Задгай далайн дээрээс бударсан
Задгай цагаан цасан минь...Я.Б
Хорин гуравхан настай цэл залуу бүсгүй
Хорхой шавьжид
өөрийгөө зүйрлэн бодов
Бодлын гүнийг хэмжин
төөлүүр хорхой атирч
Бичээгүй шүлэг шиг
эрвээхэй газраар мөлхөнө
Дутуу, дорой,
эрэмдэг бүхний цагаатгал минь
Дутагдал, тэнэглэл
бүхнээ чихдэг хүүдий минь
Дур булаах шидгүй
солгой хоолойт минь
Дуу аялаад хоёулаа яах ч билээ?
Судсаа ханаад ирээгүй тайвшрал
Шарх болж сэтгэл
хорсгоно
Цусаа үзээд эдгээгүй
зовиур
Дарс болж зүрхэнд
тунарна
Дутуу, дорой,
эрэмдэг бүхний цагаатгал минь
Дутагдал, тэнэглэл
бүхнээ чихдэг хүүдий минь
Дур булаах шидгүй
солгой хоолойт минь
Дуу аялаад хоёулаа
яах ч билээ?
Хүсэл, эрэл,
цөхрөл, мухардал бүрийн минь бичээс
Хөндлөн зурайх
хэдхэн бүдэг сорви л гэж үү?
Хүйтэн, ихэмсэг,
хайнгадуу нүдээр өнгөрснийг минь ширтэж
Хөлчүүрэл, тэнэглэл
хэмээх пайз зүүгчдийг хэзээ ч уучлахгүй
Хурьцлын аягт хунирч
үнгэгдсэн даавуу гэвч
Хиргүй цагаанаараа
үлдсэнээ бас мартахгүй
Хоосон атлаа дүүрэн
цаг хугацааны
Хором бүр дотор
минь дарс мэт иссээр
Харууслын хундагыг
ханатал хөнтөрсөн
Ханатал хөнтрөөд
харуусахаа болисон.
Дутуу, дорой,
эрэмдэг бүхний цагаатгал минь
Дутагдал, тэнэглэл
бүхнээ чихдэг хүүдий минь
Дур булаах шидгүй
солгой хоолойт минь
Дуул даа,
хүссэнээрээ дуул
Эгшиглэх дуунд чинь
нулимс мэлмэрнэ
Эмх замбараагүй энэ
л шүлгийн төсгөлд
Эцэс болгон цэг
тавих ёстой шиг
Замынхаа төгсгөлд
хоёул ирж дээ,
ЗАЛУУ НАС минь.
"Хурьцлын аягт хунирч үнгэгдсэн даавуу гэвч
ReplyDeleteХиргүй цагаанаараа үлдсэнээ бас мартахгүй" гэж ямар гоё хэлэв ээ.
Амьдралын их хурьцалаас
Амьд цагаан үлдсэн чиний төлөө хундага өргье
Өө баярлалаа, хэхэ.
Delete