Mary and Max 2009 (Animation)


Өнгөрсөн амралтын өдрүүдээр өдөржин шахуу кино үзэж өнжсөн. Тэр явцдаа ийм нэртэй нэгэн хөөрхөн анимэйшн үзлээ. Хайр дурлал, романтик байдал, гэрэл гэгээтэй зураглал, өрнөлтэй үйл явдал гээд миний үзэж дадсан анимэйшн хүүхэлдэйнүүдээс тэс ондоо байсан нь эхлээд үзэж эхлэхэд жаахан тавгүй байсан. Гэвч кино цаашлах тусам Мэригийн өхөөрдөм байдал, 8 настай жаахан охин аутизмтай хижээл насны эр хоёрын нөхөрлөлийн гайхалтай түүх улам бүр хөврөн сэтгэлийг булааж байлаа.


Мэри охин духан дээрээ шээс шиг шар өнгөтэй том мэнгэтэй, ээж нь архичин, аав нь ч гэсэн уруудаж яваа нэгэн. Мэри ангийхаа хүүхдэд дээрэлхүүлнэ, духан дээрх мэнгээрээ гоочлуулна, ямар ч найз нөхөдгүй ганцаардмал охин Австралид амьдарна.
Нөгөө талд  Америкт амьдардаг  Макс гээд орчноос тусгаарлагдах өвчинтэй, ганцаардмал хижээл насны эрийн гунигтай, бүүдгэр, сонирхолгүй гэмээр амьдрал гарна.

Мэри нэг өдөр утасны жагсаалтаас нэр сонгож тэр хүнлүүгээ захидал бичихээр шийдсэн нь Макс байв. Энэ мөчөөс Мэри гэсэн жаахан охин, ганцаардмал, зожиг Макс гэсэн хижээл эрийн нөхөрлөлийн түүх," loser" гэмээр хоёр хүний дотоод ертөнцийн уудлал тэр хоёрын нэгэндээ бичсэн захиануудаар дамжин илэрдэг. Магадгүй гаднаас нь дүгнэхэд хүн "loser" байж болох ч, хүний дотоод ертөнц хэзээ ч "loser" байдаггүй байх.

Мөн би энд бичихээс илүүтэй үзсэн хүн нь өөрөө мэдрэх хөөрхөн мөч, үйл явдал, илэрхийллээр энэ анимэйшн их баялаг. Нэг кино үзсэний дараа нэг тийм сэтгэгдэл хүнд үлддэг дээ, тэгээд тэр киног бодоход яг л тэр сэтгэгдэл хамгийн түрүүнд орж ирдэг, энэ анимейшний хувьд бодохоор "сэтгэл инээмсэглэх" шиг болдог.

Нээрээ энэ хүүхэлдэй хоёр хүний бодит амьдрал дээр тулгуурлаж хийгдсэн юм билээ, австралид байдаг жаахан охин америкт байдаг хижээл эртэй хорин хэдэн жил захиагаар харилцаж нөхөрлөсөн үнэн түүхээс сэдэвлэсэ юм билээ..


Хүүхэлдэйн төгсгөлд Мэри бүр том болоод хүүхэдтэй болчихсон, хорин хэдэн жил тасралтгүй харилцсан Макстай анх удаа уулзах гэж Америкт ирээд гэрт нь орж ирэхэд Макс буйдан дээрээ суугаагаараа өөд болчихсон байдаг. Мэритэй харьцсан бүх захиагаа ханаараа нэг наачихсан, Мэри өөд болсон Максын дэргэд суугаад хүүхэлдэй өндөрлөх мөчид гунигтай мөртлөө сайхан байсаан. Нэг нэгэнтэйгээ уулзаж чадалгүй дуусч байгаа ч энэ хоёрын нөхөрлөл, нэг нэгнийхээ амьдралын үнэ цэнэтэй хүмүүс байсан нь, нэгнийхээ амьдрал хичнээн утга учиртай мөчүүд нэмсэн нь хэзээ ч өөрчлөгдөхгүй дээ гэж бодогдсон. Товчхондоо ойрд үзээгүй үнэхээр сайхан зүйл байлаа. :)

2 comments:

  1. Энэ ёстоой хөөрхөн кино байж билээ... Санаандгүй суваг сольж суугаад тааралдаа, дуустал нь үзсэн...

    ReplyDelete