"Өнчин хүний хоолой" өгүүллэг


Энэ удаа блогтоо зохиолч Гүржавын Нямдоржийн нэгэн өгүүллэгийг "Монголын сонгомол өгүүллэг"  \Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор, 2005 он\ гэсэн номноос шивэн орууллаа. Шивээд суух зуураа монгол хэл маань ийм хэл шүү дээ гэж бахархаж суусан бол өгүүллэгийг уншаад харин шархирч суув. 

Гүржавын Нямдорж
 (1958-1998)

Өнчин хүний хоолой

1.
Арван тав орчим насны зэрэмгэр цагаан охин үерийн усны сувган дээр тавьсан дашинганы дэргэд зогсоод дуу дуулна. Хүн зөөврийн тэрэгнээс буусан наймаачид тэр дашинган дээгүүр гарч барааны зах руу одох тул уг газар нэн хөлтэй. Олны хөлийн тоосонд дарагдсан царайг нь шонхрын харц мэт зоримог хар нүд нь чимнэ. Зовлон үзсэн хүн бол тэр хар нүдний цаана гунигийн толбо шувууны сүүдэр мэт бөртийн буйг ялгаж болохоор оо!

Гэвч энэ бөртгөр сүүдэр түүний нүүрний гал, нүдний цогийг далдалж үл чадах бөлгөө.

Охины хувцас муу боловч хаа очиж тун цэвэрхэн. Гутал гэхэд л шагай нь цоорсон дотоод бүүрх хэдий ч нүүр харагдтал арчжээ. Тэр гутлын дэргэд амыг нь дэлгэсэн даавуу үүргэвч хэвтэнэ. Үүргэвчний ёроолд гуравт, тавтын дэвсгэрт голдуу хэдэн төгрөг олны хөлийн салхинаа голио адил хөдөлнө.

Өө ээж ээ
Өө ээж ээ!
Өндөр нидрүүлэгний ард
Өлгийг минь угаасан ээж минь

гэж түүнийг хангитал дуулахад уярсан болоод уяраагүй хүмүүс буян бодож мөнгө шидэлнэ.

Өө ээж ээ
Өө ээж ээ!
Өлмий минь биш
Өсгий минь даараад байна даа

гэж дуулахад даарч үзсэн хүмүүс "нээрээ л тэгдэг дээ" хэмээн бодож өнгөрнө.

Дуунуудын нь үг иймэрхүү боловч ая нь сонсгол сайтай хүний чихийг дэлдийлгэм яруу, эгшиглэнтэй бөлгөө. Охин үдэш болж хүний хөл цөөрөх цагаар сая гэрийн бараа харна.

Долоон буудлын нэгэн гудамжнаа өеөдсөн эмгэн мэт шавар тагзанд өвөөтэйгээ хоёул амьдарна. Өвөө нь нас дал дөхсөн ч бие тэнхлүүн, залуу насаа ажил төрөл, авгай хүүхэдгүй, зайдан зайгуул явж өнгөрөөсөн тул насны эцэст тэтгэвэр ч үгүй, тэжээх хүн ч үгүй үлджээ.
Насны намраар зовохоо нэлээд хэдэн жилийн өмнөөс гадарласан тул хөлөө хучуулах хүнтэй болъё гэж Санаа охиныг өнчдийг асрах газраас үрчилж авчээ. Охин өдөржин дуу дуулж хэдэн төгрөг чирч ирснийг өвөө нь мэргэний есөн зоос шиг тооцоотой цувуулж юм юмандаа хүргэх бөлгөө.
Охин эхээс төрөхдөө хаан Чингис мэт баруун гартаа нэгэн шидийг атгаж төрсөн нь дууны их авъяас! Тэгээд ч дууныхаа үг аяыг нугаас цэцэг түүх мэт өөрөө олно. Хамар хашааны нь хүн дэлгүүрээс ирж явахыг харчихаад

Аавтай байхад сайхан
Аавгүй бол тиймхэн
Айлын өндөр аав
Аржгар тороор дүүрэн
Алим авсан байна даа

гэж гэнэтхэн дуулна.

Дууны нь ая Санаад өөрөө эрвээхэй адил нисч ирнэ. Түүний энэ туурвилыг өвөө нь "зохиомол дуу" гэж нэрлэх бөгөөд,
-Гудамжны хүүхдүүдийн дуу дуулж байснаас "Сандуйтай мод"-ыг дуулбал хүмүүс их сонирхоно доо хэмээн "дэмий юм" зөвлөх боловч охин чихнийхээ хажуугаар хээвнэг өнгөрөөнө.
Тэгээд ч урьд өмнө хэзээ ч, хаана ч сонсдоогүй дуунуудыг дуулан зогсоход дашинган дээгүүр одогчид өөрийн эрхгүй сатаарна. Харин хэн нь ч хаанаас, яаж сурсныг нь хэрэг болгож асуусангүй бөлгөө. Магадгүй нэлээд нь тэдгээр дууны эзнийг ямар нэгэн гавьяат хүмүүнээр төсөөлдөг байсан биз ээ. Гэвч хүн бүхэн тийм бодь байсангүй.
Хааяа хааяа дашинганы ойролцоо нэгэн гоёмсог "Жип" машин үзэгдэнэ. Түүний эзэн болох өндөр цагаан залуу мөнөөх явган гүүрэн дээгүүр гарч захын зүг оддоггүй бөгөөд их л сайндаа машинаасаа бууж, биеийн чилээ гарган нэгэнтээ суниагаад буцаж сууна.
Дуучин охины хар нүдний шилнийхээ цаанаас ажиж үе үе арьсан гутлынхаа өсгийгөөр гишгүүрээ товшино. Тэгж тэгж нэгэн тийш харваж одно. Харваж одсон газар нь түүний гэр бөгөөд гэртээ ормогцоо дуу хураагчаа залган охины дууг эргүүлж сонсоход царайд нь олз омгондоо бахархсан хангалуун төрх илэрнэ. Дууны зарим үгийг засч билүүдэж өөрийн болгоно.  "Дөрөлж даваад далдарлаа" гэснийг "дөрөлж даваад одлоо" гэж бичгийн хэлээр додомдон найруулна. Харин аяыг нь засдаггүй бөгөөд засаж чадахгүй гэдгээ ч ойлгоно. Ингээд л "Үг аяыг Тамзав. Зохиогч өөрөө дуулна" гэж микрофон чичиртэл зарлуулах бүтээлтэй болж байгаа нь тэр!

