Departures (2008) Одогсод


Энэ постоо юу гэж эхэлдэг юм билээ дээ. Би юу ч гэж бичсэн энэ киног үзээд төрсөн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг маань бүрэн илэрхийлж чадахгүй юм шиг санагдаж байна аа. Ядаж байхад тийм сайхан хөгжимтэй, бас ядаж байхад аргил хийл буюу cello чинь миний хамгийн хайртай хөгжмийн зэмсэгийг хэлэх үү. Cello-ний гайхалтай сайхан ая киноны туршид хэд хэд эгшиглэнэ.

Товчхондоо бол японы оршуулах зан үйлийн тухай кино юм. Япончууд ч тэгээд мундаг дэг жаягтай улс даа. Цай уухаас эхлээд бүхнийг утга учир оруулж, түүнийгээ төгс үйлдэх гэж мэрийдэг ард түмэн  гэдэг нь үнэн байх. 

Аргил хийлчин залуугийн маань оркестр тарснаас болж хөгжмийн карьераа дуусгаж төрсөн нутаг руугаа буцаж тэндээ амьдрахаар шийднэ. Тэгээд нутагтаа очоод нэгэн ажилд "маш амархан" орчихсон нь харин оршуулах ёслол үйлдэгчийн ажил байх нь тэр. Ерөнхийдөө өөд болоочийг төрөл төрөгсдийнх нь нүдэн дээр угааж цэвэрлэн, сайхан хувцас өмсгөж, оо энгэсэг тавьж эгээ л амьд юм шиг засаж янзлаад авсанд нь хийж эцсийн замд нь үдэх ажил. Үүнийгээ хийж буй тэр хөдөлгөөнийх нь нягт нямбай, хүндлэл бишрэлтэй, гоёмсгийг хэлэх үү. Биширмээр. 

Залууг тийм ажил хийдгийг мэдээд эхнэр нь хаяаад явна, урьдын танил нь ч дуугарахаа болино. Гэвч тэдгээр хүмүүс түүнийг өнөө "эвгүй" ажлаа хийж байгааг нь хараад эрхгүй биширч, тайвширч, чин сэтгэлээсээ юунд ч юм талархахад хүрнэ.

"Үхэл бол төсгөл биш харин дараагийн амьдралд шилжих үүд хаалга" гэсэн гол санаатай. Тэгээд ер нь оршуулах зан үйл нарийн дэг жаягтай, тодорхой хэлбэр, агуулгатай байхаараа энэ хорвоогоос одож буй хайртай хүнээ эцсийн замд нь талархал, хүндлэлтэйгээр үдэх тэр хэрээр үлдэгсдийн сэтгэлийг тайвшруулж, амирлуулах увидастай байдаг шиг байна. Талархал хүндлэл, итгэл, амьдралын утга учир, хүнийг байгаагаар нь хүлээн авч хайрлах гээд хүний сайн сайхан чанаруудыг энэ киноноос олж харан, тэдгээр нь сэтгэлд дүүрч, эрхгүй уярч, баяссанаа нуугаад яахав. 

Дашрамд дурьдахад энэ гол дүрийн залуугийн байр байдал, зан ааш надад их таалагдсан. Нээх хөөрхөн, хүнийг зовоохгүй гээд өөрийнхөө зовлонгоо бусдад уудлаад байдаггүй дотогшоо, юмыг анхныхаа сэтгэгдлээр айхтар дүгнэж сэжиглэж, хажиглаад хаалт тавьчихдэггүй, юмсыг хүлцэнгүй гэмээр тэр чигээр нь хүлээж авах мөртлөө түүнээсээ өөрийгөө олоод гардаг хүн байна лээ. Үнэхээр хөөрхөн. :)

За тэгээд ийм "сайхан" кино хавь ойрд үзсэн ч юм уу, үгүй ч юм уу. Аан тийм кинон дээр бас чулуун захидлын тухай гардаг юм. Их романтик, сайхан аа. 

Эцэст нь энэхүү киног үзэхийг хүн болгонд чин сэтгэлээсээ санал болгох байна даа. 





2 comments:

  1. үнэхээр сайхан кино шүү,, тэр сүүлд аав дээрээ очидог, дурсамж энэ тэр нь гарахад нулимс дуслахгүй байхийн аргаггүй сэтгэл хөдөлж байналээ,

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм, хэлээд юу гэхэв...

      Delete