Нэг зүйл


Өглөө нүдээ нээгээд хамгийн түрүүнд нэг зүйл бодов. Бороо орж байна, гунигтай юм. Бас л нэг зүйл бодов, гунигтай байхаа болилоо. Өглөөний цайгаа уулаа, хэд гурван юм уншлаа, уншсан зүйлээсээ өөр зүйл бодсонгүй. Ширээнийхээ ард суулаа, яагаад ч юм цонхоор хармаар санагдаад босоод явлаа, бороо орсоор л, хэдэн шүлгийн мөрт санаанд орлоо.
...Усан борооноор би ганц л хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан...
...Сэтгэлийн гунигаа орхиод
Ширхэгийнх нь ганцхан дусалд
Сэмхэн ороод нуугдчих юмсан
...Шивнэн шивнэн дуу аялж байна
Цааш нь харин санаанд орсонгүй. Гунигтай биш сүүлчийн мөрөөс болоод бороонд бүжиглэнэ гэж байснаа саналаа. Хичнээн ч зүйлээ дараа гэж хойш тавьсан юм дээ. Тэр дараа нь хэзээ байх вэ? Эсвэл яг одоо юу? Одоо бороонд бүжиглэж чадахгүй нь ээ. Харин зам дээр зогсоод норвол юу юм гэхээс. Дулаахан гэртээ байж, цонхоороо бороо орохыг харж зогсонгоо элдэв юм бодохыг илүүд үзэж байх шиг байна. Бие хөдлөхгүй нь. Бороонд өнгөрүүлсэн тод дурсамжууд нэг нэгээрээ бодогдоно. Нэг найзтайгаа төлөвлөж байгаад хар усан бороон дундуур зөндөө алхаж билээ, арван жилд байлуу даа. Шүхэргүй, юу ч дугарахгүй, хоёр даарсан хүн алхаад л байсан, гэртээ орж ирээд дулаахан хөнжилдөө үг дуугүй шургасан. Даарсан ч гэсэн яагаад ч юм их сайхан байсан л гэж дурсагдаад байдаг юм. Тэр найз маань хэдэн жилд гадаадад байж байгаад Монголдоо ирсэн ч ирснээс нь хойш тухтай нэг ч уулзаагүй юм байна. Уулзахсан.
Бас арван жилд байсан байх аа, арван жилийнхээ нэг хүүд дурлачихаад, тэрэнтэй холбоотой өчнөөн л нулимс унагаж байсан, гэвч нэг удаа хаанаас ч юм гараад гүйсэн, гадаа бороо орж байсан, далимдуулаад өчнөөн уйлсанаа санадаг юм. Тэр нулимс л хамгаас тод үлдэж дээ.
...Бороо ч юм уу, нулимс ч юм уу
Юу бодох нь энэ вэ. Орос дуу санаанд орлоо. Ланфран, ланфран гэдэг байх аа. Үгийг нь ойлгохгүй ээ, гэхдээ л бороонд сонсмоор дуу. Боярский дуулдаг байх аа. Шадар гурван цэргийн Дартьянан. Бүтэн санаанд ордоггүй ээ, ганц л дур зураг зурсхийгээд өнгөрлөө. Нохойтой дөрвөн танкчин гээд кино байлуу, их л багын зүйлс "Орос" гэсэн сэдлээр дурсамжинд маань хөвөрч өглөө. Ну Погади, Винни Пух. Хэхэ. Би Петачок юм чинь. Хар чихт цагаан Бим. Киноны нэр санаанд орох төдийд нулимс гарах гэж байна уу даа. Үгүй байлгүй. Одоо ч үзсэн уйдахгүй. Тихнов, тэр хүний харцыг ээ. Өө Энтони Хопкинс, Энтони Хопкинсын харц хамгийн гайхалтай, яаж тийм ухаалаг, дөлгөөн, тэгсэн хэрнээ нэвт шувт...Ийм зүйлийг үгээр бичиж чадахгүй ээ, шууд хараад л мэдрэх нь хамгийн үнэн. Энтони Хопкинсын Титус кино. Миний имэйл хаягны Титус. Ал Пачино санаанд ороод явчихлаа. Эмэгтэй хүний үнэрийн Танго. Үзэхээр л бие чангараад явчихна. Скарфэйс нь, би худлаа ярьж байхдаа ч үнэн ярьдаг. Яагаад ч юм чи санаанд орлоо. Скарфэйс хоёулаа хамт үзлүү. Чи унтаж байсан санагдах юм, тэгээд би ганцаараа үзсэн. Хар Хунг үзэхэд ч чи унтаж байсан, бас л би ганцаараа үзсэн. Лиля форэвэ г ч бас хамт үзэж байснаа дундаас нь унтаад өгсөн. Инээдтэй амьтан шүү. Өмнө нь үзсэн киногоо надтай хамт дахиж үзээд байхаар хааяа нойр нь хүрдэг байсан уу? Би бас тэрүүхэндээ санаа зовдог байж билээ, өмнө нь үзсэн киногоо л давтаад үзээд байх уйтгартай байдаг байх гэж. Сүүлд чамаас асуухад надтай үзэхэд уйдаггүй байсан, харин надад таалагдах болов уу гэж санаа зовдог байсан гэж хариулсан. Надад бүгд таалагдсан. Аан, Магнолиа. Том Круйз. Тэр үед будаа агшаагаад Личотой хутгаж өгөөд байлуу? Хоол их голдог хүн юу ч хэлэлгүй будаатай личо, заримдаа хар талх дангаар нь идээд л...хэхэ. Намайг багагүй дэглэсэн шүү, би ч дэглүүлэхдээ дургүйцээгүй. Одоо санахад сайхан мөчүүд. Сүүлд санах тусам зарим дурсамж улам л амттай болоод байдаг. Одоо бол надад зөндөө олон амттай хоол хийж өгдөг. Чинжүүтэй хуурга идэхсээн, өлсөөд явчих чинь. Нээрээ өлсөж байна, идсэн жаахан зүйл маань шингэчихэж дээ. Гарч юм олж идье байз...Нээрээ дээрх бодсон нэг зүйл нь: Чи. Чи минь шүү.


No comments:

Post a Comment