Хэд хэдэн дууг ингэж дуулаад мэргэжлийн хүмүүст сүрхий үнэлүүлж "Ээждээ өргөх дуулал" хэмээх уралдаанд тэргүүн байр хүртэл эзэлж амжжээ.
Монголд нийтийн дууны нэгэн од төрөв. Тэгээд ч нэгэн хүн Санаа охиныг хараад "Энэ чинь нөгөө Тамзавын шинэ дууг дуулж байна шүү дээ. Хэдүйдээ сурчихдаг байна аа!" хэмээн малгайгаа аван гайхаж, тавьтын шар дэвсгэрт үүргэвч рүү нь шиджээ.
Гэвч энэ бүхнийг охин огтхон ч мэдсэнгүй. Хааяа нэг хажуу айлдаа орж зурагтын кино минохон харахаас өөр гэгээрэл үгүй охин юугаа ч мэдэх билээ дээ.

Хонгорхон түүний ер бусын унаган авьяас Тамзав гэдэг танхил эрийн зүрхэнд булгиж байлаа. 
Тамзав бол инженер хүний хүүхэд. Эцгийнхээ мэргэжлийг өвлөхөөр гадаадад хэдэн жил суралцаж үзсэн боловч ухаан нь мөхөсдөн орхиж иржээ. Тэндээс тархиндаа хийж ирсэн юм нь гэвэл гадаадын дуучдын хэдэн хуурцаг л байв. Нэгэн баарны жижигхэн хамтлагт орж гоцлол гитар дээр мөнөөх дуунуудыг дууриан дуулсаар чамгүй хэдэн жилийг элээсэн ч гүзээлж мяраалснаас өөр шидийг олсонгүй. Түүнийг хөөрхөн хоолойтой гэж багагүй хүмүүс үнэлсэн ч давтагдашгүй шинэ дуугүйгээр энэ хөөрхөн хоолой хол явахгүй гэдгийг тэрбээр энэ хэдэн жил сайтар ухаарчээ. Хоёр ч хөгжмийн зохиолчоос дуу гуйж үзсэн боловч цаадуулд нь дэндүү шалдар бүлдэр, олны анхаарал татамгүй санагдсан тул хайхарч үзсэнгүй. Гэвч Тамзавын алдрын горилол цээжинд нь хадгалагдсаар явав.
Тэрээр нэгэн ням гаригт наймаачдад хөлсөөр үйлчилж явахдаа гуйлгачин охины дууг анх олж сонсжээ. Сонсмогцоо л Монголын орчин үеийн нийтийн дуунаас ингэтлээ хол хоцорсондоо гутарч, хангинатал эвшээх мэт санаа алджээ. Дараа нь охинтой уулзаж хэд гурван  үг солиод бүхнийг ойлгож авав. Урлагийн бурхдын гарт байдаг пийпаа хөгжим түүний гарт шилжжээ.

2.
Оюутны нэгэн шоу наадмын тайзан дээр Тамзав анх удаа шидээ үзжээ.

Дөрвөн хүний толгой
Дөрөлж даваад одлоо
Дөрвөн сайхан дүүгээ
Дутуу үнэлээгүй байгаа даа...

гэж дуулахад танхим тэр аяараа хөдлөн оволзжээ. Шүглийн дуу түймэр дэгдээгч их салхи мэт галзууран хадаж, дахиулах бүр дээр Тамзав дашинганаас өөр газар огт сонсогдоогүй шинэ шинэ дуугаар дагуулна.

Түлээн дээр гараад харахад
Тээ тэнд ээж минь алга.
Түлээн дээрээс буухад
Тэнгэр ямар өндөр вэ?...

Өрөвчхөн сэтгэлтэй залуучууд орилолдон тайз руу зүтгэж, цэцэг навч, тэр бүү хэл охид гэзэгнийхээ туузыг тайлан шидэлж байлаа.

Аадар бороо орж дуусахад
Аав минь та ирээрэй
Борооны дараа ирэхгүй ч гэлээ
Би чинь таныгаа хүлээнэ ээ...

Дуулж дуусаад хөшигний араар ормогц концертыг найруулсан авгай үг сүггүй тэврэн авч толгойг нь энгэртээ наасан бөгөөд энгэр нь нойтон байхыг Тамзав анзаарчээ.

Гэвч түүний сүвгүй сэтгэлд гэрэл нэвтэрсэнгүй. Маргааш нь дахиад л дашинга руугаа аугаа ихийг авлахаар давхив.
Сонин хэвлэлээр түүнийг "нулимсан зардсан", "энэрлийн хаан" хэмээн бичих болов. Өнчин хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нэгэн нийгэмлэг оны шагналаа түүнд өгчээ. Шагналын цайллаган дээр урлаг судлаач нэгэн өвгөн:
-Ийм сайхан сэтгэлийн дуу энэ гял цал эрийн хаанаас нь гарч байна аа. Энэ чинь өнчин хүний хоолой байна шүү дээ!!! гэсэн нь Тамзавын нүд рүү чичээд авах шиг болжээ. Гэвч тэнд байгсдад өвгөний үгнээс жүнзэн дэх дарсны шуугиан илүү сонсголонтой байсан тул энэ бүгдийг огт анзаарсангүй. Үнэхээр голыг нь олж хэлсэн тэр өвгөн зүгээр ч нэг амны хий алдсангүй бөгөөд дулаачдын урлаг судлалд "Өнчин хүний хоолой" гэдэг шинэ ухагдахууныг нээсэн эрдэмтэн байлаа. Тэрэээр Тамзавын нэгэн концертноос гарч явахдаа олоон жилийн өмнө хөдөөгийн нэгэн сургуульд Болод гэдэг хөвгүүнтэй учирснаа санажээ. Тэр хөвүүн бас өнчин хоолой байлаа.

