Үхсэн цаг...



Орь тачаалын хэмээр улайран эргэлдэх цүнхээл мэт өдрүүд
Онгорхой хаалганы цаана түгжээтэй мэт хоригдох залуу насыг
Охин биеийн ариунаар ариулах гээд толботуулж орхисон
Онгож гандаад хэрэг нь гарсан цагаан даавуу шиг сэмлэв

Цээжин цаана зүрх биш чулуу нүдэлдэх хангинаан дуурсаж
Цусаа савируулан зулбахдаа ч цуцаж мэддэггүй араатан сэрж
Үүлсийн цаадах ч угтаа цагаан гэж итгэдэг жаахан охиныг
Унтаж байх хойгуур өндрөөс нулимах тэнгэр мэт авирлана

Орон зай, агуулгын ийм увайгүй мэхлэлтийг яаж уучлах
Орхиод гарахад нь өт мэт атирсан ичгүүрээ яаж улайх
Баавгайтай чихэр зүүдэлж сэрсэн бяцхан охины аманд
Бэлэг эрхтэнээ багтааж ядан чихэх хөлчүү эр мэт үнэнд
Баглуулж ороолгоод тэлчилж хэвтэх мэт амьдралыг
Байгаагаар нь хайрлана гэхээс даанч гомдолтой.

Орь залуугийн хоолойгоор учирлан гуйх хөгшин нас
Оноож надад өмсгөсөн цайлган гоёл минь гандав
Оршуулгын цуваа мэт хөврөх дүнсгэр өдөр хоногууд
“Одоо цаг” гэх ганцхан зүүсгэлтэйд л тайтгаръя.

4 comments:

  1. "Оршуулгын цуваа мэт хөврөх дүнсгэр өдөр хоногууд
    “Одоо цаг” гэх ганцхан зүүсгэлтэйд л тайтгаръя." гэж ямар айхтар зүүрлээ вэ? Магад яг үнэнрүү хатгаж өгүүлсэн мэт санагдав.

    ReplyDelete
  2. Найз нь өөрөө их хар бараан юм бичдэг л дээ. Гэхдээ таньдаг эгч маань өөрийн бичсэн хар барааныхаа хойноос олон жил гаслаж, болж бүтэхгүй амьдралаа чухам түүндээ л тохон, бурхан багшийн сургааль цаасан дээр хэвлээд өмнөх нүглээ цайруулах гэж айл айлын хаалга тогшоод тарааж явсан түүх мэдэх юм.

    Болж бүтэж байгаа амьдралаа боомилсон үгсээс аль болох дөл өө... Үг шидгүй ч идтэй шүү.

    ReplyDelete
  3. Хэт бараан зүйлс их бичих нь хэтдээ сэтгэлийг улам л сааралтуулж гутраана гэж би бодно. Гэхдээ чамаас ямархан гэгээн уянга гардагыг бас мэднэ :)

    ReplyDelete