, Rotten Tomatoes 10-аас 7.7, Metacritic 100-аас 86 гэсэн үнэлгээ өгч, Imdb-дээр 7.7 гэсэн үнэлгээтэй байна. Мэдээж энэ бол Миязакийн шилдэг бүтээл нь биш боловч дүрслэл, өгүүлэмжийн хувьд түүний бүх насны шүтэн бишрэгч ялангуяа хүүхдүүдийн хувьд сэтгэл зүрхийг нь соронздон татах бүтээл болсныг олон шүүмжлэгч дурьдсантай би санал нийлдэг. Таван настай хүүтэй найз болсноор бяцхан охин болж хувирах хүсэлтэй, утсан гахайн маханд дуртай өхөөрдөм алтан загасан-лусын охин, амь орон хуйлрах давалгаа, лусын дагина эхийнх нь гайхамшигт үзэсглэнг хараад уг анимегийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан ч Хаяа Миязакийн бүтээл гэдгийг шууд л таньсан, түүнээс өөр ингэж хийж чадах хүн байхгүй гэдгийг мэдэж байгаа хойно.










Гайхалтай аниметор, манга зураач, найруулагч Хаяо Миязакийн талаарх багахан бичлэг маань өндөрлөх тийшээ хандаж байна, энэ бичлэгтээ түүний голлох бүтээлүүдийг түлхүү оруулах үүднээс Порко Россо \Porco Rosso\, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ \Kiki's Dilevery Service\, Тэнгэрийн цамхаг \Casttle in the Sky\ зэрэг бусад анименүүдийг нь дурдалгүй орхилоо, түүний гал цогтой шүтэн бишрэгчид бол бүтээл болгоныг нь алгасахгүй үзсэн байдаг.

Миязакийн амжилт, цар нөлөөг Уолт Диснейтэй адилтган зүйрлэх нь бий, би харин энэ эрхмийг өнөө цаг үеийн кино ертөнц дэхь амьд үзэгдэл гэж боддогоо хэлмээр байна, түүний цэвэр агаар, цэнгэг булаг шиг бүтээлүүд, хүүхэд насанд маань хүргэж өгдөг шидэт галт тэрэг шиг анименүүдийг үзэх тоолонд гэгээн сайхан, нийгүүлсэл, хайр, хүүхэд насны минь цэвэр төсөөлөл, цоглог, цолгиун, сониуч амьсгаа дотор минь бөхчихөөгүй цохилсоор байгааг мэдэрдэг. Тиймдээ ч нүүрэндээ дулаан инээмсэглэл тодруулсан япон өвөөтэй нэг цаг үед амьдарч, бүтээлүүдийг нь үзэх завшаан олдсон хувь тавиландаа үнэн сэтгэлээсээ талархдаг.

"Би уг нь хувь хүнийхээ хувьд маш гутранги хүн. Хорвоо ертөнц муу муухай руу улам дөтөлж байна. Гэтэл энэ ертөнцөд хүмүүс нэмэгдсээр, жишээ нь л гэхэд манай ажлын хүн хүүхэдтэй боллоо гэхэд түүнд сайн сайхныг ерөөхөөс өөр аргагүй, энэ ертөнцөд ирсэн жаахан амьтанд "чи ийм газар ирэх ёсгүй байсан юм" гэж хэлж болохгүй шүү дээ, энэ мэт зөрчилтэй бодлуудын дундаас би ямар бүтээл туурвих ёстойгоо ухаардаг. Тиймээс би "хорвоогийн муу муухайд цөхөрч гутраад нүүр буруулан зугатаа" гэж хүүхдүүдэд ойлгогдох кино хийж чадахгүй." Хаяо Миязаки





Такаши Мийкэ (Takashi Miike)