Сумын дунд сургууль хадлангийн талбайн хөдөө шиг том хашаатай атлаа ганцхан урдаа салхивчийн чинээхэн хаалгатай. Болодын гэр сургуулийн арын гудамжинд байх тул замаа товчилж хашаа давна. Энэ нь хүүхэд бүхний зан боловч Болод хэн хэнээс илүүтэйгээр энэ хэрмийг давжээ. Тийм ч учраас багш нь:
-Чи ардын сургуулийн хаалгаар биш цонхоор нь орж ирсэн шүү гэж хэдэн ч удаа загнажээ. Загнуулах бүрдээ хүү өнчин хүүхдийн зангаар нулимсаа залгина.
Өнөөдөр дахиад л хашаа давчихав.
-Хүүе, нөхөөр! Яагаад шивээ даваад байна! хэмээн сургуулийн захирал нь гал түймэр гарсан мэт хашхирчээ. Энэ нутагт хашааг хэзээ ч шивээ гэдэггүй бөгөөд харин сумын төвийн баруун урд цэлийх хөндийд ургадаг нэгэн өвсийг л ийн нэрлэж,

Шивээний маань толгой
Ганхаад байна аа хө...

гэж дуулцгаадаг билээ. Гэтэл хол нутгаас шилжиж ирсэн захирал нь хашааг ингэж дууддаг ажээ. Бодвоос,

Шивээ хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй

гэдэг дуу анх гарсан Сэлэнгэ нутгаас ирсэн биз. Энэ нь Болодод маш сонин санагдсан тул сурсан зангаараа гилбэлзэн ухарч шилээ маажсангүй, харин инээмсэглэжээ. 
Өнөөдөр дахиад л хашаа давчихав.
-Хүүе, нөхөөр! Яагаад шивээ даваад байна! хэмээн сургуулийн захирал нь гал түймэр гарсан мэт хашхирчээ. Энэ нутагт хашааг хэзээ ч шивээ гэдэггүй бөгөөд харин сумын төвийн баруун урд цэлийх хөндийд ургадаг нэгэн өвсийг л ийн нэрлэж,

Шивээний маань толгой
Ганхаад байна аа хө...

гэж дуулцгаадаг билээ. Гэтэл хол нутгаас шилжиж ирсэн захирал нь хашааг ингэж дууддаг ажээ. Бодвоос,

Шивээ Хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй

гэдэг дуу анх гарсан Сэлэнгэ нутгаас ирсэн биз. Энэ нь Болодод маш сонин санагдсан тул сурсан зангаараа гилбэлзэн ухарч шилээ маажсангүй, харин инээмсэглэжээ.

-Чи шивээ давсан даваагүй хичээлээсээ хоцорчихсон. Тэгэхээр одоо энэ бичгийг зочид буудалд байрлаж байгаа, яруу найрагч Ану гэдэг хүнд аваачаад өгчих гээд захирал нь наймдугаар ангийнхны дунд дамжиж явдаг хайрын захиа шиг дөрвөлжилж эвхсэн бичиг гаргаж өгөв.

Хэдэн жилийн өмнө Болод Абу-ль Фаражийн номноос зүс царайгаар нь тухайн хүний зан төрхийг тодорхойлсон нэгэн бүлгийг шөнөжингөө уншаад бүр цээжилчихжээ. Уг нь тэр шөнө уран зохиолын шалгалтад бэлтгэх ёстой байв. Тэгээд маргааш нь монгол романы тухай алдуул малын сураг шиг элэр балар юм бувтнаж зогсохдоо багшийнхаа тийм гэхийн аргагүй тунгалаг нүдийг ажиглан "Ийм нүдтэй бол үхэр шиг тэнэг байдаг гэж бичсэн байсан шүү!" хэмээн бодож байжээ.

Харин захирал Ханджамц бол ер бусын галзуу догшин гэж тодорхойлсон тул Болод захирлаасаа ихэд жийрхэнэ.
Болодын хүргэж өгсөн бичгийг Ану найрагч их л эелдэгхэн хүлээж аваад орой нь сургууль дээр ирж шүлгээ уншжээ. "Экспорт заал" хэмээх, махны агуулах шиг цэвдэг хөндий танхимд хүүхдүүд пиг цугларахын алдад Ану микрофонд улаахан уруулаа шүргүүлэн алдаад нүдээ анив.
Тэгээд шүлгээ дуудаж эхлэхүйд уран зохиолын хичээл дээр нэгэнтээ хальтхан дурсагдаад өнгөрсөн муза амилах шиг боллоо. Мэдээж, хүүхэд бүхэн ингэж ойлгоогүй. Бага ангийнхан бие биенээ гэзэгдэн шуугилдаж байхад том ангийн охид Анугийн хүзүүний гоёмсог зүүлтийг анхааран ширтэнэ.
Муза! гэж ойлгосон нь ганцхан Болод байв.

Тэргэл сартай намрын шөнөөр
Тэрлэг нөмрөн гадаалж суухад
Надад хэлээгүй таны үг мэт
Намрын өвс чив чимээгүй...

