Өмнө оруулсан зүрх шархирмаар дууны бичлэгээ засварлан, орчуулгыг нь нэмж орууллаа. "Намайг битгий орхиоч" нэрт уг дууг 1959 онд Жэк Брэл (Jacques Brel) хэмээх Бельгийн дуучин анх зохион дуулжээ. Тэрээр дууны үгээ өөрөө бичдэг, театрачилсан маягаар драмтай дуулдгаараа ихэд алдаршсан, ихэнх дуунуудаа франц хэлээр дуулдаг боловч Дэвид Бови (David Bowie), Леонард Коэн (Leonard Cohen) зэрэг англи хэлт уран бүтээлчдэд гүнзгий нөлөө үзүүлсэн нэгэн. "Намайг битгий орхиоч" дууг нь Англи, Герман, Чех, Африк, Хорват, Португал, Испани, Түрк, Швед зэрэг 23 орчим хэл дээр орчуулан 70 орчим уран бүтээлч коверлож дуулсан бөгөөд эх франц хэлээр нь л гэхэд 30 гаруй уран бүтээлч өөрсдийнхөөрөө дуулан амилуулжээ. Энэ удаад 100 орчим уран бүтээлчийн төрөл бүрийн дуулалтаас өөрт таалагдсан хийгээд олж сонссон дөрвөн хувилбарыг сонгон оруулж, франц эх дууны үгийг англи хадмал орчуулгаас хөрвүүлсэнээ хүргэж байна.
Жэк Брелийн ориг дуулалт
Брелийн ориг дуулалт үнэхээр зүрх шархирмаар. Эрэгтэй хүний ийм хүчирхэг хоолой ийм цөхөрч, аргаа барсан маягаар дуулахыг, хамаг л хөлс нь цутгачихаад харц нь ийм болчихоод зогсохыг харахад зүрх шархирмаар. Нэг найз маань тэгж байж билээ, эрэгтэй хүн яг ингээд хөлс баасаа урсгаад "Би чиний сүүдрийн чинь сүүдэр болъё" гээд гүйгээд байх юм бол эсвэл учиргүй өрөвдөж уярч хайрлана, эсвэл учиргүй үзэн ядаж, дорд үзэж, жигшинэ гэж, тэр л үнэн байх.
Намайг битгий орхиоч
Урсан одсон бүхнийг
Орхиж болох бүхнийг хоёулаа мартъя
Ойлголцоогүй хором бүрийг
Орхигдсон цаг хугацааг ч мартъя
Зүрх сэтгэлийн сайхныг
Заримдаа булшилж орхидог
“Яагаад” гэсэн хашгичаануудыг
Яаж мартах учрыг олцгооё
Намайг битгий орхиоч (4 удаа)
Хэлхээ бороон дуслуудыг
Хэзээ ч хур бууж байгаагүй хотоос
Чамдаа авчирч өгнө
Үхсэн хойноо ч цогцсыг чинь
Өнгөт гэрэл, алтаар хучих гэж
Үндсээ хавах шиг газар төнхсөөр байна
Гагц хайр л хаан суудаг
Гагц хайр л хууль болдог
Гагц хайр л хатан байдаг
Газар нутгийг чамдаа зориулан бүтээнэ
Намайг битгий орхиоч (5 удаа)
Ганцхан чи л ойлгох
Галзуу үгсийг чамдаа зориулан зохионо
Зүрхэн дэхь галаа ахин өрдөж чадсан
Зүйдэлгүй хосын тухай чамдаа хүүрнэнэ
Чамайг олж чадаагүйдээ шаналсаар
Чимээгүй энэ ертөнцийг орхисон хааны тухай үлгэр хүүрнэнэ
Намайг битгий орхиоч (4 удаа)
Өнө эртний галт уулнаас огт үзэгдээгүй цоо шинэ гал оргилдог шиг
Өгөршиж муудсан газраас үржил шимт дөрвөн сараас ч илүү ургац хураадаг шиг
Үдшийн тэнгэрт
Улаан, хар уусан сүлэлддэггүй гэж үү?
Намайг битгий орхиоч (5 удаа)
Би ахин хэзээ ч уйлахгүй
Би ахин юу ч ярихгүй
Тэнд нуугдаад
Чинийхээ бүжиглэж, инээмсэглэхийг харна
Чинийхээ баярлан дуулж, цангинан инээхийг сонсоно
Би чинийхээ
сүүдрийн чинь сүүдэр
Гарын чинь сүүдэр
Нохойн чинь сүүдэр больё
Намайг битгий орхиоч (4 удаа)
Майсагийн Франц хэл дээрх хувилбар
Энэ дууг Майса (Maysa) хэмээх бразил дуучин франц хэл дээр нь маш сайхан дуулсан. Эмэгтэй хүний хатуулаг байдлыг гунигтай гарамгай хослуулсан хувилбар гэж боддог. Дор Майсагийн дуулсныг орууллаа.
Англи хэл дээрх хамгийн алдартай хувилбар болох Род Маккуйны дуулалт
Америкийн яруу найрагч, хөгжмийн зохиолч, дууны үг бичигч, дуучин Род Маккуйн (Rod McKuen) Жэк Брэлийн олон дууг орчуулан дуулж англи хэлт ертөнцөд анх таниулсан билээ. Англи хэл дээр эх дууны үг багагүй өөрчлөгдөж буусан ч түүний дуулсан энэ хувилбар хөрвүүлгийн дууны сонгодогт тооцогдох болж, хамгийн их алдаршсан нь юм.
Эцэст нь Эмилиана Торрини (Emiliana Torrini) хэмээх Исландын дуучны хувилбарыг оруулж байна. Төдийлөн алдар хүндтэй дуучин биш ч гэсэн анх энэ хувилбараар нь сонсож байсан болохоор би одоо болтол дуртай байдаг юм. Хайртай хүнээ хэдийн өөрөөсөө явуулчхаад ердөө өөрийгөө аргадах гэсэн аргаа барсан шинжтэй, цөхрөлийн ёроолгүй ангал руу сонсогчийг түлхчихмээр хувилбар.
* * *
"учиргүй өрөвдөж уярч хайрлана, эсвэл учиргүй үзэн ядаж, дорд үзэж, жигшинэ " гэж яг үнэн.
ReplyDeleteХарин тэхх...
ReplyDeleteОрчуулга нь ямар яруу сайхан болоо вэ?
ReplyDeleteГайхалтай
Баярлалаа,Фрэнк. Үргэлж урам зориг өгч байдагт. :)
Delete