Миний өгөгдөл...

Бичиг үсэг ч сурч эхлээгүй балчир насны маань хамгийн гэрэлтэм сайхан дурсамж гэнэт санаанд буув. Дэрэн дээрээ толгой тавьмагц унтдаг, амссан хоол бүхэн маань хамгийн амттай бага нас минь. Тоглож байгаад нэг мэдэхэд нам унтчихсан намайг хэн нэг нь орон дээр өргөөд тавьчихна, унтаж ханаад харанхуй өрөөндөө сэрсэн ч хананы цаанаа гэрэл, гэрийхэн маань байгааг мэдэрдэг байж билээ, нойрмог амьтан нүдээ нухалсаар очиход тэд маань хошуу дэвсээд угтана гэдгийг мэддэг болохоор хэзээ ч айж байгаагүй. Гэр бүлээрээ ширээ тойрон сууж оройн хоолоо идсэний дараа би хэргээр өвөөдөө очиж гэдсээ заавал бариулж шалгуулна, өвөө маань гэдсийг маань тэмтэрч үзсэнээ миний охин цадсан "хурга" шиг болчихсон байна гэж хэлмэгц нь би энэ хорвоогийн хамгийн жаргалтай амьтанд хувилан тун маадгар болно. Ондгор гэдэстэй болтлоо идсэн цадсан хурга шиг жаргалтай амьтан-хүүхэд нас минь. Амьдралын учрал тохиол, давхцал гэдэг энгийн юм шиг хэрнээ тун гайхмаар. Одоо би балчир жаахан охин хэдийн биш болсон ч намайг "хурга" шиг гэж эрхлүүлэн илбэдэг залуугийн эхнэр болсон. Бага зэрэг ондойсон гэдсийг маань илээд "хурга" шиг гэж хэлэхийг нь сонсоход энэ хорвоод "хайр" гэж зүйл хэзээ ч үгүй болдоггүй үргэлжилдэг гэдгийг мэдэрдэг. Гэнэт "миний өгөгдөл миний мөн чанар" гэдэг өгүүлбэр гэнэт аманд эвлэв. 


Мөрөн дээр минь хэн нэгэн зөөлөн хүрэв
эргэж харалтгүй ээ
Мөнхөд араас тэвэрдэг далавч мэт том өнөө л гар
Ертөнц гэдэг хайр болохыг анх хэлж өгсөн
Ертөнцөд одоо үгүй болсон өвөөгийн минь гар

...Өдөн мэт халуу дүүгсэн энэ л гар дээр
өнгөрүүлсэн бага нас минь хайр байсан болохоор
өнгөрүүлж буй бүх амьдрал минь хайр л байнам.


Л.Өлзийтөгс. Төсөөллийн өрөөнд. 2009. 20 дахь тал.\

4 comments:

  1. Хайр бас чиний ч өгөгдөл, миний ч өгөгдөл. ккк

    ReplyDelete
  2. Гэгээнээр атаархав. Хайр гэж юу байдгийг хүн болгон мэдэрч өсдөггүй, тиймээс ч хожим олдсон хайрыг таниагүйн улмаас нүүр буруулахад гомдсон хайр хэзээ ч эргэж харалгүй холдон одсон хойно амьдралд анх удаагаа магадгүй сүүлийн удаа жинхэнэ хайртай учирсан гэдгээ хүн ойлгох мөч байдаг. Ертөнцөд учирсан хайраа хайрлаж хадгалж яваарай.

    ReplyDelete
  3. /Эмээ-ээжийгээ санав./ Өвөөөгийнхөө ажил дээр өдөржин тоглодог байж билээ. Гэхдээ л бид 2т ийм дотно байсан үе байгаагүйсэн...

    ReplyDelete