Болод энэхүү яруу айзамтай нэгдэн нийлээд нэгэн эс болоход тэр эсээс ер бусын уянгалаг эгшиг дуурслаа.
Тэрээр орой нь гэртээ ирээд орон дээрээ байсан гитараа муур шиг илбэв. Мөнгөлөг утаснаас нь чимхэн татаад тавихуй мөнөөх  шүлгээс төрсөн эгшиг дахиад л сонсдох шиг боллоо.
-Хоолоо идээч! гэж эмээ нь хэлэв. Гэвч ач нь сонссонгүй.
Болод гэрээсээ ухасхийн гарч зочид буудал руу гүйлээ. Анугийн өрөө рүү зөвшөөрөлгүй явж ороход шүлэгч бүсгүй гараа цээжиндээ эвхэн цонх  руу харж зогсоод "Монголчууд эд хөрөнгө, мөнгө авахыг цээрлэж, харин морь хулгайлж болно. Хулгайлах ч хэрэгтэй гэж үздэг байв" гэж уншиж байв.
Ард нь хаалга түгхийн хаагдах чимээнээр сая эргэж харлаа. Өмнө нь өдөр ирж захиа дамжуулсан хөвгүүн зогсож байв. Улиг болсон сурагчийн дүрэмт хувцас түүний идрийн жавхаа бүрдэж, цог ханасан арван долоон насыг нь илт гутаажээ.
-Хүү юу гэж явна вэ?
-Та манай сургууль дээр уншсан шүлгээ бичиж өгөхгүй юу?
Болод тийн хэлээд шилээ маажихаар баруун гараа өргөх аядтал бүсгүй өмнөөс нь нэгэнтээ алхаад гарыг нь атгав.
Сарыг гүмүүдийн садан, рашааны гэрэлт хэмээн элдвээр өргөмжилдгийг хүү дорнын шүлгээс уншиж мэдсэн бөгөөд чухамдаа энэ гарыг л тийн өргөмжилмөөр элбэрүү санагджээ.
Шүлэгч инээмсэглэв. Инээмсэглэлтэй нь хамт саран гоо царай нь гэрэлтэв.
Ганц эгч нь орой бүхэн нүүрэндээ өндөгний уургаар баг тавьж камфорын спиртээр арчдаг боловч ийм сайхан царайг олоогүйг Болод сая саналаа.
-Шүлэг сонирхдог сайн хүү! гэж бүсгүй тэтгэн өгүүлэв. Тэгээд долоон өнгөөр солонгорсон үзэсгэлэнт Таж Махалын зурган хавтастай гоёмсог дэвтрээсээ нэгэн хуудсыг хайр найргүй шархийтэл тасдан шүлгээ бичиж өгчээ.
Онгодын цагаан морины хулгайч, билигт найрагч бүсгүйн энэхүү шүлэгт Болод тэр шөнөдөө л ая хийжээ. Тэр бол Алтайн хар тарвага шиг мөнгөн сортой өвлийн шөнө байв.
Хэд хоногийн дараа сургууль даяараа үнэн сайхан үг аятай нэгэн "зохиомол" дууг дуулцгаах болов. Тэр дуу багш нарт хүртэл халдварлажээ. Ёстой л "цовоо сэргэлэн дуу минь гадаа гэртгүй цуурайтаад" гэдэг шиг юм болов. Есийн "а" ангийнхан багш нарын баярт зориулсан концерт бэлтгээгүй бол энэхүү дуу хэрэг мандаахгүй алдаршиж болох байлаа.
Концерт бэлэн болж, түүнийг хянахаар сумын намын үүрийн орлогч дарга тэргүүтэй комисс нөмрөөд бууж ирэв. Чехийн нэгэн киноны "Уруулыг чинь цусгүй болтол озох юмсан" гэсэн үгийг хадаасаар хэнх ёнх болтол сийлсэн гитараа тэвэрсээр Болод тайзан дээр гарлаа. Тэгээд алдар цуут дуучдын хэнийг нь ч дууриагаагүй унаган цээл хоолойгоороо:
"Тэргэл сартай намрын шөнөөр..." хэмээн эхлэхүйд гитар нь ёстой л наадсан газарт нь нар гарч, наадуулсан эзэн нь зуу насалтугай гэмээр дуугарав. 
Гэвч аливаа ерөөл хувь заяаг шийддэггүй бөлгөө!
Клубт байгаа хүмүүс яг л Христосын сүмд бадралт баг бишгүүр сонсож байгаа сүсэгтнүүд мэт тэрхүү дуурсгалд бүрмөсөн таглагдав. Захирал Болод руу ангайн ширтэхэд алтан шүд нь чийдэнгийн гэрэлд гэрэлт цох шиг үзэгдлээ.
Дуу дуусахад хэн нэг нь сүүрс алдав.
Түүнийг залгуулаад хэзээ ч, юунд ч сэтгэл нь үл хөдөлдөг хатуу чанга намын үүрийн орлогч дарга:
-Энэ чинь хэний үг, ая юм бэ? Яагаад зарлахгүй байна? гэж ханхийтэл асуув.
Энэ дарга хэдхэн цагийн өмнө аймаг руу утасдаж, Хэнтийн талд Хятадын хил зөрчигч онгоц унасан тухай, тэр онгоцонд маршал Линь Бяо байсан байж магадгүй тухай маш нууц мэдээ дуулжээ. Тэгээд ч түүний сэтгэхүй амьдралын нь хоол унд болсон улс төрчөөс ангижирч амжаагүй байв.
-Яруу найрагч Ану гэдэг хүний шүлгэнд сурагч Болод өөрөө ая хийсэн юм аа гэж дуу хөгжмийн багш бүсгүй илт эмээсэн янзтай хэлээд яагаад ч юм бэ хормойгоо засчээ.
-Сурагч Болод гэнэ ээ????
-Тийм ээ.
Даргын нүүр ширээний хамба хилэн бүтээлэг шиг час улайв.
-Тэгвэл энэ дуу чинь хориотой! Яагаад гэвэл намын үзэл суртлын байгууллагаар шалгуулаагүй дуу байх ёсгүй. Хөрөнгөтний үзэл суртал, маоизмын үзэл суртлаас нам та нарын толгойг ингэж хамгаалж байдаг юм. Энэ бол улс төрийн алдаа! гэж хэлэхэд дуу нь танхим дүүрэн цуурайтав.
Тэднийг гадагш гарахад цас орж байлаа.
Цахилгааны утсан дээр хүртэл лавсан буусан нь сувдан оосор мэт нэн үзэсгэлэнтэй. Гэвч түүнийг тэд ажигласангүй бөгөөд тэдний анзаараагүйг анзаарсан бага ангийн хоёр охин тэнгэр өөд бүлтийтэл ширтэн инээмсэглэцгээж байв.

