Янзагатай пичээн


Гэртээ хүнс цуглуулахаар дэлгүүрийн лангуу дундуур тэрэг түрээд алхаж байгаад жигнэмэгний тасагт хүрч ирэхэд 8 ширхэг дөрвөлжин жигнэмэгийг дөрөв дөрвөөр нь зэрэгцүүлж савласан, магадгүй хамгийн хямд үнэтэй, бас л магадгүй хамгийн амт муутай, дотоодын үйлдвэрийн янзага нэртэй "пичээн" нүдэнд туслаа. Дэлгүүрийн лангуун дээр түмэн янзын амттан, чихэр, жигнэмэг алаглах болсон өнөө үед жижигхэн буланд анзаарагдахгүй шахам хэвтэх болсон энэ пичээн эгчийнх нь багад хамгийн сайхан амттан байсныг, жигнэмэгийг ганцхан энэ "янзгатай пичээн"-ээр л төсөөлдөг байсныг дүү нартаа хэлбэл аягүй бол итгэхгүй дээ. Тийм ээ, хааяа өвөөгөөрөө янзагатай пичээн \тэр үед жигнэмэг гэдэг үгийг огтоос мэдэхгүй, "пичээн" л гэнэ, тэгээд янзага нэртэй болохоор нь янзагатай пичээн гээд нэрлээд сурчихсан юм\ авхуулчихаараа хагартлаа баярлаж, бас болоогүй ээ өнөөхөө дөрвөн захаас нь мэрж бөөрөнхий хэлбэр гаргаж ирээд л үнэн бахтай иднэ ээ. Хэхэ. Бага насандаа картын барааны зурвас үеийг амсаж байсан  манай үеийхэн бүгд л энэ пичээнийг андахгүй, магадгүй мөн л тэгж хэлбэр маяг оруулж амтархан иддэг байсан биз ээ.

Бага насныхаа амттаныг олж харахтай зэрэгцээд дотор эвгүйрэхээд явчихав. Тун саяхны нэгэн дурсамж сэргэсэн хэрэг л дээ. Тэр үед сэтгэлдээ юунд ч тэгж бухимдаж явсан юм бүү мэд. Нэг найзындаа цуглаад хоол хийж идэнгээ, жаахан юм ууж, хөгжилдөх санаатай бөөнөөрөө гэрийнх нь гадаа цуглаж аваад, гадаах дэлгүүрээс нь жаал зуугаа хүнс, бас болоогүй ээ "тэкилла" авах юм боллоо. Арвуулаа шахам дэлгүүр лүү явж ороод лангуун дээр хоёр Тэкилла байснаас нэлээд ярьж байгаад аль хямд үнэтэйг нь сонгоод кассан дээр очоод бичүүлтэл өнөөх нь бичигдсэн үнээсээ үнэтэй байх нь тэр. Тэгээд л би эхэллээ. Бичигдсэн үнээр нь л авна, та нарын хариуцлага биз дээ гээд л, тэгтэл ч кассчин эмэгтэй өөдөөс юу яриад байгаа юм, кассанд орж байгаа үнээр нь л зарна гэж загнах, зандрахын хооронд хэлчихсэнд миний уур гэнэт дүрэлзээд явчихав. За тэгээд л цамнаж гарлаа, үнээ зөв бич, бид бичсэн үнэн дээр нь тулгуурлаж сонголтоо хийсэн, яах гэж ингэж хүний цаг завыг үрж байдаг юм энэ тэр гээд л тэрүүхэндээ ширүүхэн маргаан боллоо, манай хэдэн найзууд кассны тэрүүгээр өөрийн мэдэлгүй тойроод зогсчихож. Тэгтэл хойноос хижээл насны ах эгч хоёр "та нар юм авах гээгүй юм бол зарим нь холдоод өгөөч" гэж уцаарлангуй хэлэх дуулдтал би ч дүрэлзсэн эрчээрээ "юу гээд байгаа юм, юмаа бичүүлчихээд гарах гэж л байна шд" гэж зандраад \үнэхээр л зандарсан гэхэд болно\ эргээд хартал эгчийнх нь гарт нэг ширхэг "янзага" пичээн атгаатай, түүнийгээ бичүүлэх гээд зогсож буй нь харагдахад яагаад ч юм дотор өмөлзөх шиг болов. Өнөө эгч ч "яасан муухай ааштай хүүхдүүд вэ" гэж зэмлэсэн, гайхсан өнгөөр хэлэхэд нь би мөнөөх ууцаартай хүнийхээ дүрээс гарч чадалгүй "юу гээд байгаа юм" энэ тэр гэсэн бухимдлын үг унагаад л авсан. Тэр үед дотроо ямар нэг бухимдал тээж явсан, түүнийгээ л шалтаг олдсон дээр нь дэлгүүрийн кассчин, ганц пичээн бичүүлэх гээд зогсож байсан гэмгүй эгчид гаргасан байх. 

