"Интоор цэцэглэх үеэрх" "Яруу найраг"





Жич: надад гэнэт нэгэн мэргэн санаа төрлөө, санаа гэхээсээ илүүтэй сониуч төсөөлөл буусан гэх үү дээ. Хэн нэг нь миний блогийн энэ бичлэгийг уншаад доорх хоёр киног нэг өдөр дараалуулаад үзвэл яах бол гэж төсөөлсөн хэрэг л дээ. Магад тэр хүн ийм хоёр "..." киног нэг өдөрт олж үзсэн хамгийн азтай хүн эсвэл өдөржин сэтгэл нь үймэрч, өвдсөн азгүй нэгэн болно байх. Тэгээд хэрэв би ингэж үзсэн бол яах байсан бол гэж бодлоо, хэлж мэдэхгүй нь ээ. 
"Яруу найраг" хэмээх киног би хэдэн сарын өмнө үзсэн, тэгээд фб-дээ ийнхүү бичсэнээ блогтоо хуулаад тавьсан хэрэг. Одоо бол миний "амины" кинонуудын нэг. Нэр нь хүртэл надад онцгой дотно санагддаг. 
"Интоор цэцэглэх үеэр" хэмээх энэ киног харин би хэдхэн хоногийн өмнө үзсэн. Японы соёл, уламжлалд бишрэнгүй ханддаг хүний хувьд надад бүр ч их таалагдсан нь, сэтгэлд ойр байсан нь ойлгомжтой. Мөн Butoh хэмээх япон бүжиг маш их сонирхол татсан, япон орондоо бүр л дуртай болсон. 

Энэ хоёр кинонд нэг адил төстэй тал бий. "Яруу найраг" киноны гол дүр нь ахимаг насны эмэгтэй, алцхаймер өвчний эхний шатанд байгаагаа мэддэг, "Интоор цэцэглэх үеэр" киноны гол дүр нь ахимаг насны эрэгтэй, хорд хавдартай болдог боловч тэрийгээ мэддэггүй. Насны эрхээр хөгширч, хүнд өвчин тусч, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг түүнтэй нь зэрэгцээд амьдралд нь эргэлт гархуйц хүнд зовлон, хагацал тохиолдож буй хөгшчүүл, түүндээ хариу үйлдэл үзүүлж, даван гарах гэсэн оролдлогууд. Түүнээс биш хоорондоо төсгүй, хоёр өөр соёл, ондоо дүр зураг, нэг нь Солонгос, нөгөө нь Герман кино.

Би боддог юм, цагаа тулахаар хүн бүр л "өрөвдөлтэй" байдаг гэж. Гэвч надад хөгшчүүл яагаад ч юм цаана л нэг өрөвдөлтэй санагдаад байдаг юм. Тэгээд энэ "эмээ", "өвөө" хоёрын дэлгэцэнд хүүрнэсэн сэтгэл өвдмөөр, гэвч сэтгэл өвдөхийн хэрээр амьдралыг хайрлах, хүнийг ойлгох мэдрэмж дотор төрүүлэх ийм нэгэн түүхүүд.

Интоор цэцэглэх үеэр (Cherry Blossoms) 2008



Хүүхдүүд нь том болоод тусдаа гараад явчихсан учраас эхнэртэйгээ хоёулханаа Германы нэгэн жижиг хотод амьдрах хижээл насны эр. Нэгэн хэвийн, хэвшмэл амьдралтай, өдөрт заавал нэг алим идэж байх нь эрүүл мэндэд дустай гэж үздэг нэгэн.  Тэгтэл хорт хавдартай болсон нь илэрхий болно, гэвч түүнийг нь ганц эхнэр нь олж мэдээд түүнээс нууж хүүхдүүдээ утсаар боловч хэлэх гэсэн ч чадалгүй дотроо л шаналж, үлдсэн цагт нь нөхөртэйгээ хамт аль болох жаргалтай, сайхан байхыг хичээнэ. Тэгээд нөхрөө шалсаар байгаад хүүхдүүдийнхээ байгаа хотруу явж, тэдэнтэйгээ уулзахын зэрэгцээ далайн эрэг дээрх амралтанд амрана. Өөрийгөө удахгүй болсныг гадарлаа ч үгүй хижээл эр үүнд нь бараг төвөгшөөсөн янзтай хандаж, хурдхан гэрлүүгээ буцья гэж эхнэрээ шавдуулаад л. Тэгээд амралтнаас явах тийшээ хандаж байсан нэгэн өглөө сэртэл цоо эрүүл байсан эхнэр нь өөд болчихсон байх нь тэр. 

Тэр хоёр хөгшний нэг хүү нь Японд амьдардаг юм л даа. Эхнэр нь амьд ахуйдаа байнга л япон руу хүү дээрээ очьё гэж нөхрөө шалдаг, мөн японы Butoh хэмээх бүжигт дуртай, тийм бүжигчин болж японд амьдрахыг, фүжи уулыг дэргэдээс нь харах мөрөөдөлтэй байсан юм. 