Маргаашнаас нь эхлэн Болодын дуу сургууль даяараа намнаж эхэллээ.
Дуулах нь бүү хэл аяыг нь гиншсэн хүүхэд л тааралдвал багш нарын нүд хорсолтойёо гялалзан "хоёрын тоо", "хүүхдийн колони" амлана. 
Дуу эхлээд "зохиомол" гэж нэрлэгдэж байсан бол их удалгүй "хориотой дуу", "шоронгийн дуу", "хулигааны дуу" болон нэрлэгдэж сумын төвөөр томуу адил хоромхон зуур түгэв.
-Юугаар нь хориод байгаа юм бэ? Болохгүй бүтэхгүй юм алга шүү дээ гэж хүмүүс гайхна.
Нэгэн үдэш Ханджамц захирлыг ажлаасаа ирэхэд эхнэр нь тогоон дээр мах шарж зогсох зуураа "Тэргэл сартай намрын..." хэмээн аялж байлаа. Дуундаа бүүр нэг уярчихсан шинжтэй, алаг нүд нь туулж өнгөрүүлсэн жилүүдийнхээ аль нэгэн намрыг санагалзсан мөрөөсөл дүүрэн...
Барьсан сэрээнээс нь сонинын үнэр өвлийн жаварт үдшийг мартагнуулан таатайяа үнэртэнэ. Яг л намрын орой, ногооны талбайд болзсон мэт.
Тээр жил эхнэрийгээ "Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын гэгээгээр орж ирээд хэвлийг минь илбэж, гэгээ нь хэвлийд минь шингэх бөлгөө" гэж уншиж байхад нь уурсан сонингоороо ороолгоод авснаа Ханджамц сая санав. Тэр садар самуун мэт мөрүүд "Монголын нууц товчоо" хэмээх алдарт зохиолынх байсныг тэрээр нэлээд хожуу мэджээ.
Одоо тийн ороолгох нь утгагүйг сайн ойлгож байлаа. Болодын дуу газар сайгүй ялжээ. Бүр гэрт нь хүртэл ялалтын тугаа хатгажээ.

...Надад хэлээгүй таны үг шиг
Намрын өвс чив чимээгүй...

гэсээр Ханджамц аяархан түрэхдээ "Үнэхээрийн сайхан дуу хийж шүү, гайхал чинь!" гэж бодов.

3.
Алдрын замд гарсан нэгэн жил хангирахад Тамзав өрөөндөө зассан бяцхан сүлд модныхоо дэргэд дарс балган сууж байлаа. Ширээн дээр нь бишрэн шүтэгчдээс нь ирүүлсэн шинэ оны мэндчилгээнүүд хэвтэнэ. Зассан сүлд модыг нь түүнд үл таних нэгэн авгай явуулжээ. Түүний ил захидалд "Зовлонт бага насыг чинь хайрланам!" гэж бичсэн байв. Хөөрхий тэр авгай Тамзавыг тухайн үедээ Монголдоо хамгийн үнэтэй байсан баавгайтай чихэр идэж өссөн гэдгийг мэдэхгүй байлаа. Дулаан байрны халуун "паар" нэгэн шөнө хөлдөхөд таван настай  жаахан Тамзав хоёр хөлөө ээж аавынхаа аманд хийчихээд хоносныг мэдэхгүй байлаа. Тэр бол Тамзавын амьдралд тохиолдсон цорын ганц зовлон зүдгүүрт шөнө байв. Хөөрхий тэр эмэгтэйн сэтгэлд Тамзав гунигт жаахан охин Санаагийн зүрхний дуугаар ингэж хүрчээ.
"Чи бидэнтэй хамт байсан цагт хэзээ ч өнчрөхгүй!!!"
"Улаанбаатарт суугаа аваас чинь"
Тэдгээр ил захидлуудыг Тамзав ураад шидчихэв. Гэвч хэдэн мянган бишрэн шүтэгчдээ тийн урж шидчих боломжгүй байлаа. Сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө "аав, ээж чинь..." гэсэн аймшигт асуулт бүхнийг эрт нэгэн цагт тогтоосон суут сэтгэгчдийн үл ойлгогдох цэцэн үгсээр булзааруулсаар явж болохгүй байлаа. Гэвч болохгүй юм үгүй гэдгийг тэрээр нотолж худлаа уйлж сурав. Тайзны хурц гэрэлд түүний нулимс солонгорсоор гитар дээр дусах нь найм дахь эгшиг болон сонсогддог боллоо.
Нэгэн концертын дараа түүнийг хэсэг охид бүчин авч "Бид таны өрлөг эх чинь боллоо. Энэ цагаас эхлэн та эхийн хайраар хэзээ ч дутахгүй шүү!" гэжээ.
Сандарч тэвдсэн Тамзав:
-Юуны чинь ээж вэ? Би гуч дөхөж явна. Гэтэл та нар...гээд сахалын түүс болоход өнөөх хөх охин бугуйн дээрээс нь шүүрэн авч,
-Өрлөг эх болоход нас хамаагүй! гэв. Тэгж хэлэхдээ түүний хоолой зангирч, нүдэнд нь нулимс гялталзав. Чухам энэ өдрөөс эхлэн Тамзав аймшигт тоглоомд орооцолдсоноо ойлгожээ. Жинхэнэ уран бүтээлийг зохиож болдоггүйг, сайн уран бүтээл хүний сэтгэлээс өөрөө гарч ирдэгийг тэр сая л мэдэв.
Элэг бүтэн, элбэг баян амьдралаа гэв гэнэтхэн үзэн ядав. Одоо түүний хамгийн аймшигтай зүйл бол торгоны хээ шиг гоё амьдралд тогоруу шувуу шиг сүүдрээ ч тусгалгүй өсгөсөн аав ээж хоёр нь болжээ. Нэгэн тоглолттой орой ээж нь түүний машиныг угаагаад зогсож байхад нь Тамзав энэ дургүйцлээ анх илэрхийлэв.
-Миний хүү "од" болсон. Тиймээс тоостой машинаар битгий явж бай гэж ээжийгээ хэлэхэд тэсэртлээ уурлан хувинтай усыг нь өгшиглөж,
-Таны хайр надад хэрэггүй! Та нар надад ер нь юу өгсөн юм бэ? хэмээн бархирчээ. Цэлмэг тэнгэрээс аянга буухын үзсэн мэт хөөрхий эх балмагдан зогсоход хар тэрэг хормойг нь шүргэн хөдлөв.
Тамзавын бодлоор бол ээж аав хоёр нь түүнд юу ч өгсөнгүй, юу ч өгөөгүй учраас тэрээр гуч хүртлээ хэнд ч хэрэггүй өт хорхой мэт явж иржээ. Уг нь түүнд Санаа охиных шиг сайхан авьяасыг өгөх ёстой байв. Одоогоос гучаад жилийн өмнө тэр хоёр залуу хөнжил дотроо үүл борооны ажлыг улангасан үйлдэж байхдаа  үхэр бяруухан бодож байжээ. Хүүдээ өгөх ер бусын сайхан авьяас тэдний хэний нь ч санаанд байсангүй. Тэгээд хүү нь оюун санааны гуйлгачин, улмаар хулгайч болжээ. Үүнд хөөрхий аав ээж нь огтхон ч буруугүй ч, Тамзав дээд зэргээр буруутгаж байлаа. Нэгэн өдөр тэр хоёр "Би энэ хүүхдийн аав ээж нь байна. Бид түүнийг юугаар ч дутаагаагүй, эрхлүүлж өсгөсөн" хэмээн сонин хэвлэлд ярилцлага өгчих вий гэхээс хүү нь үхэтлээ айх болов. Харин Санаа охиноос огт айсангүй. Хэрэг болсон цагт түүнийг хогийн ургамал адил таслаад хаячихна гэдгээ мэдэж байлаа.

