Гэрэлтэй бас гунигтай дурсамж


Бага насныхаа бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг тэр чанараа хадгалж үлдэхсэн. Хоолоо үнэн сэтгэлээсээ амтархан иддэг, дэрэн дээр толгой тавимагцаа л бөх гэгч нь унтаад өгдөг, үнэн голоосоо мөрөөдөж, шаналдаг, баярласан бол инээж, гомдсон бол уйлдаг байхсан. Гадны элдэв нөлөөлөл, шунал хүсэлд автаагүй цэвэр өөрийнхөө оюун бодлоор орчлонг ажигладаг байхсан. Бас үнэн сэтгэлээсээ хайрладаг байхсан...Хайр гэдэг зүйл бага насанд маань их л өвөрмөцөөр илэрдэг байжээ.

Хэдэн настай байлаа даа, их л бага байсан санагдах юм. Ээжтэйгээ дэлгүүр явж байгаад далай ээж захын үүднээс дэгдээхэй худалдаж авлаа. Жижигхэн шар 50 мөнгөний дэгдээхэй биш. Харин нэлээдгүй том болчихсон дэгдээхэй байсан юм. Зарж байсан ах нь намайг сонгоод ав гэхэд нь би сонголтоо хийх гээд эргэлзээд зогсож байтал тэнд байсан нэг архи үнэртүүлсэн ах энийг ав гээд жаахан царай муутайдуу дэгдээхэй аваад гарт атгуулчихдаг юм байна. Би одоо ч сайн санаж байна. Тухайн үед дотроо л их голонгуй өнөөх согтуу ахын сонгож өгсөн дэгдээхэйг дуртай дургүй авчихаад бяцхан уур хүрч билээ. Үгүй ээ энийг авахгүй гэж хэлж чадахгүй зориг муутай, дотогшоо хүүхэд байсан юм л даа. Тэгээд л тэр дэгдээхэйг авчихсан. Түүнээс хойш өдөр болгон дэгдээхэйтэйгээ. Өглөө босонгуутаа өнөөх дэгдээхэйгээ хайрцагнаас нь гаргаад баасанд заваартчихсан хөлыг нь угааж өгнө. Дараа нь ус, будааг нь өгнө. Тэгээд дэгдээхэйтэйгээ тоглоно. Давуунд боогоод өлгийтэй хүүхэд болгоно. Өдөр жаахан дуг хийхдээ дэгдээхэйгээ энгэртээ наагаад гараараа дараад унтана. Яаж хөөрхийг тэгж байгаад дараад алчихаагүй юм. Чихэр, жигнэмэг гээд бүх л амттай зүйлсээ хувааж иднэ. Бас дэгдээхэйтэйгээ хамт ан хийнэ. Ан хийнэ гэдэг нь би ялаа алаад, хуйлсан сонинд цохиулаад газарт унасан ялааг дэгдээхэй маань амтархан иднэ гэсэн үг. Нэг өдөр лав тийм байдлаар 20 ялаа алж дэгдээхэйдээ идүүлсэн юм байна. Тэгэхэд дэгдээхэй маань яг л нохой шиг хажууд маань дагаад явна. Би гал зуухныхаа өрөөнд бужигнах ялааг ханан дээр суухыг нь хүлээж байгаад л цохино, ялаа ч газар унана, дэгдээхэй маань ч газар унасан даруйд нь ухас хийгээд л тоншоод идчихнэ. Зарим үед дэгдээхэйгээ том юмуу жижиг өрөөндөө хийгээд хаалгыг нь хаачихдаг байсан юм. Гэтэл сүүлдээ би л өрөөнд нь байхгүй бол өнөөх чинь хаалттай хаалганы цаанаас жиргээд байдаг болчихсон юм. Би  байгаа өрөөнд нь ороод суучихвал сая нэг санаа нь амарч тайван гэгч хивсэн дээрх хогнуудыг тоншоод тааваараа явна. Тэгээд намайг өрөөнөөс нь гараад явчихвал хаалган дээр ирээд л жиргээд байна. Одоо бодохоор зүрх өвдөх шиг болдог. Тахиа, шувууг ухаан муутай л гээд байдаг, гэтэл дэгдээхэй маань надад ямар их дассан байлаа даа. Би ч хүүхдийн цагаан хайраар дэгдээхэйгээ хайрладаг байсан. Ханиад хүрээд хэд хоног эмнэлэгт хэвтэх болов оо. Хоног тоолон дэгдээхэйгээ санасаар байгаад л эмнэлгээс гэртээ ирсэн. Гэртээ орж ирмэгцээ хамгийн түрүүнд дэгдээхэйнийхээ хайрцаглуу гүйж очсоноо санадаг юм. Одоо ч тэр мөч өчигдөр юм шиг л нүдэнд тодхон харагдаж байна.