Японы кино найруулагч Такаши Мийкэг харьцангуй цөөн хүн мэдэх болов уу хэмээн таамаглаж байна. Тэр учир ч удахгүй тодорно. Такаши Мийкэ Японы Осакагийн жижигхэн хотод 1960 онд төрсөн бөгөөд мэргэжлийн мотоциклийн уралдаанч болох хүсэлтэй байжээ. Гэвч хэсэг оролдож байгаад энэ хүслээ биелүүлж чадалгүй 18 насандаа Шохэй Иммамурагийн (Наруяама уулын домог (The Ballad of Narayama), 1997 онд Ираны кино найруулагч Аббас Киаростамийн "Тоорын амт" киноны хамт Каннын кино наадмаас "Алтан далдуу мод" шагналыг хүртсэн Могой загас (The Eel) киноны найруулагч) үүсгэн байгуулсан кино сургуульд элсэлтийн шалгалтгүй байсан учраас элсэн орж суралцах болсон байна. Тухайн үед Мийкэ хичээлдээ алдаг оног суудаг, хэнэггүй оюутан байсан боловч орон нутгийн телевиз цалингүй ажиллах оюутан сураглаж ирэхэд сургуулиас нь Мийкэг санал болгосон гэдэг. Тэрээр туслах найруулагч болтлоо телевизэд олон жил төрөл бүрийн ажил хийсэн бөгөөд ерөнхий найруулагчаар ажиллах болсон эхний жилүүддээ хямдхан, арилжааны видеонууд ихээр гаргасан, хожим олон улсад танигдсан найруулагч болсон хойноо ч тэр хүүхдийн, драмын, аймшиг гэх мэт олон янзын төрөл жанрын кинонууд дээр зэрэг ажилладаг, жишээ нь гагц 2001-2002 оны хооронд л гэхэд 15 продакшнтэй хамтарч кино найруулсан баримт байдаг. Бүр манайд, тэнгис кино театрт Такаши Мийкэгийн найруулсан "One missed call" хэмээх арилжааны аймшгийн кино нь гарчихсан тууж явсан. Түүний хувьд кино найруулагч байна гэдэг сонголтгүйн улмаас хийх болсон ажил нь юм, тиймдээ ч завгүй цагийн хувиараар ажиллаж, завсар зайгүй, сайн, муу, есөн шидийн кино үйлдвэрлэн гаргаж байдаг гэхэд болно. 

"Би сонголтгүй болоод л кино найруулагч болсон. Үнэндээ мөнгөтэй, зөв хүмүүстэй холбоо тогтоох авъяастай байх аваас нэг хувийн авъяастай хүн ч гэсэн кино найруулагч болчихож дөнгөнө. Би мотоциклийн уралдаанч болохыг мөрөөддөг байсан, мотоциклийн уралдаанд хоёрын хооронд авъяас гэж үгүй, ялагч нь туйлын авъяастай байх ёстой, ийм ертөнц л миний бишрэлийг төрүүлдэг. Гэвч надад кино найруулагч болохоос өөр сонголт байгаагүй." Такаши Мийкэ

Хэдийгээр сонголтгүй хувь тавилан түүнд кино найруулагчийн "өмсгөл" оноосон ч, тэр байнга "ажлууд" үйлдвэрлээд байдаггүй цөөхөн сайн "бүтээл " түүний гараас төрдөг нь гол төлөв гэмт хэрэг, триллер, аймшиг чиглэлээр хийгдсэн яргалал, хүчирхийлэл, тамлал бүхий кинонууд байдаг. 

Эзэндээ кино найруулагчийн хувиар олон улсад танигдах эхлэлийг нээж өгсөн хийгээд одоогоор хийгдээд байгаа түүний хамгийн оргил бүтээл нь 1999 онд гарсан Сонгон шалгаруулалт (Audition) хэмээх романтик хоррор, триллер төрлийн кино юм.