Алдар хүнд нь улам улмаар өссөөр байсан өвлийн нэгэн үдэш тэрээр гэрээсээ оргон гарч, нэгэн жижиг зочид буудалд орлоо. Тэндээсээ гэр рүүгээ эцэгтэйгээ ярив.
-Эцэг! Би гэрээсээ оргосон шүү!
Аав нь мэл гайхаж энэ өгүүлбэрийг хоёр дахин давтуулжээ. Тэгээд,
-Явах мөрөөрөө л явна биз. Оргоод байхдаа яадаг юм бэ? Чамайг энд барьсан хүн ер алга! гэжээ.
-Та ойлгосонгүй. Би зөвхөн гэрээсээ төдийгүй, ээж та хоёроос оргож байгаа юм.
-Гуч шахчихсан хүн чинь явна  л биз дээ. Биднээр заалгаад байх юу байна...гээд аав нь утсаа тавьчихав. Тэр хэнэггүй эр юу ч ойлгосонгүй. Хүү нь харин өөрийгөө Лев Толстой шиг ойлгож байлаа. Тэрээр өнгөрсөн амьдралаасаа нэгмөсөн оргон одов. Түүний өнгөрсөн амьдрал нь язгууртан жоом, бага төрөлхтөнүүд байв.
Ганцаардылн зовлонг ийнхүү сайн дураар сонгож авснаараа тэрээр өнчин охины бүтээлийг хумсалсан хилэнцээсээ ангижирч байна гэж итгэнэ. Өнчдийн нулимс унагааж, өчнөөн олон үзэгчдээ мэхэлж явсан нүглээсээ салж байна гэж итгэнэ. Гэвч энэ итгэл горилол зөвхөн хоосон чанарын бясалгал байлаа.
Тамзав хоёрдугаар сарын сүүлчийн өдрүүдийг дашинганы ойролцоо өнгөрүүлж гуйлгачин охины найман шинэ дууг бичиж авсан нь хамгийн сүүлчийн "ургац хураалт" байжээ.
Түүнээс хойш охин ер харагдсангүй. Хавар болохоор дахин гарч ирнэ дээ гэж Тамзав тааж, тавдугаар сар гартал уйгагүй эргэлдсэн боловч дашинга бүрмөсөн эзгүйрчээ.
Тамзав зочид буудалд хоёр жил шахам цор ганцаар сууж, эцэстээ өөрийгөө өнчин гэдэгт итгэх болжээ. Энэ хугацаанд ээж нь ааваас нь салж, Югославын нэгэн жуулчныг дагаад гадаадад гарсан нь түүнд ийм итгэлийг төрүүлсэн авай. Урам зориг нэмсэн шинэ шинэ тоглолтууд, түүнээс олсон багагүй мөнгө амьдралыг нь ивээн тэтгэж байлаа. Гэвч түүний сэтгэлийг Санаа гэдэг мөнөөх охин зовоох болов. Тэр хаашаа алга болчихов оо? Дашинганы дэргэд байсаар байх юм гэж бодож явсан нь том эндүүрэл байжээ. Хаа нэгтээ хатуужиж, гэгээрч амжаад эргэж ирэхдээ түүн рүү эмэгчин бар мэт довтлох юм биш биз.
Энэ цагийг тун их дөхсөн юм шигээр Тамзав ёрлоно. Санаа охин хэдийнээ арван долоо найм хүрчихсэн байлаа. Хулгайчийг хоолонд цадаж явах хооронд их авьяастан бойжиж гүйцжээ.
Нэгэн үдэш хуучны зоогийн газар хоол идэхээр ороход аав нь хөлчүүхэн сууж байв. Удтал уулзаагүй тул тэрээр хүүгээ угтан босч ирээд үнсчээ. Тэгэхдээ алдар цууд гарсан хүүгээрээ бахархах сэтгэл царайд нь огт  илэрсэнгүй. Харин ч буруушаасан, үл ойшоосон шинжтэй байлаа. Үүнийг Тамзав хормын зуур мэдэрч амжаад "Гэрээсээ оргосныг минь зүхсээр яваа юм байна" гэж ойлгожээ.
Гэтэл тийм биш байлаа. Түүнээс ч учиртай яриаг аав нь цухуйлгажээ.
-Чи тэр охиныг аймшигтай луйвардсан байна! гэж аав нь шивнэв. Өөр хүн ингэж хэлсэн бол Тамзав чадлынхаа хэрээр цамнах байлаа. Гэвч энэ хүн аав нь байсан тул өөрийн эрхгүй толгой дохив. Нүүрэнд нь номхрол, гутрал тодорлоо.
-Та хаанаас дуулаав, аав аа?
-Санаа зоволтгүй ээ. Би зөвхөн өөрөөс нь сонссон. Тэгээд түүний амыг барьчихсан. Миний хүү л сайн явбал болоо!
Аав нь тэгж хэлээд, нэн хангалуунаар гараараа дохиж, үүд рүү явлаа.
Тамзавт нуруунаас нэг их ачаа хийсэн унах шиг болов. Аав нь түүнийг арын хаалгаар орос сургуульд оруулсан. Дараа нь мөн л арын хаалгаар дээд сургуульд явуулсан. Одоо бас л арын хаалгаар тэр охиныг дуугүй болгож, хүүгийнхээ алдар цуут замыг засч өгчээ.
Үнэхээр чадал байдаг юм бол, ёстой одоо л аавдаа зориулж өөрийнхөө гараар дуу бичмээр санагдав.
Гэвч чадахгүй!!!
Харин аав нь чаджээ!!!
Яаж? Мөнгөөр цохисон уу? Эсвэл үнэхээр амыг нь...Тамзавын нуруу хүйт оргилоо. Тээр жил зугаалганд явж байхдаа аав нь өвсөнд хярсан бүжинг барьж аваад мод руу саван алж байсныг агзасхийн санав.
Ямар ч байсан бүх юм болж өнгөрчээ. Дууг минь дуулж өгөөч! гэлцэн хөгжмийн том том мастерууд ноотоо барин түүнтэй хөөцөлдөх болсон тул Тамзав одоо дуугаар цангахаа больсон. Аавтайгаа эргэн уулзаж, болсон явдлын нарийн ширийнийг сонсохыг хүсч байсан боловч тоглолтын шахуу хөтөлбөрүүд зав өгсөнгүй явсаар зурсаан сар өнгөрчээ.
Нэгэн өглөө Тамзав сэртэл өрөөний нь радиогоор "Анилердин гэдэг эм яаралтай худалдан авна"  хэмээн зарлаж байв. Хүлээж авах утасны нь дугаарыг сонсоод дуу алдлаа. Тэр бол эцгийн нь гэрийн утас байлаа. Аав нь хэд хэдэн архаг өвчиндөө шаналж явдгийг Тамзав мэднэ.
Одоо тэр хөдөлжээ.
Анилердин!
Анилердин гэж юуны эм бол оо? хэмээн бодсоор оройн тоглолтод оров.

