Сэтгэл, бэлэг

Хосуудын баяр, миний төрсөн өдөр дөхөөд л. Тэгээд өөрийнхөө үерхэл, сэтгэлийн харилцаанд хандах хандлагаа бодож үзлээ. Би ер нь сэтгэлийн асуудал дээр хэзээ ч ялархаж үзээгүй хүн. Нэг хүн таалагдах юм бол шууд л алхам хийнэ, илэрхийлнэ, угаасаа сэтгэл татагдаад байхад өнөө хүн яах бол гээд хүлээгээд суух тэвчээргүй, харин азтай нь намайг алхам хийх бүрд өнөө хүн маань эерэгээр хүлээж авдаг. Оволзтол дурлуулсан хүн бол маш ховор, тийм хүн гарч ирвэл ховрыг нь мэдрэх тусам үхэн хатан гүйхээс ч буцахгүй л хүн, би. Гэхдээ хүн сэтгэл гаргахын хэрээр хариуд нь сайхан сэтгэл хүртдэг шиг санагддаг. Тэр сэтгэлийн илэрхийлэл болж их сайхан бэлгүүд авч байсан. Нэг үерхэж байсан хүн маань төрсөн өдрөөр том цагаан туулай, өөрийнхөө гараар нэхсэн цамц бэлэглэж билээ. Би хэсэгтээ ам ангайж, өөрөө нэхсэн гэдэгт нь итгэхгүй байж билээ, хүний сэтгэл шүү дээ, өөрөө цамц нэхээд өгнө гэдэг. Нэг хүн насны маань тоогоор бэлэг бэлэглэж билээ, утасны зүүлтээс авхуулаад хамгийн том бэлэг нь хайртай хоёр зохиолчийг маань төрсөн өдөрт маань урьсан байсан. Би бүр самгардаад олигтой ч яриа үүсгэж чадаагүй, гэхдээ л их гоё байсан. :). Сүүлд миний төрсөн өдөр цагаан сарын дараахан болж таарлаа. Тухайн үед дотно байсан хүнээ шууд дэлгүүр дагуулж яваад бэлэг авхуулна гээд их дэлгүүр орлоо, ёстой гоё ягаан түрийвч харагдаж байна, үнийг нь асуутал 280 мянган гэнэ, ээ бурхан минь, азаар 50 хувь хямдраад 140 мянга болсон гэнэ. Тэгээд би энийг авья гээд заатал надад 100 мянга л байгаа гэдэг юм, би жаахан урвагнаж зогсож байгаад өнөө лангуунаас холдлоо. Тэгээд эцэст нь тун догь санаа олов. Байгаа 100 мянга дээр нь өөрт байгаа 40 мянгаа нэмээд түрийвч авья гэж тогтлоо. Тэгээд найз маань мөнгөө гаргаад иртэл баахан мянгат, зуутын дэвсгэрт дүүрэн сагсайсан их мөнгө. Яасан юм гэсэн миний төрсөн өдрөөр бэлэг авна гээд цагийн сарын золголтын мөнгөө мянга, зуугаар нь цуглуулсан юм гэнээ, тийм хөөрхөн. Тэгээд бид хоёр 5 минут орчим мөнгөө тоолж хоёр талаасаа нийлүүлсээр 140 болгоод түрийвчээ аваад явж билээ. Би анх удаа л тийм үнэтэй, гоё түрийвч барьж үзсэн нь тэр. Хамгийн гол нь надад бэлэг авна гээд мөнгөө цуглуулсан тэр хүний сэтгэл шүү дээ, би одоо ч тэр түрийвчиндээ их хайртай. :). Одоо санахад сэтгэл сайтай, сайхан хүмүүстэй үерхэж, нөхөрлөж явжээ. Одоо бүгдээрээ сайн сайхан явдагт нь би баярлаж, сэтгэлдээ сайныг ерөөж суудаг.

Гэхдээ хүн тэгээд байнга сайн сайхан байх биш дээ. Тэдэн оны валентины баяраар гэр бүлийнхээ хүнийг сүлийн замд нь үдэж билээ, тэгээд гурав хоногийн дараа төрсөн өдрөөрөө гэртээ ганцаараа уйлаад сууж байсан, тэр үед харин хажууд минь хэн ч байж таараагүй юм. Амьдрал ч тэгээд зовлон, жаргалыг бол алаглуулна шүү дээ, хэхэ.


2 comments:

  1. Тэгшээ маань өөрөө хүмүүст сэтгэлээрээ, нээлттэй ханддаг болохоор сайхан хүмүүстэй учирч, нөхөрлөж явдаг байх аа..нэхсэн цамц тасархай байна аа.. хайртай хүнийхээ төлөө сэтгэлээ илчилж, зориулж явж чаддаг чанар чинь гоё юм аа.. зоригтой бүсгүй минь :)

    ReplyDelete
  2. Баярлалаа, хөөрхөн бүсгүй минь :)

    ReplyDelete