"Хэцүү нэрт" нэгэн жүжгийн тухай



Энэ удаа блогтоо удахгүй тавигдах гэж буй нэгэн жүжгийн талаар бичлэг оруулахаар шийдлээ. Хэцүү нэрт ч юу байхав угтаа бол "Үтрээний хүүрнэл" нэртэй жүжиг юм. Нэрнээсээ авхуулаад таны эгдүүцлийг төрүүлж, "бузар муухай" санагдаж, "энэ хүмүүст үүнээс өөр хийх юм олдоогүй юм байх даа" хэмээн та толгой сэгсрэн сууж ч болох. Гэвч нэрнээс нь үргэж, урьдчилан хаалт тавилгүй энэ жүжгийн хөшгийг зориглон сөхөж үзвэл цаана нь юу байхыг мэдээд гайхан алмайрах вий. Өмнө дурьдсан бодлууд ч ор мөргүй хийсэх вий. Би тэгж л бодож байна. Цөөнгүй хүн өөрт нь яг ийм зүйл тохиолдсоныг надтай хуваалцсан юм.
Мэдээлэл болгон хэлэхэд энэхүү жүжиг нь нэрнийхээ содон, сониноор бусдыг даллан дуудаж мөнгө олох гэсэн арилжааны зүйл огт биш харин "V Day" хэмээх охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг мэдээлэл түгээж, хандив цуглуулах зорилго бүхий олон улсын хөдөлгөөний нэгэн хэсэг гэдгийг зориуд дурдмаар байна.
\Хойно энэ талаар дэлгэрэнгүй бичсэн болно\

Манайд бол "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ-ын охид 2011, 2012 онд дараалан албан ёсны эрхтэйгээр жүжгийг тоглож, 1500 гаруй үзэгчдэд хүргэж, эхний жил 6,180,580 төгрөгийн хөрөнгө босгож үүнээс 4,680,580 төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд, мөн 1,000,000 төгрөгийг ЛГБТ төвд, 400 ам.долларыг V-Өдөр аяны уриалгын дагуу газар хөдлөлтөд өртсөний улмаас хүнд нөхцөлд байгаа Гайти улсын эмэгтэйчүүдэд, удаах жилд 9,500,000 төгрөгийн хандив цуглуулж, үүнээс 90 % болох 8,550,000₮-ийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байранд үйлчлэх аюулгүй тээвэр худалдан авахад зориулан хандивлаж, мөн 10% буюу 950,000 ₮-ийг ОУ-ын V-Day аяны уриалгын дагуу Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивласан билээ.

Дор та "V Day" олон улсын хөдөлгөөний албан ёсны сайтанд буй зурагт монгол улсад "Үтрээний хүүрнэл" жүжиг тоглогдохыг илтгэн "V" үсгээр тэмдэглэсэн буйг харж байна.


2011 оны жүжгийн орлогыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандивлаж буй нь...


2012 оны жүжгийн орлогыг хандивлах үйл ажиллагааны зураг.



Жүжгийн бүх ажилд дан сайн дурыхан оролцож, тоглодог бөгөөд  жүжгийн зохион байгуулалт, жүжигт тоглох гээд ямар ч хэсгийн үйл ажиллагаанд оролцож буй хүн цалин эсвэл  шагнал болгох зэргээр нэг ч төгрөг авах ёсгүй гэсэн "V Day" аянаас тогтоосон дүрэмтэй юм. 

Үүгээрээ дэлхий даяар уг жүжигт хүний эрхийн төлөөх идэвхитэй тэмцэгч бүсгүйчүүд сайн дуураар тоглож, олон нийтэд мэдээлэл түгээж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд хандив цуглуулахаас өөр ямар ч арилжаа, ашгийн зорилго агуулдгүйгээрээ онцлог. Бид ч энэ зарчмаас гажаагүй, уг жүжигт оролцсон бүх хүмүүс өөрсөддөө ашиг болгож нэг төгрөг ч аваагүй болохоо бардмаар хэлж чадна.