2000 онд уг киног Ротердамын кино наадам дээр үзүүлсний дараа нэгэн эмэгтэй үзэгч Такаши Мийкэ рүү "аймшигтай чөтгөр" гэж хашгирсан гэдэг. Гэвч хоосон сүржигнээд яахав, Сонгон шалгаруулалт кино тийм аймшигтай, хэрцгий кино юу гэвэл үгүй, зүгээр нэг утгагүй хоосон цус нөж дэлгэцээр дүүрэн бялдаад байх уу гэвэл бас үгүй, киноны дунд ортол үзэгч сайхан зураг авалттай, сайхан драм үзэж байна гэж эндүүрэх вий, гэвч киноны дунд хэсгээс үйл явдал завсаргүй өрнөсөөр төгсгөлийн хэсэгт эцэстээ тулж дотор зарсхийм яргалалтай золгоно, үнэндээ яргалалын элементүүдийг хэдхэн секунд орчим л харуулаад гол дүрийн эмэгтэйн яргалалаас таашаал авч буй байдлыг зонхилон үзүүлдэг.

Үйл явдлыг тоймловол: Өсвөр насны хүүтэйгээ амьдрах хижээл насны эр. Эхнэр нь хэдэн жилийн өмнө өвчнөөр өөд болсон учир хүү нь аавыгаа эхнэр аваач гэж ятгах, өөрөө ч амьдралын эрхээр ганцаардах хослоод нэг мэргэн шийдвэр гаргадаг юм. Найз нь кино компанид ажилладаг тул гол дүрийн эмэгтэй жүжигчин сонгон шалгаруулах тухай зар явуулах замаар шалгуулахаар ирсэн эмэгтэйчүүдээс эхнэр болох хүнээ сонгох төлөвлөгөөтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлэнэ. Өнөө эр чинь найзтайгаа зэрэгцэж суучихаад л бүсгүйчүүдээс асуулт асууж, анкетыг нь уншаад л, тэдгээр бүсгүйчүүд нь ямар ч ажиг сэжиггүй киноны дүрийн сонгон шалгаруулалт гэж санаад л, таалагдаагүй эмэгтэйчүүдэд нь тэнцээгүй гэж хэлж явуулаад л, тэгж байтал Асуми гэж бүсгүй анхаарлыг нь татаж, өнөөхдөө бараг дурлачихдаг юм. Тэгээд киноны талаар ярих нэрийдлээр хамтдаа хоолонд орох, ярилцах зэргээр дотносоод авна даа. За тэгж байтал л байдал бишдээд ирнэ дээ...Бурхан минь.

Дотор зарсхийм эвгүй зураглалуудтай, киноны хурд эцэстээ тулах тэр мөчийн зураг авалт, холбоос нь үнэн үнэмшилтэй, хүчтэй.







Нэр дурьдан буй киног японы нэрт зохиолч Рью Муракамигийн ижил нэрт роман дээр тулгуурлан хийсэн байдаг нь өөр нэгэн онцлууштай баримт юм. Зохиолч Рью Муракамид өөрийнх нь бүтээлээр хийсэн кино учиргүй таалагдсан байдаг. Тиймдээ ч  өөр нэгэн зохиолоор нь кино хийх эрхийг Такаши Мийкэд өгсөн боловч кино хийх санхүү бүрдүүлж чадаагүйн улмаас уг төсөл харамсалтайгаар зогсчээ. 

Ер нь энэ төрлөөр сонирхон үздэггүй хүн ч гэсэн триллер, хоррор төрлөөр хийсэн чанартай кино бүтээл гэдэг утгаар нь сонирхож үзэхэд гэмгүй. Их л мөлжүүртэй кино санагддаг. Миний хувьд бол энэ төрлийн киноны "шүтээн" маань юм.

Такаши Мийкэгийн дараагийн онцлууштай бүтээл нь ижил нэрт манга цувралаас сэдэвлэн хийсэн Алуурчин Ичи (Ichi the Killer) хэмээх кино. 

