Яруу найраг (Poetry) 2010


"Яруу найраг" нэртэй кино. Нэр нь энэ киног үзэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Харин үзээд үнэхээр их "өвдлөө". Ганган хувцасладаг, нүүрэнд нь инээд тодрох 60 орчим насны хижээл эмэгтэй ач хүүтэйгээ амьдарч, саажсан өвгөнийг асардаг ажилхийдэг. Нэг өдөр шүлэг бичих дугуйланд бүртгүүлж элсэнэ. "Яруу найрагчид бол зүрхэндээ цэцэг тээдэг хүмүүс", "хүн болгоны зүрхэнд шүлэг байдаг түүнийгээ нээж, жигүүр ургуулан нисгэх хэрэгтэй", "яруу найраг бол юмсын гоо сайхныг олж харах явдал" гэж дугуйлангийн багш нь хэлнэ. Дугуйлан 1 сар үргэлжлэх бөгөөд төгсөхдөө хүн бүр 1 шүлэг бичих ёстой юм. 



Өнөөх эмэгтэй маань энгийн амьдралаасаа юмсын гоо сайхныг олж харах гэж хичээнэ, моддыг, цэцэгсийг ажиглана. Амьдралын гоо сайхныг ажиглаж нээх энэ явцад нь амьдралын муу муухай харин зай тавьж өгсөнгүй. Ач хүү нь ангийхаа 5 хүүтэй нийлээд сургуулийнхаа нэгэн охиныг хүчинддэг байснаас болоод өнөөх охин нь амиа хорлосныг олж мэднэ.


 Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд мөнгө нийлүүлж, хохирогчийн ээжид өгч амийг нь таглаж, хэргийг дарахыг оролдоно. Удалгүй өөрийгөө алцхаймерын эхний шатанд байгаагаа мэднэ. Энэ нөхцөл байдалд юмсын гоо сайхныг олж харан шүлэг бичнэ гэдэг нэг л болж өгөхгүй. Мөнгө ч олдож өгөхгүй. Ач хүүдээ ч зэмлэх нэг ч үг хэлэхгүй. Гэвч шүлгийн дугуйлангаа төгсөхдөө тэрээр нэг шүлэг бичиж багшдаа үлдээчихээд хаашаа ч юм явсан байна. Кино ч ингээд төгсөнө. Төгсгөлд өнөөх эмэгтэйн бичсэн шүлэг уншигдахад хамгийн их сэтгэл өвдөнө.


No comments:

Post a Comment