Роберт Хасс. Лагунитас дахь бясалгал


Шинээр төрөх бодол бүр гээгдсэн зүйлсийн тухай...
Шинэ бодлын дундуур урьдын л харууслууд хөвөрнө.
Жишээлбэл, сэтгэл санааны гэрэлтсэн цэвэр тунгалгийг
жиндүү энэ л дурсамжууд баллаад байх шиг эргэлзээн.
Алиа төрхтэй тоншуул бараан хусны унанги дархийг
ажигч гярхайгаар нэгд нэгэнгүй нягтлан үзэх нь
арай хуваагдаж сарниагүй гэрлийн үеэс үлдсэн
анхны ертөнцийн эмгэнэл биш байгаа гэх санаа.
Эсвэл бөөрөлзгөний бутнуудтай зохицох зүйл
энэ хорвоо дээр нэг ч үгүй учраас,
илэрхийлж буй зүйлийнхээ эмгэнэл гуниг нь
үг өөрөө болдог ч юм шиг тэс ондоон төсөөлөл.
Энэ бүхний тухай бид шөнө оройттол хэлэлцэж,
энэлэл зовлонгийн нарийн сэжимд орооцолдоод
түүндээ таварцаглан унацгаах мэт төөрөлдөж,
төлөвхөн нэг найз минь бүр дуугаа өндөрсгөсөн гээч:
Тэгээд л би ийм маягаар ярилцвал бүх зүйл-
тэнгэрлиг ариун шударга-аасаа эхлээд бүр
уулын модод, толгойн үс, эмэгтэйчүүд, чи, би
утга учраа цөмөөрөө алдаж завхрахыг ухаарав.

Эмэгтэйчүүдийнх нь нэгтэй загас наадуулахдаа би
жижигхэн мөрөөс нь барьж өөр рүүгээ татаад
эгээ л давс ихтэй хоол идэж цангасан мэт
зэрлэгээр түүн рүү шунган довтолж, юу ч үлдээлгүй
ховх сорохоор улайрч буйгаа мэдрэх зуураа,
хойно үлдсэн бага насандаа тоглож өссөн голоо,
хэдэн бургастай арлыг нь, хөнгөн завины уйтгарт чимээг,
хулууны үр гэж нэрлэгддэг бяцхан улбар загасыг барихаар
хулгайгаар очдог байсан булингарт цүнхээлийг дурсав.
Хөөрхий эмэгтэйг энэ зуураа хайр найргүй эдлэв.
Хүсэл гэдэг эцэс төгсгөлгүй орон зайгаар дүүрэн тул
Тэмүүллээсээ булзах зам үгүй ээ гэж бид ярьдаг.
Тэр эмэгтэйн өмнө ч мөн тийм л байх ёстой.
Гэвч би хэтэрхий ихийг дурсан санаснаасаа болоод,
гэнэтхэн түүний гарыг талх зуурч буйгаар төсөөлөөд,
эмзэглэдэг, зүүдэнд нь ордог тэр л зүйлийнх нь тухай
эцэг нь түүнд юу гэж хэлснийг нэгбүрчлэн олж сонсов.
Хурааж явсан үгсээ нэгэнт гаргаад хэлчихсэн мэт
Хуримтлагдсан бүхний цаг ирж, бие махбод тайвшрав.
Бүрэлзэн өнгөрөх энэ л өдрүүд, энэ л үдшүүд
бүгтхэн энхрий зөөлнөөр дуу алдан урсах нь:
бөөрөлзгөнө, бөөрөлзгөнө, бөөрөлзгөнө гэх шиг. 

1979. Роберт Хаас. /Г.Аюурзаны орчуулгаар. "Дэлхийн сонгомол яруу найраг" номоос./

2 comments:

  1. -Үүрээр сэрчихээд орон дотроо
    үнсэлцэн хэвтэхүй бидний аниатай зовхи
    сарьсан багваахай шиг чичрэх энэ арван хоёрдугаар сарын
    шамрагатай хүйтэн өдөр бол аз жаргал билээ!

    ReplyDelete
    Replies
    1. Хүсэл гэдэг эцэс төгсгөлгүй орон зайгаар дүүрэн тул
      Тэмүүллээсээ булзах зам үгүй ээ гэж бид ярьдаг.
      Тэр эмэгтэйн өмнө ч мөн тийм л байх ёстой.

      Delete