Алтан дэлхийн уул бүхнийг нэвтэлж
Аавыгаа нэг харах сан
Айлын олон маамуу шиг
Аав аа гэж дуудах сан...

гэж дуулахдаа өнөөх зарлалыг санаж, багадаа аавынхаа мөрөн дээр суугаад цэцэрлэгийн улиас моддын мөчрөөс цагаахан цэцэг түүдэг байснаа санаж, эрхгүй нүдээ анихад мэлмэрч байсан нулимс хацрыг нь даган жирэлзжээ. Үүний харсан үзэгчид нулимсаа огтхон ч нуулгүйгээр гараа гозолзуулан тайз руу түрхрэв.
Тэр бүү хэл нэгэн охин цагаан цамцаа тайлж дээр нь зовхиныхоо хар будгаар "Аав чинь ирнэ!" гэж бичээд дээр гэгч өргөв. Гэвч тэр охины сул сэрэлзэх хоёр хөх лоозонгоос нь илүүтэйгээр дуучны сэтгэлийг хөдөлгөж буйг халуурч дагжсан танхим огт мэдэрсэнгүй.

Маргааш өглөө нь радиогоор нөгөөх зарлал дахиад л явж байв. Энэ удаа гэрийн утаснаас гадна өөр нэгэн дугаар нэмэгдсэн байлаа.
-Эцэг чинь нууц амрагтай болжээ! гэж ээж нь явахынхаа өмнө хэлснийг санав. Энэ утас тэр эмийнх нь гэрийнх ч байж болзошгүй. Тамзав сонирхолдоо дийлдэн тийш нь залгалаа.
-Хаанах вэ?
-...эмнэлгийн сэхээн амьдруулах...
Тамзав бушуухан утсаа таслав.
"Сэхээн амьдруулах гэнэ ээ!" Эцэг нь үхэж байгаа ажээ. Хэрэв тэр үнэхээр үхвэл хүү нь эцгийнхээ энэ ачийг юугаар хариулахаа мэдэхгүй догдлох байлаа. Тэрээр бүрмөсөн өнчирч гүйцээд, тайзан дээр гүмбүраа матрын нулимс бус харин чин сэтгэлийнхнийг үзүүлэх байлаа. Тэртэй тэргүй тэр ээжээсээ өнчирсөн бөгөөд тэр завхай эм одоо Европын хаа нэгтээ хорват цусны хүүгээ тэврээд явж байгаа.
Гэвч алдар хүндийг очиж очиж аав ээжийнхээ амь насаар олж авах юм гэж үү!
Тамзав ухасхийн хувцаслаж гадаа гарлаа. Бороо орж байв. Шүхрээ мартсан тул цувныхаа захыг босгоод довжоо руу буулаа. Тэр эмнэлэг зочид буудлын дэргэдэх гудамжны тэртээ байсан тул явган явлаа. Борооны цэнхэр хөөнгө дунд эмнэлгийн хөх байшинг онгоц мэт сүүмийж, дэргэдэх цэцэрлэгээс багваахай үнэртэнэ.
Эцэг нь эмнэлгийн үүдэнд зогсож байхыг хараад золтой л дуу алдчихсангүй. Нэг гартаа хоолны халуун сав хийсэн тор барьж, нөгөө гартаа шүхэр тулжээ.
-Аав аа...гээд Тамзав үгээ гүйцээж чадсангүй. -Таныг энд байгааг харчихаад л ирлээ.
-Энд би бүүр өчигдөр ирсэн. Бие нь маш муу байна.
-Хэн тэр вэ?
-???
Нууц амраг нь иржээ гэдгийг хүү нь төвөггүй ойлголоо.
-Би шөл хийгээд ирье. Чи дэргэд нь байж бай. Ямар ч байсан чиний хойт эх шүү дээ гэж аавыгаа хэлэхэд Тамзав цахилгаанд цохиулах мэт найгалаа.
"Эхээр дутлаа гэнэ шүү!!!"
-Чамайг өдөр бүхэн тоглолттой гэдгийг сонсоод хэлж чадаагүй юм. Ирсэн чинь сайн болжээ...Хоёр давхарт гараад сувилагчтай уулз...гээд эцэг нь унаандаа сууж одов.
Бороо орсоор байлаа.
Тамзав зогсож, зогсож, нэгэнтээ санаа алдаад сая дотогш орж, дээшээ өгслөө.
Дээшээ гарахад сүнс мэт цагаан өмсгөлтэй хүмүүс урт хонгилоор нааш цааш гүйлдэж байв. Гудамд тавьсан сандал дээр цэнхэр нөмрөгтэй бөгтөр хар хүн сууна. Эмч сувилагчид Тамзавыг хармагцаа л танимхайран мэндэлцгээлээ.
Алдарт гарна гэдэг энэ байжээ.
-Та хүрээд ирэв үү, аав тань саяхан таныг ярьж байсан юм гэж үхэр нүдэн эмч эмэгтэй хэлэв.

