Up (2009) Animation


"Up" нэртэй анимэйшныг IMDb-ийн шилдэг 250-ийн 103-т явдгийг хараад бага зэрэг гайхаж байсан юм, хэд хэдэн хүн наад анимэйшнээ үзээгүй юм уу гэж хэлж байхтай таарсан юм. Энэнээс ч болсон уу татаж авч байгаад цаг гаргаад тухтай гэгч нь үзлээ, гарсанаас нь хойш 2 жилийн дараа.

Пиксарын өнгөлөг шийдэлтэй, сэтгэлд дулаахан, хөөрхөн дүрслэлүүд эхнээсээ хөвөрлөө. Жаал хүү кино теартр баримтат кино шимтэн үзэж, өмнөд америкийн "Диваажингийн хүрхрээ" хэмээх газраас араатан барих зорилготой адал явдлын эрэлчин залууг бишрэн шүтнэ. Хүүхдийн гайхан биширсэн, дурласан зүйлдээ өөр зүйлс багтаах зайгүй бүхнээ зориулдаг чин сэтгэл гээд хүүхдийн сайхан бүхэн жаахан, пондгор хүүгийн байр байдлаас илэрхий. Өнөөх адал явдлын эрэлчний гол уриа "Adventure is out there". Энэ өгүүлбэр хожим кионын гол тайлал болох нь ойлгогдоход хичнээн сэтгэл уярмаар. Жаал хүү киноноос тарж яваад нэгэн охинтой тааралдана, бас л өхөөрдөм, мөрөөдөл, хүслээр дүүрэн, өнөөх жаалтай адил адал явдлын эрэлчинг бишрэн шүтдэг, тэр хоёрын гол ялгаа нь охин их яриа, хүү харин ичингүйрсэндээ тун дуугүй. Охин хүүд өөрийнхөө хамгийн том нууц болох "адал явдлын ном"-оо үзүүлнэ. Диваажингийн хүрхрээний дэргэд байшингаа босгоод, адал явдлаар дүүрэн амьдрах үедээ тэрхүү номнуудаа зургаар дүүргэх мөрөөдөлтэй юм.


Киног хоёр жаалын нөхөрлөл эсвэл хайр дурлал, зүггүйтэлийн тухай юм уу гэж бодож суутал өнөө хоёр чинь том болоод гэрлэж, өөрсдийн гэсэн байшинтай болж, хүүхэдтэй болж чадахгүй ч жаргалтай сайхан амьдрач, хамтдаа өтөлж, эхнэр нь өвчнөөр өөд болно. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн жаахан охин хүний эхнэр болж, хүсэл мөрөөдөл, адал явдлаар зүрх нь оволзож байсан жаал хүү хүний нөхөр болж гэр бүл болоод завгүй амьдрах зуураа мөрөөдлөө л даанч биелүүлж чадсангүй. Өнөө жаал ганцаардмал, зожиг хөгшин өвгөн болжээ, түүнд байгаа хамгийн үнэтэй зүйл нь сайхан дурсамжууд, дурсамжийг нь хадгалсан байшин, эхнэрийнх нь эд зүйл. Гэвч өвгөн нэг л өдөр асрамжийн газар очихоос аргагүй байдалд хүрнэ, яг төр мөчид байншингаа хэдэн мянган агаарын бөмбөлгөөс дүүжлээд "Диваажинйгийн хүрхрээ"-ний зүг нисэн одно. Хайртай эхнэр нь өөд болсон, одоо түүнд алдах зүйл байхгүй, насныхаа эцэст ядаж мөрөөдлөө биелүүлээд үхэхийг хүснэ. Байшинтайгаа нисэж явахдаа ганцаараа биш ээ ойлгоно, хаалгыг нь тогшоод тусламж хэрэгтэй юу гэж шулганаж залхаагаад байсан бяцхан хүү байншингийн хонгилд нь нуугдаж байсныг мэднэ.


Гэнэт цахилгаан цахиж, шуурганд хийссээр байшин нь яг өнөөх "Диваажингийн хүрхрээ" дээр ирж таардаг. 