\Ингэхэд энэ юун хүн энэ үйл ажиллагааг ингэж сайн мэдээд, хүмүүс нь нэг ч төгрөг аваагүйг хүртэл баталж бариад байна аа гэж бодож магад. Би дээр нэр дурьдсан клубын гишүүн, мөн уг жүжгийн орчуулгыг редакторласан ухаантай юм. Жүжгээ тавина гээд бид жижигхэн өрөөнд цугларч уулзахаас эхлээд тайзан дээр тавигдах хүртэл алхам бүрийг хажуунаас нь ажиж, оролцож байсан хүний хувьд ийнхүү хэлж байгаа хэрэг юм шүү. Өө энэ чинь өөрийнхөө хүрээлэл, редактораар оролцсон жүжгээ л хий хоосон мандуулах гэсэн санаа байна гэж хардуузай. хэхэ. Энэ бичлэгт тийм зорилго огт байхгүй болно.\

Хүмүүс гайхдаг л даа, зарим нь ч даапалангуй өнгө аясаар  "Тэгээд тэр үтрээ чинь юу хүүрнэх үү" гэж, зарим нь энэ үгийг хэлэхээс цэрвэж ""Тэр" чинь тэгээд юу хүүрнэх үү" гэж асуудаг?
\Энэ хэсгээс хойш зөвхөн миний хувийн дүгнэлт, сэтгэгдэл гэдгийг анхаарна уу\

Товчоор би "таны төсөөлөмгүй олон зүйлийг" гэж хэлдэг юм, дэлгэрэнгүй хэлбэл энэ жүжиг эмэгтэй хүний олон нүүр царай, туршлага, мэдрэмжийг агуулсан амьдралын нэгэн цогц илэрхийлэл юм. Бодоод байхад "Үтрээ" гэж их сонин эрхтэн юм аа?  Биднийг энэ хорвоод авчрагч үүд хаалга бологч "буянтан", эмэгтэй хүнд "таашаал, аз жаргал амсуулагч" хэрнээ буруугаар эргэвэл "доромжлол, хүчирхийлэл, ичгүүр, шаналалын эх сурвалж", эмэгтэй хүний хувьд "харь хөндий", "төвөгтэй ч юм шиг" хэрнээ бидний бусад эрхтнүүдийн адил онцгой үүрэгтэй тийм л зүйл. Олон зууны турш нийгмийн зүгээс чичлүүлж, бузар муухайгаар дуудуулсаар ирсэн боловч өөрийн үүргээ гүйцэтгэсээр, энэ хорвоод "бузраар нь дуудан чичлэгч ариун хүмүүсийг" өөрөөсөө төрүүлсээр л байгаа эрэлхэг, өрөвдмөөр, бардам, гунигтай, басхүү жаргалтай эрхтэн. Түүнд хүүрнэх юу ч байхгүй гэж үү? 

Тайзан дээрээс 17 өөр эмэгтэйн бахархмаар, гунимаар, халагламаар, өрөвдмөөр, баярламаар, алмайрмаар, бодолд автмаар, уйлмаар, инээмээр хүүрнэлүүдийг үзээд гарсны дараа зарим эмэгтэйчүүд "өөрийгөө олж харж, өөрийгөө нээлээ" гэж нэг бус удаа хэлэхийг, зарим эрчүүд "би эмэгтэй хүнийг ойлгодоггүй байжээ, би ханийн маань дотор ямар ертөнц байсныг ухаараагүй явж" гэж  сэтгэл хөдлөн хэлж байхыг цөөн бус удаа сонсоод бид үнэхээр их баярлаж байсан.

Энэ мэтээр 2 жил дараалан тоглогдохдоо жүжиг маань олон нийтийн зүгээс багагүй ташаал хүртэж энэ тэндхийн сэтгүүлүүдэд нийтлэл гарч, тэр дундаас философийн ухааны доктор Б.Батчулуун гуай Монгол охид "бослого" гаргалаа хэмээх нийтлэл бичиж хэвлүүлсэн удаатай. Космополитан сэтгүүлээс "Үтрээний хүүрнэл" жүжгийг 2011 оны онцлох аянаар нэрлэсэн.

Басхүү гол төлөв жүжгийг үзээгүй боловч сайтууд дээр тавьсан мэдээлэл дор зарим хүмүүс "Үтрээгээ хүүрнүүлэхээс өөр хийх юм нь олдоогүй хүүхнүүд", "Үтрээ гэнэ үү, юун бузар булай юм бэ", "Сүржин нэр өгч өөрсөддөө хэдэн халтар төгрөг наах гэсэн юм байх даа" гэх мэт сөрөг сэтгэгдлүүд гарч байсныг бас нуумааргүй байна. 