Хэнийг эргэхээр явагаа огт мэдээгүй ч, хэзээ язааны ижил дасал болсон ойр дотныхоо хүний төлөө санаа нь зовсон мэт царайлсан Тамзав "Яаж байна?!" хэмээн түгшүүр дүүрэн шивнэв.
-Тун муу байна. Хүүхдийг нь авсан боловч цус алдаад...
Эмчийг цааш эргэн явахад араас нь сүүдэр адил чмиээгүйхэн дагалаа. Эмч нэгэн өрөөний хаалгыг нээгээд зайлж зогсоход цагаан хана, цагаан ор, цагаан хөнжил...тэгээд цонхийсон  гуа царайтай бүсгүй хэвтэхийг Тамзав олж хараад дуу алдав. Тэр бол Санаа байлаа. Хөөрхий, хэдүйнээ бүсгүй болж гүйцжээ.
Хаана яаж яваад эцэгт нь дэр нэгтгэснийг ёстой бурхан л мэдэх хэрэг. "Би тэр охины амыг нь барьчихсан" хэмээн эцэг нь сайрхаж байсныг Тамзав сая саналаа. Ээжийн нь орон дээр онгон охин авчирч хэвтүүлснээ тийнхүү уран цэцнээр өгүүлж байжээ. Өрөөнд сувилагч бүсгүй тариур барьсаар ороход хаалга  хаагдаж, эмч Тамзав хоёр гудамд үлдлээ.
-Сайн хүний үр байсан юм.
-Та таних юм уу?
-Би ээжийг нь муухан мэднэ. Ану гэдэг яруу найрагч байлаа. Нөхөр нь Болод гэж өөрөөс нь олон дүү хүн байсан. Сайхан хүмүүс эрт бурхан болчих юм даа. Тэгээд энэ охиныг асрах газар авсан юм гэсэн. Өнөөдөр би өвчтөний түүхийг бөглөж байхдаа л танилаа гэж эмч ярив.
Тамзав аяархан эргэж бүдэг гэрэлтэй хонгил даган гэлдэрлээ.
-Монголчууд морь хулгайлж болно гэж үздэг гэж хамгийн сүүлд хэлсэн. Тэгээд ухаан ордоггүй гэж эмч араас нь хэлэв. "Монголчууд морь хулгайлж болно гэж үздэг. Хулгайлах ч хэрэгтэй гэж үздэг!!!". Тамзав нөгөөх цэнхэр нөмрөгтэй бөгтөр хүний дэргэд очоод лагхийтэл суув.
Өвчтөний сахиур тэр хүн Эрнест Хэмингуэйн "Зэр зэвсэг минь баяртай" гэдэг номыг залхуутайяа эргүүлэн үүрэглэж суулаа. Буйвал мэт нугдгар хүзүүтэй хүн байв. "Буйвал мэт нугдгар хүзүүтэй хүн үхэр мэт тэнэг" гэсэн мөр Санаагийн нэгэн дуунд байдгийг Тамзав санаад хүзүүгээ нугхийтэл хөдөлгөж үзэв. Тэднийхэн удмаараа ийм хүмүүс байжээ. Үүрэглэн суугч сахиур нэгэнтээ донхосхийхэд ном нь шалан дээр унав.

Тамзав бөхийн түүнийг аваад дайралдсан хуудсаа эргүүллээ. Номоор ингэж мэргэлдэг нь түүний дуртай зан. Тэгээд ч нэгэн ярилцлагадаа үүнийгээ "миний хобби!" гэж хэлсэн. Тамзав хуруугаараа дарсан мөрнөөс эхлэн уншиж эхлэв.
"...Би гадаа гудамд хүлээв. Удаан хүлээсний эцэст сувилагч гарч ирэв.
-Хатагтай Генри их муу байна. Би төлөөнөөс нь айж байна гэж тэр хэллээ.
-Үхчихэв үү?
-Үгүй. Гэхдээ ухаан алдчихжээ гэв.
Янз нь дахин цус алдаад тогтохгүй байх шиг байна. Би тасалгаанд орж үхэхээс нь өмнө Кэтриний дэргэд зогсов. Дахиад тэр ухаан оролгүй байсаар эцэслэв.
Гудамд гараад би эмчээс:
-Өнөөдөр өөр яах вэ? гэж асуув.
-Яах ч хэрэггүй. Таныг буудалд тань хүргэх үү?
-Зүгээр, хэрэггүй. Би энд бас жаахан байя.
...Тэгээд тэр гудмаар явж, би тасалгааны үүдэнд эргэж ирэв.
-Одоо хэрэггүй гэж нэг сувилагч хэлэв.
-Болно гэж би хэлэв.
-Болохгүй. Арай болоогүй.
-Хэн хэн нь эндээс зайлцгаа гэж би хэлэв.
Тэднийг зайл гэж хөөгөөд хаалга хааж, гэрэл асаахдаа би ингээд ч нэмэргүй юм даа гэж бодлоо. Хөшөөтэй л салах ёс гүйцэтгэх лугаа адил ажээ. Хэсэг зуур байгаад би гарч шатаар бууж, бороон дундуур буудал тийшээ явав".

1995. 7-р сар.

6 comments:

  1. Зүрх шархирч байна. Яагаад зовлон нэг дор овоорох овоорохдоо ингэж ихээр цутгадаг юм бол...?

    Өгүүллэгийг найруулал, тайлал нь гайхалтай юм. Бас хэлзүй нь маш сайхан санагдлаа. Баярлалаа Тэгшээ

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ, хэлээд юу гэхэв.

      Delete
  2. Сайн байна уу,

    http://tegshzaya.blogspot.com/ Блогийн эзэмшигч та холбогдох мэйл хаягаа үлдээнэ үү.
    Баярлалаа.

    Zarlig team
    http://zarlig.biz/

    ReplyDelete
  3. Ямар сайхан зохиол вэ? Хүний хаанаас ийм зүйл гардаг байна аа гэмээр л юм.

    ReplyDelete