Нар мандаж, жаргахын өмнө...

Before Sunrise (1995)


Ямар ч үйл явдалгүй кино. Галт тэргэнд танилцаад нэг шөнийг Вена-д хамтдаа өнгөрөхөөр шийдсэн хоёр залуугийн ярианд 105 минутын турш умбана. Тун ч уйтгартай байх болов уу гэж төсөөлж байсан кино маань харин ч тун сонирхолтой санагдсаныг нуух юун. Хамгийн гол нь цаг хагас шахам хөврөх яриаг ямар хүмүүсээр, хаана, юуны тухай яриулах вэ гэдгээ оновчтой шийдэж чадсанаар кино уйтгартай биш сайхан болжээ. Европын нэгэн сайхан хот, гоо үзэсгэлэнгээрээ тэгтлээ гайхуулаад байхгүй ч хоёр залуугийн нэг нэгнээ таньж мэдэх, чин сэтгэлээсээ ярилцах гэсэн байдлад тохирсон дэвсгэр болно.



 Цаг хагас шахмын яриаг өрнүүлэх хоёр залуу маань ямар зан байдал, дүр төрхтэй хүмүүс байх нь тун чухал. Эднийг л буруу сонговол урт ярианууд уйтгартай болж кино ч олигтой болохгүй. Эмэгтэй нь урт шаргал үстэй, цайвар царайтай яаж ч харсан үзэсгэлэнтэй бүсгүй, эрэгтэй нь зальжиндуу гэмээр мөртлөө гэнэн байдалтай. Хамгийн гол нь энэ залуусын нээлттэй зан байдал, ирээдүйд биш зөвхөн энэ нэг шөнө-одоо-д хамтдаа сайхан байгаад салцгаана гэсэн шийд, дөнгөж танилцаад нэг шөнийг өнгөрөөгөөд одох ч гэсэн нэг нэгэндээ үнэнээрээ хандаж байгаа нь, залуу дэвэргэн сэтгэл нь киног амилуулсан гэж болно. Ийм нөхцөл байдалд, ийм залуусын хооронд өрнөж байгаа хайр дурлал, харилцаа, дурсамж, нэг нэгнийхээ талаарх ярианууд нь сонирхолтой, таатай байв. Айхтар романтик кино юу гэж асуувал би "үгүй" гэж хариулна. Гэвч энэ киног үзэх явцад сэтгэлд нэг л таатай, кино дуусахад өөрийн мэдэлгүй дэвэргэн, догдолсон тэгсэн хэрнээ бодлогоширсон байдалд шилжчихсэн байх юм. Мэдэгдэмгүй байдлаар шургалж хүний сэтгэлийг дэврээж, догдлоодог шидтэй болохоор магадгүй хамгийн сайн "романтик" кино ч байж мэднэ.


Before Sunset (2004)

Өнөө хоёр маань 9 жилийн дахин Парист уулзана. Залуу нь тэр хоёрын хамтдаа өнгөрүүлсэн шөнийн тухай ном бичиж, ном нь нэлээд гүйлгээтэй зарагдаж байна, чухамдаа залуу Парист номынхоо нээлтийг хийхээр ирсэн байдаг. Тэгээд Парисын гудамжаар алхаад, кафед суугаад, завиар зугаалаад, ярилцаад л. Ер нь олон жилийн дараа амьдралд, гэр бүл, бүтэлгүй харилцаанд нухлагдсан дундаж насны хоёр хүн уулзаж байгаа болохоор романтик, дэвэргэн гэхээсээ илүүтэй нас явах тусам, хүн юм их үзэх тусам амьдрал уйтгартай, нэг хэвийн болдог, үүрэг хариуцлага, нөхцөл байдал гэдэг зүйлд баригдмал болдгийг л илүү мэдрүүлэх шиг санагдсан. Эхнийх нь үзэхэд таатай, сайхан, дараах ангийг нь үзээд яамаар ч юм дээ гэж бодож, бяцхан айдас ч гэмээр зүйл хургамаар.





1 comment:

  1. нэгдүгээр анги нь дажгүй болсон санагдсан.

    9 жилийн дараа уулзахдаа хоёулаа өөрчлөгдчихсөн. амьдралаа гэж...

    дуу нь харин гоё байсан.

    би тэдний оронд байсан бол яах байсан бол гэж бодогдсон..

    жигүүр

    ReplyDelete