Жүжгийн зорилго, ач холбогдол, агуулгыг огт мэдээгүй, ойлгоогүй хүмүүс зөвхөн нэрнээс нь улбаалаад юу ч гэж хэлж ярьсан бай, жүжгийн албан ёсны эрхийг авахаас эхлээд жүжгийн орчуулга, зохион байгуулалт, жүжиг тавих хандив босгох, постер, билетээ хэвлүүлэх, борлуулах, тайзаа чимэглэх, тайзан дээр тоглох гээд бүгдийг өөрсдөө гардан хийсэн, жүжиг тарсны дараа тайзныхаа хогийг хүртэл өөрсдөө баяртайгаар шүүрдээд зогсож байсан 50 гаруй эмэгтэй "хийх юм олдоогүйдээ биш"-2 сарын турш өөрсдийн ажил амьдралын хажуугаар хөдөлмөрлөн байж, "бузар муухайдаа" биш-эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг сайн сайхан үйл ажиллагаа явуулах гэсэндээ, "өөрсөддөө хэдэн халтар төгрөг наах гэсэндээ биш"-нэг ч төгрөг авалгүйгээр жүжгээс олох орлогийг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд хандивлах гэсэндээ л ийнхүү зориглож, "Үтрээний хүүрнэл" нэртэй жүжгийг зохион байгуулан тавьж байгаа хэрэг юм.

2011 онд анх удаа жүжгээ тавьчихаад авхуулсан зураг байна.

2012 онд, Үтрээний хүүрнэл жүжиг 2 дахь удаагаа Улаанбаатарт...





"The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжиг" дэлхий дахинаа

За хоёр жил Монголд ийнхүү тавигдаж, ийм үр дүнд хүрсэн юм байж, энэ жил ч дахин тавигдаж байгаа юм байна, харин уг жүжиг хаанаас улбаатай, юун олон улсын аяны хэсэг гээд байгаа билээ?

Жил бүрийн 2-4 дүгээр сарын хооронд дэлхийн өнцөг булан бүрт "Хүчирхийлэл зогсох хүртэл" гэсэн уриатай олон улсын хөдөлгөөн өрнөж англиар "The Vagina Monologues" буюу монгол хэлээр бол "Үтрээний хүүрнэл" хэмээх жүжгийг хүний эрхийн  төлөөх сайн дурын тэмцэгчид зохион байгуулан тавьж, жүжгээс олсон орлогынхоо 90 хувийг орон нутгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хандивлаж, үлдсэн 10  хувийг "V Day" олон улсын хөдөлгөөнд явуулдаг юм. Өөрөөр хэлбэл уг үйл ажиллагаа нь олон улсын хөдөлгөөн гэдэг утгаараа энэ жүжиг тавигдах бүрт жүжгийн орлогын 10 хувийг ийнхүү явуулах ба "V Day" хөдөлгөөнийхөн түүнийг цуглуулж тухайн жилд зарласан эмэгтэйчүүдийн төлөөх үйл ажиллагаанд зарцуулдаг юм. Энэ жилийн хувьд газар хөдлөлтийн улмаас хүнд нөхцөлд байгаа Гайти улсын эмэгтэйчүүдэд уг 10 хувь хандив болон очно. 

"V Day" олон улсын хөдөлгөөнийг иргэний нийгмийн хамгийн амжилттай, үр ашигтай үйл ажиллагаа явуулдаг хөдөлгөөн хэмээн тооцдог бөгөөд 13 жилийн турш 140 гаруй оронд уг жүжиг тавигдаж хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулан нийт 90 сая ам.долларын хөрөнгө босгож 300 сая гаруй хүнд хүрсэн тоо баримт бий. 

Бидний хувьд л түрүү жил анх удаа тавигдаж, одоо ч нэрнээс нь үргэж цэрвэн, гайхаж балмагдаад байгаа боловч 13 жилийн өмнөөс л дэлхий даяар тавигдаж, дээрх хэмжээний хүнд хүрч хэдийн танил болсон байжээ.

"V Day" олон улсын хөдөлгөөний талаар тэдний цахим хуудаснаас дэлгэрэнгүй танилцаж болно: http://www.vday.org/home

Дор "Үтрээний хүүрнэл" жүжгийн сонирхолтой шийдэл бүхий постеруудыг орууллаа.







За ийм л нэг жүжиг, ийм нэг олон улсын хөдөлгөөний талаар баахан нуршуу бичлэг оруулчихлаа. Энэхүү бичлэгийг уншаад та уг жүжгийг үзэхээр шийдсэн бол танд мэдээлэл, мэдрэмж, ойлголт, ухаарал авахын зэрэгцээ хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах боломж байна. Жүжиг 3 сарын 30, 31-нд Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. \Дэлгэрэнгүй мэдээллийг Фэйсбүүк дэхь эвент-ээс авч болно.\ Таны тасалбар худалдаж авсан 20 000 төгрөг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандивлагдана. :) Та болгооно биз ээ.



2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Шодойн шивнээ юм биш шүү, Ш Ш гээд л чөлөөтэй шд...

    ReplyDelete