Уг киног Торонтогийн олон улсын кино фестивалийн үеэр гаргахдаа үзэгчдэд бөөлжих уут өгөн танхимд оруулж байсан гэдэг, Стокхолмын кино фестивалийн үеэр ч гэсэн ижилхэн арга хэмжээ авсан, киноны явцад нэг үзэгч бөөлжиж, нэг үзэгч бүр ухаан алдан унасан, хэтэрсэн хүчирхийлэл, яргалалын улмаас Малайз, Норвегид худалдаалахыг хориглосон гээд сүрдэм сүрдэм баримтуудыг ихээр дурьдаж болно. Энэ удаад энэ бүх баримтууд хоосон сүржигнэл биш бөгөөд эмэгтэй хүнийг хэрцгийгээр зодож хүчирхийлэх, санаанд багтамгүй гэмээр яргалалууд нүдний өмнө туйлын бодитойгоор өрнөдөг учраас үнэхээр үзэж чадах нэг нь үзнэ биз ээ.



Master of Horror хэмээх аймшгийн кино бүтээгч, найруулагчдын албан бус бүлэг хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу хийгдэж, кабелийн телевизээр цацагдах ёстой байсан боловч хориглогдож зөвхөн DVD болон Bluray  хэлбэрээр худалдаанд гарсан Такаши Мийкэгийн бүтээл болох Ором (Imprint) нь бас л баахан шуугиан дагуулав. Master of Horror-ийн санаачлагч, аймшгийн кино бүтээгч Мик Гаррис хэмээх эрхэм "Imprint-ийг үзэх надад хүртэл амаргүй" байсан гэж хэлсэн гэх мэтээс эхлээд энэ тэндхийн кино сонирхогчдын сайтууд дээр аймшгийн киногоор дагнан review бичигч, кино хорхойтнуудын зүгээс чамгүй сайн үнэлгээ авсан байна лээ. Такаши Мийкэг visual poet буюу махчилбал дүрслэлийн яруу найрагч гэж өргөмжилсөн байх нь цөөнгүй. Үнэхээр ч түүний бүтээлүүд хэдий хүчирхийлэл, яргалал, хэрцгийллээр дүүрэн боловч тавилтууд нь зөөлөн, эсвэл өнгөний нарийн зохицолтой гэмээр байдаг. 

Ором кино нь бас л үзэхэд амаргүй л дээ, ялангуяа жирэмсэн эмэгтэй хүн үзвэл үнэхээр хямарч, бие нь эвгүйцэж мэднэ. 

Харин Такаши Мийкэ найруулагчийн ихэнх хүнд бүтээлүүдтэй харьцуулбал хавьгүй хөнгөн богино хэмжээний кино болох Three Extremes хэмээх гурван  нэр нөлөө бүхий ази найруулагчийн триллер, хоррор төрлөөр хийсэн цуглуулгад багтсан Хайрцаг (The Box) бүтээл нь сонирхолтой, шийдэл сайтай. 



Би Такаши Мийкэ найруулагчийн 13 алуурчин (13 Assassins) хэмээх өөр нэг онцлууштай бүтээлийг нь одоо болтол үзэж чадахгүй л яваа, та хүсвэл олж үзнэ биз ээ. 


Үүгээр "Яргалалын хаан", "Дүрслэлийн яруу найрагч" гэж эсрэг тэсрэгээр цоллуулдаг, дэндүү эсрэг тэсрэг кино хийдэг, триллер, хоррор төрлийн ховорхон хүчтэй найруулагчдын нэг болох Такаши Мийкэг танилцуулах багшаархан бичлэгээ өндөрлөж байна. 