Өвгөн, хүү хоёр тэнд буугаад нэг өндөр, өнгөлөг шувуутай таарч, хүү жаахан хүүхдийн зангаар шувуутай дотносож, дагуулаад явдаг. Өвгөн агаарын бөмбөлөгт дүүжлэгдсэн байшингаа биеэсээ уяад эхнэртэйгээ хамт мөрөөддөг байсан шигээ хүрхрээний яг дээд талд байшингаа байрлуулаад тэндээ үлдсэн насаа өнгөрүүлэх насныхаа мөрөөдлийг биелүүлэхийг хүснэ. Тэгж яваад өвгөний багийнх нь шүтээн болсон адал явдлын хайгуулчинтайгаа таарна. Эндээс л киноны гол утга учрууд хөврөнө. Өнөө адал явдлын эрэлчин нь "араатан" барих зорилготоо хүрэхээс нааш тэндээс явахгүй гэж тангараглаад, насныхаа ихэнхийг зориулж барих гэж араас нь улайрч байгаа араатан нь хүүгийн найз "шувуу" болж таарна. Өнөө хүн ч хүү, өвгөн хоёрыг мөрдөж байгаад шувуугаа барина, өвгөн хүүгийн шувууг аврах уу, байшингаа авч үлдэх үү гэсэн сонголтоос өөрийн дурсамж, мөрөөдлөө илүүд үздэг. Хүү өвгөнийг юу ч хийлгүй байж байгаад хайртай шувууг нь дайсанд өгөөд явуулчихлаа гэж буруутгана. Өвгөн хүссэнээрээ хүрхрээнийхээ дээр байшингаа байрлуулаад түшлэгтэй сандал дээрээ тухлан суусан боловч нэг л зүйл дутуу. Эхнэрийнхээ "адал явдлын номыг" дэлгэж үзнэ. Хуудас нэг бүрээр нь эргүүлээд, багадаа мөрөөдөж, хорхойсч цуглуулж байсан зураг, мэдээлэл, сонины хайчилбарууд дүүрэн, адал явдлын төлөвлөгөө гэсэн гарчигтай хуудаснууд хоосон байгаа даа гэж бодоод урамгүйхэн хаах гэтэл...нэг зураг байв. Тэр хоёрын  хуримын зураг, инээлдэж, тэврэлдэж, төрсөн өдрөө хоёулахнаа тэмдэглэж, тагтаа хооллож, салхилж, машинаар зугаалж, өвгөн эмгэн болчихоод нэгнээ тэврээд инээлдэж, хамтдаа хооллож байгаа зургууд наалттай байх нь тэр. Тэр хоёрын амьдралын хамгийн энгийн сайхан мөчүүд. Төгсгөлийн хуудсанд нь "Надтай хуваалцсан адал явдалд чинь баярлалаа. Одоо шинэ адал явдалтай учраарай" гэсэн эхнэрийнх нь зурвас байна. 

Энэ л мөч киноны утга учир юм уу даа. Эхнэрийнх нь хувьд "Adventure is out there" биш, нөхөртэйгөө өнгөрүүлсэн энгийн жаргалтай амьдрал дунд л байсан. Тэр л мөчид мөрөөдөж хүсдэг байсан адал явдал нь холын холд биш хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн жирийн амьдрал дунд нь байсныг, харин насаараа тийм болохсон гэж хүсдэг байсан бага насных нь шүтээн болсон адав явдлын эрэлчин нь үнэндээ гэмгүй шувууг "барих" гэж бүх амьдралаа үрсэн нэгэн болохыг ухаарна. Энэ эсрэг тэсрэг байдал үзэж байгаа хүнд энгийн зүйлээс сайхныг олж харах, уйтгартай, нэг хэвийн гэгдэх өдөр хоногууд дунд жинхэнэ адал явдал чимээгүйхэн шургалсан байдаг гэсэн киноны гол санааг сэтгэл хөдөлмөөр мэдрүүлнэ. Өвгөн хэдийн шинэ адал явдал болох дотны хүнтэй болсоноо ойлгоно: тэр нь хүү. Хайртай шувуугаа аврах гээд ганцаараа явсан жаалын хойноос өвгөн хүрч очоод хамтдаа шувууг аврах явцдаа бөмбөлгөнд дүүжлэгдсэн байшингаа алдана. Хамаг сайхан дурсамж нь шингэсэн гэж үхэн хатан зууралддаг байсан, өөрөөс аажуухнаар холдон одох байшингаа харж зогсонгоо "тэр чинь ердөө л нэг байшин" гэж хэлдэг. Байшин байхгүй байсан ч хамгийн эрхэм нандин дурсамжууд нь түүний дотор хадгалагдаж байгаа гэдгийг ойлгожээ. Өвгөн, хүү хоёр төрөлх хотдоо иргээд ирсэн, өвгөний "шинэ адал явдлын ном"-нд хүүтэй өнгөрүүлж буй хөгжилтэй мөчүүдийн зургууд нэмэгдсээр...:)

2 comments:

  1. миний уйлдаг хэдэн хэсэг байдаг.
    1, Цонхоо арчдаг хэсэг нь... урьд нь гаднаас нь түүний эмэгтэй арчдаг байсан. харин тэр одоо ганцаар дотроос нь арчин зогсдог богинохон хэсэг

    2,Хүүхэддээ зориулаад тохижуулсан хэсгээ өөрчилдөг хэсэг. ямар их сэтгэлийн тэнхээ байсан бол. Зүрх яаж цохилж байсан бол

    3, Дурсамжийн тэр дэвтэрээ үзэх хэсэг. Мөрөөдөл нь биелэсэн байхийг анзааралгүй өөр зүйлийг бодсоор явснийгаа мэдэх тэр л үе.

    жигүүр

    ReplyDelete
  2. Тэр хэсгүүд үнэхээр тийм шүү,сэтгэл хөдлөмөөр, уйлмаар. Тэр цонх арчдаг хэсэг ч бас.

    ReplyDelete