Дэгдээхэй бид хоёрын түүх ингээд дуусаагүй ээ. Цаашдаа нэг нэгэндээ улам дасаж намайг загнахад дэгдээхэй маань номхон зогсдог болсон юм. Муухай хог идэх ч юмуу, хананы цаас урж тоншвол би сөхөрч сууж байгаад дэгдээхэйнийхээ толгойн дээр зөөлөн тоншоод загнана, харин хөөрхий амьтан гэмшсэн царайлаад номхон зогсоно гээч. Тэр төрхийг нь бодохоор одоо ч нулимс цийлэлзээд  ирдэг юм. Тэгээд арай чанга дугараад гараараа цохих юм бол миний салтаа доогуур өрөвдөлтэй нь аргагүй шургална. Тэгмэгц нь л би нүүрэндээ наагаад үнсэж эрхлүүлж аргадана. Өөрийг нь аргадаж байгааг ойлгоод тэр дороо л зүгээр болоод хивсэн дээрх хог тоншоод алга болно. Ингэж дэгдээхэй бид хоёр бие биендээ дассан байсан. Тэгэхэд яагаад ч юм өвөл болохоор халуун байшинд дэгдээхэй байж болдоггүй юм, наадах чинь бараг тахиа боллоо, тахиа тэжээдэг айлд аваачиж тавих хэрэгтэй гэж өвөө маань хэлсэн юм. Ямар ч байсан өвөл байшинд, миний хажууд байгаад байх юм бол дэгдээхэй маань үхнэ гэж хатуу итгэсэн юм. Тийм болохоор санаж байсан ч, надад хэцүү байсан ч дэгдээхэйгээсээ салахаас өөр аргагүй болсон юм. Өвөөтэйгээ цуг тахиа, нугас тэжээдэг хашаа байшинтай айл олоод дэгдээхэйгээ тавихаар явлаа. 4 сар гаруй өдөр болгон хамт байж, халамжилж, хайрлаж байсан дэгдээхэйнээсээ сална гэдэг ямар хэцүү байлаа. Гэхдээ дэгдээхэй маань үхэхгүй олон тахиа, шувуунуудынхаа дунд сайхан байна гэсэн бодол л тэр хэцүүг даван туулахад тусалсан байх.  Дэгдээхэйгээ айлд орхичихоод гараад явж байхад өвөө маань дараа жилийн өдийд эргэж ирэхэд том тахиа болчихсон байна гэж хэлсэн юм.

Тэрнээс хойш өөрт олдсон жаахан чихэр, боов амттай гэх зүйлсээсээ хэсэгхэнийг заавал цааш нь хийж цуглуулдаг боллоо. Цуглуулсан чихэр, амттанаа үе үе хайрцагнаас нь гаргаж үзэж шүлсээ залгичихаад л буцаагаад хийдэг байж билээ. Дараа жил дэгдээхэйгээ эргэхдээ л өгөх гэж хадгалж байсан хэрэг шүү дээ. Жаахан хүүхдийн хувьд идэх амтатнаа өөрөөсөө харамлаж цуглууна гэдэг хайрын л илэрхийлэл байж дээ. Ашгүй урт өвөл өнгөрч хавар болоод өвөөгөө шалсаарр байгаад дэгдээхэйгээ эргэхээр цуглуулсан хамаг л чихэр, жимсээ аваад өнөөх айлдаа очив. Даанч дэгдээхэй маань өвлийг давж дийлэлгүй үхчихсэн байсан. Бүтэн жил цуглуулсан элдэв чихэр боовныхоо хэлтэрхийг нулимстайгаа цуг тээгээд өвөөтэйгээ цуг гэрлүүгээ толгой унжуулан буцсан даа. Бүтэн жил дэгдээхэйтэйгээ уулзана гэж хүлээсэн итгэл “үхсэн” гэдэг үгэнд дарагдан харлах гашуун байсан шүү. Ядаж байхад яг тэр өдөр өнөөх айлын хүү нэг үхсэн дэгдээхэйг хашаа давуулаад шидэж байхыг нь би олоод харчихсан юм. Миний дэгдээхэйг ч бас үхэхээр нь ингээд л хашаа давуулаад хаясан байх даа гэж бодохоос л гол зурагдах шиг болж билээ. 400 төгрөгөөр худалдаж авсан бяцхан дэгдээхэйний ачаар би анх удаа ингэж хайрлаж, хүлээж, санаж, тэвчиж, хагацаж, шаналах гэдгийг үзсэн юм.
Одоо би 23 настай “том хүүхэн”. Гэтэл дэгдээхэйтэйгээ өнгөрүүлсэн бага насны тэр л өдөр хоногууд дурсамжийн минь хуудсанд бүдгэрэлгүй цоо шинээрээ дурайтал хоцорсон байх юм. Одоо хүртэл надад загнуулаад номхон зогсдог өрөвдмөөр төрх нь нүдэнд харагдах тоолонд цээж хөндүүрлэж, цурхиртал уйлмаар болдог.

Бага насныхаа тэр л үе шиг, хорхой нь хэдий хүрч байсан ч өөрийгөөө тэвчиж дэгдээхэйдээ өгөхөөр чихрээ цуглуулдаг байсан тийм үнэнч сэтгэлээр хэн нэгнийг хайрлахсан. Тэгж огтхон ч эргэлзэлгүй хүлээж, итгэж сурахсан. Бага насныхаа бүх л зүйлд чин үнэнчээр ханддаг байсан бяцхан, гэрэлтэй зүрхээ хэвээр нь хадгалж үлдэхсэн.

4 comments:

  1. Гэрэлтэй ч, гунигтай дурсамж минь, одоо болтол бяцхан дэгдээхийгээ санасаар...

    ReplyDelete
  2. Чиний минь зүрх одоо илүү уудам, гэрэлтэй болсон шүү дээ.

    ReplyDelete