"Би кино бүтээхдээ үзэгчид яах тухай огтхон ч боддоггүй, юу тэдний сэтгэлийг хангах бол гэж бүр ч боддоггүй. Үзэгчдийг бүхэл масс гэж хялбаршуулан төсөөлж болох ч үнэндээ үзэгчдийн суудалд сууж буй хүн бүр өөр өөр. Тиймээс бүгдэд таалагдсан бүтээл гэж угаас байх боломжгүй." Такаши Мийкэ

*      *      *

Үнэхээрийн эсрэг тэсрэг ертөнцийг хамж аваад нэг бичлэгт багтаах гэсэн үйл явц маань хачирхалтай боловч сонирхолтой л байлаа, уншсан нэгний хувьд мөн тийм байна гэж найдаж байна.

Жич: Та энэхүү бичлэгт нэр дурьдсан кинонуудыг торрентоос татан авч, сабтайтлетэй нь үзэхийг хүсвэл Яаж киночин болох вэ хэмээх миний өөр нэг бичлэгийг сонирхоорой.

20 comments:

  1. Хаяо Миязакийн кинонуудыг ихэнхдээ л тохиолдлоор тв-ээр үзэж дуртай болсон доо. Харин Яаж киночин болох вэ бичлэгээс чинь хойш таалагдсан кинонуудаа татаж хадгалж байхаар шийдсэн. Жишээ нь охиндоо түүний кинонуудыг хадгалах нь байна хэхэ...


    Харин Такаши Мийкэ... ий ий... би бүр "хүнд" кинонуудыг нь бол үзэж чадахгүй байх аа. Гэхдээ Сонгон шалгаруулалт, Хайрцаг 2-ыг нь сонирхоод үзье гэж бодлоо.

    Товчдоо бол кинонд бараг л "нүд нээгдээгүй" гэж болох миний хувьд тун сонирхолтой бичлэг байна.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ, ямар сайндаа л жирэмсэн болвол Хаяо Миязакийн анименүүдийг үзээд, хүүхдийн зохиол л орчуулаад сууна даа гэж боддог юм.

      Мийкэгийн сонгон шалгаруулалт бол бүтээл ээ, үзэхэд хүнд биш ч сэтгэц мэдрэлийг бол эвгүй л дарангуйлна, гэхдээ үзэх л ёстой бүтээл байх. Three Extreme гээд цуглуулгын гурван киног үзчихээд ер нь зүгээр ээ. :)

      Delete
  2. Хаяо Мияазакид хайртай би.

    ReplyDelete
    Replies
    1. Одоо Мийкэд хайртай бол оо...хэхэ

      Delete
  3. Takashi Miike butkuu butkuu, yooo aimaaarrrr shd. Dairii kinogii ni uzej chaddag yumuu. mundag yumaa. bi neg kino ehluulsen bolood bolison, ene hunees l holhon yaviya gej andgailsan shde. Dairii igai da yooo

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
    2. Хэхэ, Манай Дайрий бас Такаши Мийкэд дуртай байсан юм уу...түрүүн коммент уншаад Дайрий гэдэг үгийг нь ойлгоогүй байсан юм...хэхэ

      Delete
  4. 13 алуурчин өмнөх 63 оны билүү тэр хувилбарыг гүйцэхгүй ч яалтчгүй Мийкегийн гэж харагдахуйц илт зураг авалт жүжиглэлт ажиглагддаг шүү. Үзэхэд илүүдэхгүй

    ReplyDelete
  5. ali alind n durtai bolohoor bugdiin unshlaa. ene n har ba tsagaan, unen ba hudal 2n niilemj yumdaa....

    ReplyDelete
  6. Зүүн гартаа гэрэл, баруун гартаа хутга бариад харанхуйд алхах амьдрал.

    ReplyDelete
  7. Zaya ene blogiinho zagvar ntriig shinechlehgui yumuu. unshihad aygui tuvugtei sanagdaad. esuul fontoo uurchildug yumuu. bas blogiig chin bainga unshdag, goy bdag thx

    ReplyDelete
  8. Сайн байна уу, тэгж байгаад нэг өөрчлөх бодол байна аа. Миний хувьд хамгийн тохиромжтой фонт нь times санагддаг болохоор түүгээрээ оруулдаг юм.