Эхнэрээ алдсандаа шаналж харууссан, эхнэрээ амьд байхад нь тэр гуйлтыг нь зөвшөөрөөгүйдээ харамссан нөхөр Японд хүү дээрээ очно. Тэгээд л гадуур хувцасныхаа дотоор эхнэрийнхээ хувцсыг өмсчихөөд л токиогийн гудамжаар хэснэ, эхнэртээ л японыг үзүүлж байгаа нь тэр. :(

Тэгж яваад японы алдартай цэцэрлэгт хүрээлэнд интоорын модны дор Butoh бүжиг хийж байгаа өсвөр насны охинтой таардаг юм. Эрс тэс хоёр өөр соёлоос ирсэн, англи хэл хальт хулт гадарлах, хөгшин, залуу хоёр. Яагаад ч ойлголцохгүй дээ гэж бодмоор хоёр хүн тэгтэл ямар гайхалтай ойлголцож, дотносоно гээч. Хижээл насны эр, өсвөр насны охин хоёрын харилцаа нь бүр сэтгэл уярмаар, охин нь ч их хөөрхөн охин. Ойлголцолд гэдэг зүйлд ер нь хэл ус, нас хүйс хамаагүй байдаг бололтой. Эцэстээ өнөө хүн хүүгийнхээсээ яваад нөгөө охинтойгоо цуг Фүжи уул руу аялалд гарна. Киноны төгсгөлийг бичих хэрэггүй гэж бодлоо. Үнэхээр нэг тийм...







 Яруу найраг (Poetry) 2010

"Яруу найраг" нэртэй кино. Нэр нь энэ киног үзэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Харин үзээд үнэхээр их "өвдлөө". Ганган хувцасладаг, нүүрэнд нь инээд тодрох 60 орчим насны хижээл эмэгтэй ач хүүтэйгээ амьдарч, саажсан өвгөнийг асардаг ажилхийдэг. Нэг өдөр шүлэг бичих дугуйланд бүртгүүлж элсэнэ. "Яруу найрагчид бол зүрхэндээ цэцэг тээдэг хүмүүс", "хүн болгоны зүрхэнд шүлэг байдаг түүнийгээ нээж, жигүүр ургуулан нисгэх хэрэгтэй", "яруу найраг бол юмсын гоо сайхныг олж харах явдал" гэж дугуйлангийн багш нь хэлнэ. Дугуйлан 1 сар үргэлжлэх бөгөөд төгсөхдөө хүн бүр 1 шүлэг бичих ёстой юм. 



Өнөөх эмэгтэй маань энгийн амьдралаасаа юмсын гоо сайхныг олж харах гэж хичээнэ, моддыг, цэцэгсийг ажиглана. Амьдралын гоо сайхныг ажиглаж нээх энэ явцад нь амьдралын муу муухай харин зай тавьж өгсөнгүй. Ач хүү нь ангийхаа 5 хүүтэй нийлээд сургуулийнхаа нэгэн охиныг хүчинддэг байснаас болоод өнөөх охин нь амиа хорлосныг олж мэднэ.



Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд мөнгө нийлүүлж, хохирогчийн ээжид өгч амийг нь таглаж, хэргийг дарахыг оролдоно. Удалгүй өөрийгөө алцхаймерын эхний шатанд байгаагаа мэднэ. Энэ нөхцөл байдалд юмсын гоо сайхныг олж харан шүлэг бичнэ гэдэг нэг л болж өгөхгүй. Мөнгө ч олдож өгөхгүй. Ач хүүдээ ч зэмлэх нэг ч үг хэлэхгүй. Гэвч шүлгийн дугуйлангаа төгсөхдөө тэрээр нэг шүлэг бичиж багшдаа үлдээчихээд хаашаа ч юм явсан байна. Кино ч ингээд төгсөнө. Төгсгөлд өнөөх эмэгтэйн бичсэн шүлэг уншигдахад сэтгэл үнэнхээр өвдлөө. Ганц тэр шүлгэнд, төгсгөлд нь киноны бүх хүч байсан юм биш ээ, кино бүхэлдээ тийм байсан. 

12 comments:

  1. Хоёуланг нь үзчихэж... Ай, би мундаг киночин болж байгаа юм байна шүү...

    ReplyDelete
  2. Хэхэ. За тийм байх нь. Тэгвэл яруу найраг гэдэг киног нь орчуулах даалгавар өглөө шүү, Баясаа. Би өнөөхийг нь орчуулья. Тэгээд хоёулаа нэг газар киногоо гаргах уу? хэхэхэхэх

    ReplyDelete
    Replies
    1. Тэр кинон дотор чинь зөндөө олон шүлэг байдаг ш дээ... Энэ их зальтайййййй.... Шүлэгтэй киног нь надад өгч байна... хэхэ...

      Гэхдээ би энэ өвгөн, охин хоёртой киног нь зурагт үздэг байхдаа Монголын нэг сувгаар, монгол хэлээр үзсэн ш дээ...

      Delete
    2. Хэхэхэ, тэгнэ шдээ. Монголоор өмнө нь орчуулагдаж гарсан нь хамаагүй ээ, гол нь хоёулаа орчуулаад нэг газар, нэг өдөр дараалуулж гаргах байхгүй юу даа. Сүртэй байгаа биз дээ. хэхэ. Намайг ямар зальтайг чи мэдэн дээ, хихи.

      Delete
  3. hehe... Bi ch geriin daalgavart tun hoirgo hun dee... Gehdee chamaig helsen bolohoor orchuulah geed zuiy dee... kkk

    ReplyDelete
  4. За ёстой их баярлалаа, найздаа. хэхэ.

    ReplyDelete
  5. Sain batsgaana uu?

    Ta 2 kino orchuulah tuhai yariag unshaad uuniig bichij bna. Outsource-r kinonii orchuulga hiih bolomjtoi hun baina uu? Manai company gereegeer kino orchuuluulah sonirholtoi hun haij bna. 88100526 utsaar holbogdooroi.

    ReplyDelete
  6. ene kinog ter negen odor zanadu art deer uzcheed eniig l kino geh bh daa gesn setgdel torj bilee teruuhen tuhaid

    ReplyDelete
  7. Амжиж амьдрахын тод жишээ болсон кинонууд.

    ReplyDelete
  8. та2 тэгээд хаана гаргасан бэ киногоо үзмээр байна

    ReplyDelete