Дэлгүүрийн лангуунаас өнөө "янзагатай пичээнээ" хармагц тэр өдөр тэр эгчид муухай аашилсандаа маш их харамсав. Ядарсан нэгнийг дээрэлхэж, даналзаж буйгаа бусдаас дээгүүр байна гэж бодогсодтой ижилхэн болсон мэт санагдаж өөрөө өөрөөсөө учиргүй ичив. Энэ ичингүйрлээс болсон уу, бага насны маань амттан болохоор тэр үү, өөрийн мэдэлгүй янзагатай пичээний зүг гар сунгаж, сагсандаа авч  хийлээ.

Дэлгүүрээс гэр хүрэх замд хурдхан очиж янзагатай пичээнээ идэхсэн гэсэн хүсэл л төрж байв. Гэртээ орж ирээд авсан хоол хүнсээ уутнаас нь гаргаж зохих байранд нь хийгээд янзгатай пичээнээ догдлон задаллаа. Өнөөх л хамгийн энгийн савалгаа, хамгийн энгийн хэлбэртэй боловч бага насны маань "амттан". Багынх шигээ дөрвөн булангаас нь хазаж, бөөрөнхий хэлбэр гарган мэрэх гэтэл шүдний аппарат тээглээд олигтой болсонгүй. Тэгмэгц хоёр пичээн аваад ам руугаа ум хумгүй чихэж, байдгаараа хичээн зажилж, багын амттанаа хоолой давуулан залгих мөчид өөрийн мэдэлгүй нүднээс нулимс бөмбөрөн урсав.


6 comments:

  1. Энэ жигнэмэгийг одоо ч гэсэн хааяадаа авч иддэг юм, харин чанар нь жаахан муудсан бололтойдог, их зөөлхөн болчихсон байсан, манай талх чихрийнхэн ч нэг хэсэг иймэрхүү жигнэмэгийг төрөл төрлөөр нь гаргаж байсандаа, санахад амт чанарыг ямар ч ялгаагүй байсан, янзага, spring хоёрыг идэж өссөндөө.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм шүү, тэгж байтал Диско гэж дундаа шоколад, ваниланы хавчуургатай жигнэмэг гараад л янзагаа тоож харахаа больж билээ. хэхэ.

      Delete
  2. Бидний амьдрал ав адилхан,
    Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
    Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
    Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!

    bi ch bas tegj merj iddeg baisiim bna.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ, аргагүй л картны барааны зурвас үеийг үзэгсэд бололтой, нэг жигнэмэгтэй бидний ихэнх үеийнхний дурсамж нэг янзаар холбогдож байна шүү дээ. :)

      Delete
    2. янзага гэдэг жигнэмэгийг мэрж иддэг эсвэл цайнд гялс дүрж аваад шалчийсан хэсгийг нь долоож иддэг байлаа...

      Delete
    3. Хэхэ, нээрээ тийм шдээ, цайнд дүрээд зөөлөрсөн хэсгийг нь долоож иддэг байсан шдээ, бас...

      Delete