    ReplyDelete
  9. baahan blog zeregtsuulen unshij bgaad... deer comment bichihdee henii blog unshij bbgaagaa anduurchihaj. sorry. nice post. miikegiin kino uzej chaddag mundag busgui yumaa.

    ReplyDelete
    Replies
    1. Аан тийм учиртай байж. Мундаг юу байхав ээ. Ойрд Мийкэгээс жаахан зай барьдаг юм уу гэж бодох болсон.

      Delete
  10. Bayarlalaa. Anime sonirhoj ehlej baisiin. Heregtei medeeelel bailaa.

    ReplyDelete
  11. Энэ мэдээллээ хаанаас орчуулсан бээ? Эсвэл эдгээртэй холбогдох линкүүдийг нь өгж туслаач? Их хэрэгтэй мэдээллүүд байнаа.

    ReplyDelete
  12. Би 13 алуурчинг үзсэн. Хүмүүс юу гэхийг нь мэдэхгүй. Миний хувьд үнэхээр сайн бүтээл болсон гэж боддог. Энэ хүн найруулсан байхнээ. Нэг үзэхэд гэмгүй л юм байгаа юм. Харин Хаяо Миязакигийн тухайд чамтай санал нэг байна. Тиймээ, үнэхээр агуу хүн юм.

    ReplyDelete
  13. KAMI SEKELUARGA TAK LUPA MENGUCAPKAN PUJI SYUKUR KEPADA ALLAH S,W,T
    dan terima kasih banyak kepada AKI atas nomor togel.nya yang AKI
    berikan 4 angka [4135] alhamdulillah ternyata itu benar2 tembus AKI.
    dan alhamdulillah sekarang saya bisa melunasi semua utan2 saya yang
    ada sama tetangga.dan juga BANK BRI dan bukan hanya itu AKI. insya
    allah saya akan coba untuk membuka usaha sendiri demi mencukupi
    kebutuhan keluarga saya sehari-hari itu semua berkat bantuan AKI..
    sekali lagi makasih banyak ya AKI… bagi saudara yang suka main togel
    yang ingin merubah nasib seperti saya silahkan hubungi KI JAYA WARSITO,,di no (((085-342-064-735)))
    insya allah anda bisa seperti saya…menang togel 870 JUTA , wassalam.


    dijamin 100% jebol saya sudah buktikan...sendiri....







    Apakah anda termasuk dalam kategori di bawah ini !!!!


    1"Dikejar-kejar hutang

    2"Selaluh kalah dalam bermain togel

    3"Barang berharga anda udah habis terjual Buat judi togel


    4"Anda udah kemana-mana tapi tidak menghasilkan solusi yg tepat


    5"Udah banyak Dukun togel yang kamu tempati minta angka jitunya
    tapi tidak ada satupun yang berhasil..







    Solusi yang tepat jangan anda putus asah... KI JAYA WARSITO akan membantu
    anda semua dengan Angka ritual/GHOIB:
    butuh angka togel 2D ,3D, 4D SGP / HKG / MALAYSIA / TOTO MAGNUM / dijamin
    100% jebol
    Apabila ada waktu
    silahkan Hub: KI JAYA WARSITO DI NO: [[[085-342-064-735]]]


    ANGKA RITUAL: TOTO/MAGNUM 4D/5D/6D


    ANGKA RITUAL: HONGKONG 2D/3D/4D/



    ANGKA RITUAL; KUDA LARI 2D/3D/4D/



    ANGKA RITUAL; SINGAPUR 2D/3D/4D/



    ANGKA RITUAL; TAIWAN,THAILAND



    ANGKA RITUAL: SIDNEY 2D/3D/4D



    DAN PESUGIHAN TUYUL

    ReplyDelete