Чи,
Цаг хугацааны
хүчит давалгаан мэт долгиолон цалгилж
Цаг хугацаагүйн эрэг дээр намайг аваачдаг
Халуун зүрхнээс чинь цацрах гэрэл
Хачин гоёмсог жигүүр урлаад
Хүслийнхээ зүг гар сунгахад л дүүлэн нисээд
Хөндүүр гуниг
навчис мэт нэг нэгээрээ надаас сулран ангижраад
Тэнд хүлээлт гэж үгүй ч
Би нүдээ анин юуг ч юм хүсэн залбирсаар
Залбирах ганц шалтгаан нь чи гэдгийг мэдрэх тусам
Завинд суугаад эргээс холдохдоо би тувт инээмсэглэдэг
Холдох тусам өд сөд минь зумран хийсч
Шувууд зэрэг тэрхийн модноосоо нисчих шиг хоосроод
Би жирийн л нэгэн бүсгүйд эргэн хувилавч
Жир биш юу ч юм дотроос түлхэн өндөлзүүлээд
Чи миний дотор жигүүр урласаар буй нь мэдрэгддэг.
No comments:
Post a Comment